ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тус улсын бизнесийн төлөөлөл бараалхлаа. Уул уурхайн зөвлөгөө, олборлолтын DMT компани, хөрөнгө оруулалтын зөвлөгөө үйлчилгээний “Вийзэ” консалтинг компани, сэргээгдэх эрчим хүчний WPD компанийн удирдлагууд Ерөнхий сайдтай тус тус уулзсан юм.
WPD компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд 120 мВт-ын салхин парк байгуулахаар ажиллаж байна. Ирэх оны гуравдугаар сард барилгын ажил нь эхлэх гэж буйг танилцуулж, Ерөнхий сайд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Эдгээр уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, хөрөнгө оруулалт татах асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Германы бизнесийн төлөөлөлтэй уулзсан эдгээр уулзалтад Эдийн засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа нар оролцлоо.