Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Адьшаа "Нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг нэн даруй үнэлнэ гэж байна. Хэн, юуг үндэслэж үнэлэх юм" гэв.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Мэдээлэл өгч буй иргэдийг хамгаалах ёстой юм байна, магадгүй гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэсний дараа улсад торгуулийн, хууль бусаар олсон хөрөнгийн орлогыг хурааснаас тодорхой хэмжээний урамшууллыг олгох асуудлыг шийдэж орж ирсэн. Хэмжээний хувьд, 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл олгож болох хууль эрх зүйн орчныг тусгаад байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Төлбөртэй мэдээлэл авах журам байдаг уу. Хэрэгжилт нь ямар байдаг вэ. Шүгэл үлээгчийн хууль батлагдсанаар сөрөг үр дагавар гарах уу. Өс хонзонгийн сэдэлтэйгээр маш их хэмжээний мэдээлэл өгнө. Үүнийг шалгах боломж байна уу. АТГ-т очсон гомдлын хэдэн хувь нь гэмт хэргийн шинжтэй байдаг вэ. Одоо энэ тоо маш их хэмжээгээр нэмэгдэнэ.
Энэ асуудлыг бүлгийн хурлаар оруулахгүйгээр шууд явуулах юм уу. Энэ хуульд авах заалт ч байна. Авахгүй ч заалт байна" гэлээ.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Төлбөртэйгээр гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг авдаг журам бий. Ер нь иймэрхүү чиглэлийн мэдээллийг мэдээлэгчээс худалдан авахад Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 6 хуулийн зохицуулалт үйлчилж ирсэн. Цаашдаа авлига, ашиг сонирхлын болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн мэдээлэл, нийтийн эрүүл мэндийн чиглэлийн мэдээллийг авахдаа шууд мөнгөн урамшуулал олгохгүй. Тухайн хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа үнэхээр бодитойгоор хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд мөнгөн дүнгийн урамшуулал олгоно" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Авлигатай тэмцэх гээд байгааг нь ойлгож байгаа. Авилга бол нууж авдаг хулгай. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байгаа гээд маш олон хуурамч мэдээлэгчдийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдал, өшөө авах аль эсвэл шантааж хийдэг байдал руу орчих вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухайн хуулиа гаргаж ирээгүй байгаа шүү дээ. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байгаа. Ийм үед мэдээлэгч буюу "матаачин"-г мөнгөн урамшуулал олгож, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснийх нь төлөө түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хэрэгт татахгүй байх байдлаар явах бидэнд хэрэгтэй юу. Бусад хуультайгаа уялдах уу гэдгийг та бүхэн бодсон уу" гэв.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Одоогийн зарим хууль эрх зүйн зохицуулалт байгаа. Мэдээлэл гаргаж байгаа этгээдийг эрх зүйн байдал, мэдээлэл гаргасных нь төлөө өс хонзон, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх талаас нь авч үзсэн. Мэдээлэл гаргачихаад тодорхой хэмжээнд эрх зүйн хамгаалалт байдаггүй учраас айдаст автдаг гэх зүйл байгаа учраас хууль эрх зүй нь байгаа. Мэдээлэл гаргагч тодорхой эзэн биетэй этгээд байх ёстой. Нотлох баримтууд байх ёстой. Ингэж байж шүгэл үлээсэн байж болно. Тэрнээс биш цахимаар хэн нэг этгээд юм ярьсаны төлөө шүгэл үлээсэн гэхгүй" гэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Шүгэл үлээгч, мэдээлэгч нарыг хууль эрх зүйн орчинд нь хэрхэн хамгаалах вэ" гэлээ.
ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Мэдээлэл гаргачихаад тодорхой хэмжээнд эрх зүйн хамгаалалт байдаггүй учраас айдаст автдаг гэх зүйл байгаа учраас хууль эрх зүй нь байгаа. Мэдээлэл гаргагч тодорхой эзэн биетэй этгээд байх ёстой. Нотлох баримтууд байх ёстой. Ингэж байж шүгэл үлээсэн байж болно. Тэрнээс биш цахимаар хэн нэг этгээд юм ярьсаны төлөө шүгэл үлээсэн гэхгүй. Хуулийн төсөлд заагдсан харилцаанд АТГ, прокурор, ШӨХТГ мэдээлэл гаргаад тэр нь баримттай байвал цаашид энэ харилцаанд оруулж, аль аль талынх нь зохицуулалтыг баланстай байлгахыг хичээж байгаа" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Мөнгөөр шүгэл үлээлгүүлдэг болъё гэдэг үзэл санаатай хуулийг хэлэлцэж байна. Ард иргэдийн ихэнх нь шударга бусын зүрх сэтгэлтэй учраас шүгэл үлээгээд байгаа юм. Мөнгө олох зорилгоор шүгэл үлээдэг. Шантаажны байдлаар шүгэл үлээдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Би бас шүгэл үлээгчийн нэг. Гэхдээ мөнгө олох зорилгоор үлээдэггүй.
Төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлыг шүгэл үлээх хуульд оруулж өгөх ёстой. "Глоб"-ын хийсэн судалгаа байсан байхаа. Төрийн болон албаны нууцтай холбоотой хууль батлагдсанаар албаны нууцын тоо төрийн байгууллагууд дээр 10 дахин нэмэгдсэн. Төрийнхөн дуртай зүйлээ албаны нууц гээд дарчихаж байна. Тэгээд бүх юмаа нууцалж, хулгай хийж байна. Тэгээд тухайн байгууллагаас цалин хөлс, бүтэц зэргийг асуухаар төрийн нууцтай гээд хааж байна. Би тэрийг нь гаргачихаар эрүүгийн хуулиар хорих ял авах болчихоод байна. Тэгээд ярьж чадахгүй. Энэ нь ард түмэндээ мэдүүлэх эрхийг хүртэл хааж байна. Нууц гэж дарж байгаа тамганы цаана хулгай явагдаж байна. Тиймээс шүгэл үлээх хуулийг нууцалж байгаа зүйл дээр ашиглах ёстой. Хэрэв нууцалж байгаа зүйл дээр ашиглахгүй бол энэ хууль гарах ёсгүй. Ил байгаа зүйлд шүгэл үлээнэ гэж юу байдаг юм. Тэгвэл бүгд л үлээнэ. Үүнийг урамшуулаад яах юм. Түрүүлж мэдээлсэнийг нь урамшуулах юм уу. Түүнийг нь дамжуулсан хэвлэлийг нь урамшуулах юмуу. Сүүлдээ олзоо булаацалдана шд. Энэ бол утгагүй зүйл. Тиймээс нууцлаад байгаа зүйл дээрээ л шүгэл үлээгчийн тухай хуулийг ашигламаар байна" хэмээлээ.