УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв.
Боловсролын сайд П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна. Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна. Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд 7 аймаг, 2 дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна.
Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: төрийн албан хаагчийг захиалгаар суралцуулж, чадавхжуулах бодлогын хэрэгжилт, нэн хэрэгцээтэй байгаа багш болон эрэлттэй бусад мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд Боловсролын зээлийн сангаас 2024 онд зарцуулсан төсөв болон тус сангийн санхүүжилтэд хамрагдахад баримталж буй бодлого болон зээлийн сангийн сонгон шалгаруулалтын явцыг цахимжуулах үйл ажиллагааны хэрэгжилт ямар байгаа талаар асуужээ. Дээрх асуултад сайд П.Наранбаяр хариулахдаа, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд 2024 онд 4728 суралцагчид 9.6 тэрбум төгрөг, багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт 2.0 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Дотоодын сургалтын байгууллагад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжпээр суралцагчдыг дэмжих зорилгоор 5208 суралцагчид 10.6 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийн босго оноог 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэв. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч ажиллангаа сурах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал танилцууллаа.
Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар тогтоолын төсөлд санал оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Энэхүү тогтоолын биелэлтийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгожээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар тус тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!