Засгийн газраас ирэх 2023 оны төсвийг дагалдах хуулиудын хамт өргөн барьсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн өргөн барьсан 2023 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төсвөөс сүүлийн 13 жилийн хугацаанд Ерөнхий сайд болон Сангийн сайд нарын төсвөөс тойрогтоо олгосон санхүүгийн дэмжлэгийг хүргэж байна.
Н.Алтанхуягын Засгийн газрын боловсруулсан төсвөөс түүний нутаг болох Увс аймагт 2013, 2014 онуудад буюу 2 жилийн хугацаанд 21.3 тэрбум төгрөг олгожээ. Энэ дэмжлэг нь 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын баталсан төсөвт Увс аймагт олгосон төсвийн дэмжлэгээс 6 тэрбумаар их байгаа юм. 2012 онд Увс аймагт ердөө 4.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг орон нутгийн хөгжлийн санд нь олгож байжээ. Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь 2016 онд Увс аймагаас УИХ-д нэр дэвшсэн боловч сонгогдоогүй билээ.
Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015, 2016 онд Улсын төсвийг боловсруулсан байдаг. Гэвч Ч.Сайханбилэг нь тухайн үед тойрогт нэр дэвшиж сонгогдоогүй. Жагсаалтаар УИХ-д сонгогдож, улмаар Ерөнхий сайдын суудалд суусан учир тойргийн төсөвт төдийлөн анхаараагүй нь ажиглагдаж байгаа юм.
Ч.Сайханбилэгийн дараа Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны төсвийг батлахдаа Сэлэнгэ аймагт 8.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Түүний дараагаар Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017-2022 онуудад буюу 5 жилийн хугацаанд төсөв батлахдаа Хэнтий аймагт нийт 55.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төсвөөс олгожээ. Мөн тус жил тус бүрийнх нь дүн өсөлттэй байсан бөгөөд эхний жилээсээ огт буураагүй байгаа нь графикаас ашиглагдаж байна.
Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 оны төсвийг баталж, ирэх 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд 2022 онд өөрийн сонгогдсон Хэнтий аймагт 11.8 тэрбум төгрөгийн санхүүгийн орлого өгсөн бол ирэх оны төсвийн төсөлд 21.5 тэрбум төгрөг болгон өсгөж, төсвийн тухай хуульд тусгажээ. Ингэснээр нийт 33.3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор байна.
Н.Алтанхуягын Засгийн газрын үед Сүхбаатар аймгаас сонгогдсон Ч.Улаан Сангийн сайдаар ажиллаж 2013, 2014 оны төсвийг боловсруулсан. Тэрбээр тус онуудад Сүхбаатар аймагт 2 жилийн хугацаанд 15.3 тэрбум төгрөг олгожээ. 2012 онд тус аймагт төсвийн дэмжлэг олгож байгаагүй байна.
Харин 2015 онд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж тус аймагт 5.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. 2014 оноос энэ дүн нь 1.1 тэрбум төгрөгөөр илүү байна. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд тойрогтоо нэг тэрбум төгрөгийн дэмжлэг нэмсэн гэсэн ү юм.
Түүний дараа 2015-2016 онд Архангай аймгаас сонгогдсон Б.Болор Сангийн сайдаар ажиллаж тус оны улсын төсвийг боловсруулсан байдаг. Улмаар 2016 онд Архангай аймагт 13 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төсвөөс олгожээ.
Түүний дараагаар Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газарын үед буюу 2017-2022 онуудад Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайдаар ажилласан. Тэрбээр, Увс аймгаас сонгогдож 5 жилийн хугацаанд төсөв боловсруулахдаа нийт 87.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тойрогтоо төсвөөс олгожээ. Энэ 2016 онд 11 тэрбумын дэмжлэгтэй байсан Увс аймгийн орон нутгийн хөгжлийн санг тогтмол өсгөсөөр 2020 онд дабльдаж 24 тэрбум болгосон байна.
Одоогийн Сангийн сайд Б.Жавхлан нь Дархан-Уул аймгаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Дархан-Уул аймгийн хувьд Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөн хэдэн аймгийн нэг билээ. Тийм ч учраас төсвөөс дэмжлэг авдаггүй. Гэвч ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар нийт хөрөнгө оруулалтаараа бусад 21 аймгаасаа 5-д эрэмбэлэгдэж буй. Тодруулбал, 39-н төсөлд 90 тэрбум төгргийн санхүүжилт олгохоор төлөвлөөд буй.