УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бодитоор дэлгэн харууллаа. Түүнчлэн Төсвийн холбогдолтой хуулиуд, ялангуяа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагууд биелэгдэхээ больсон зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засагт 13 хямрал нүүрлээд буйг илэрхийлсэн байна.
Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Ханшны өсөлт, ард түмний амьдрал, төр засгийн бялуурсан байдлыг эндээс харж болно. Ард түмний хувьд өдөр бүр хар нулимс урсаж, харин эрх баригчдын хувьд өдөр бүр цагаан сар болж байна. Ээлжит бус чуулганаар эрх баригчид өөрийн хэдэн хүүхэлдэй нараа, ялангуяа манай намын нөхдүүдийг худалдаж аваад энэ нөхцөл байдлыг бий болгосон. УИХ нь УИХ биш болчихлоо. Засгийн газар нь 30, 40 сайдтай болчихлоо. Гэтэл ард түмний амьдрал ямар байна. Өргөсөн тангарагтаа үнэнч бус их хурал байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ынхан ЖАН-гийнхан нийлж, Монгол Улсын эдийн засгийг унагалаа. АН-ынхан сөрөг хүчний эсрэг ч дуугарч чадахгүй байна. Тиймээс би үүний эсрэг ажиллаж эхэлнэ" гэлээ.