Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах асуудал сүүлийн өдрүүдэд яригдаж эхэллээ. Өмнө нь ч бас том мөнгөн дэвсгэрт буюу 50 мянга, 100 мянгатын дэвсгэртийг гаргах асуудал яригдаж, Монголбанкнаас судалж байсан удаатай.
Манай улсын хувьд хамгийн сүүлд 2006 онд одоо байгаа хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлж байсан бол өнөөдөр бодит үнэлэмж нь ердөө 5960 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Тиймээс иргэдийн дунд том мөнгөн дэвсгэртийг гаргах эсэх нь зөв, буруу гэх мэтгэлцээн хэдийнээ өрнүүлээд амжив. Тэгвэл бид том мөнгөн дэвсгэрт гаргах нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Инфляцийн түвшин нэмэгдэж, төгрөгийн ханш өдөр ирэх тусам унасаар байна. Яг энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах нь хэр зөв бэ?
-Манай улсын инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 14,4 хувьтай байна. Удахгүй 20 хувьд хүрэхийг үгүйсгэхгүй. Яг ийм нөхцөлд байгаа аль ч улс орон том мөнгөн дэвсгэрт гаргах талаар ярилцаж эхэлдэг. Гэвч зөвхөн инфляцаас хамаарч том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэх шаардлага байдаггүй.
Том мөнгөн дэвсгэрт гарснаар хэд хэдэн сөрөг эффект үүсдэг. Үүний нэг нь хэрэглэгчдийн хүлээлт сөрөг болж эхэлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх юм байна үүнийгээ дагаад бусад зүйлийн үнэ ч нэмэгдэх юм байна гэх сөрөг хүлээлттэй болдог. Гэтэл энэ нь цаашлаад инфляцаа хөөрөгдөх үндсэн шалтгаан болдог.
Харин бас нэг нөлөө нь төгрөгийн ханш унаж байгаа учир иргэд төгрөгөө гадаад валют руу шилжүүлж эхэлдэг. Энэ нь зах зээл дээр эргэлдэх хөрөнгө оруулалт багасах, төгрөгийн эргэлт болон, валютын ханшид ч сөргөөр нөлөөлдөг. Тийм учир яг ийм нөхцөл байдалтай үед том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах шаардлага байхгүй гэж бодож байна.
-Та сая өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өснө улмаар инфляцийг ч хөөрөгдүүлдэг гэж хэллээ. Тэгвэл яг бодит байдал дээр том мөнгөн дэвсгэрт гарснаар аливаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Аль ч улс мөнгөн дэвсгэртээ томрууллаа гэхэд инфляцийн хөөрөгдөл үүсч, мөнгөн дэвсгэртийн худалдан авах чадвар буурдаг. Тийм учир энэ зарчим ч манайд нөлөөлнө.
-Том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарч эхлэхэд бага дүнтэй мөнгөн дэвсгэртүүд хэрэглээнээс гарч эхэлдэг шүү дээ. Тиймээс 50 мянгат, 100 мянгатын дэвсгэртүүд гүйлгээнд гарлаа гэхэд мөн адил бага мөнгөн дэвсгэртүүддээ нөлөөлөх үү?
-Тийм. Яг өнөөдрийн нөхцөл байдалд бага дүнтэй мөнгөн дэвсгэртүүдийн хэрэглээ харьцангуй багассан. Гэтэл мөнгөн дэвсгэрт хэвлэх өртөг нь жижиг мөнгөн дэвсгэртээсээ илүү үнэтэй байдаг. Тийм учраас өндөр өртөгтэй хэвлэгдэж байгаа бага мөнгөн дэвсгэртүүдийн талаар ярих нь том мөнгөн дэвсгэрт гаргахаас илүү чухал байх.
Жишээлбэл, тавин мянган төгрөгийн дэвсгэрт гарлаа гэхэд мянгат, таван мянгатын дэвсгэртүүдийн хэрэглээ улам л багасна. Үүний үр дүн нь автоматаар валютын ханш болон инфляци өсч эхэлнэ. Бүр 50, 100 төгрөг хэрэглээнээс хумигдана гэсэн үг.
Түүнээс гадна сүүлийн жилүүдэд бэлэн мөнгөний хэрэглээнээс илүү цахим мөнгөн дэвсгэрт хэрэглээнд шилжсэн. Иргэд бэлэн мөнгөөр худалдан авалт, гүйлгээ хийх нь багасч, ихэвчлэн цахим тооцоог ашигладаг болсон. Тийм учир мөнгөн дэвсгэртийн тоо хэмжээг заавал нэмэгдүүлэх шаардлага байхгүй.
-2021 онд том мөнгөн дэвсгэрт гаргах асуудлыг судалж байсан шүү дээ. Ингэхдээ төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүйн тулд том мөнгөн дэвсгэрт гаргах ёстой гэж үзэж байсан. Үнэхээр том мөнгөн дэвсгэрт гарлаа гэхэд төгрөгийн ханш сэргэх юм уу?
-Төгрөгийн ханш том мөнгөн дэвсгэрт гарсан ч сэргэх боломжгүй. Мөнгөн дэвсгэртийн тоог нэмэгдүүллээ гэхэд худалдан авалтын чадвар сайжирдаг тохиолдол маш бага. Хамгийн гол нь манай улсын эдийн засаг хүнд нөхцөлд байгаа. Өр төлбөр өндөр. Бүр он гарахад маш их хэмжээний гадаад өрөө төлөх ёстой болж байгаа. Гэтэл харамсалтай нь гадаад өр төлөх гэж байхад валютын ханш эрс уначихсан байна.
Валют дээр хоёр ханш тогтчихсон байгаа. Нэг нь хар захуудын ханш, нөгөөх нь арилжааны банкнуудын ханш. Дээр нь инфляцийн түвшин ч цаашид нэмэгдэх магадлалтай.
Бүр инфляцийн хүчин зүйл нь нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлүүд байгаад байдаг. Экспорт бага, импорт хязгаарлагдмал, тээврийн зардал зэргээс үүдээд инфляци өсч байна. Гэтэл нийлүүлэлтийн хүчин зүйлүүдийн зардлыг бууруулахгүй бол инфляци хэзээ ч буурахгүй. Тиймээс ийм үед мөнгөн дэвсгэртийг томруулна гэдэг бол маш өндөр эрсдэлтэй зүйл.
-2006 онд гүйлгээнд гарч байсан 20 мянган төгрөгийн ханш өнөөдөр 5960 төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол яах аргагүй төгрөгийн ханш унаж байгаатай салшгүй холбоотой. Тиймээс том мөнгөн дэвсгэртүүд гарсан ч хэдхэн жилийн дараа өөрийн үнэ цэнээ алдах уу?
-Манай улсын эдийн засгийн онцлог гэх үү дутагдал гэх үү нэг зүйл бий. Тэр юу вэ гэвэл Монголын зах зээл дээр байгаа гадаад валютын ханш хэзээ ч буудаггүй. Гадаад валютын ханш бууж байж төгрөгийн ханш өсдөг. Худалдан авах чадвар ч сайжирдаг. Гэтэл энэ нь маш цөөн тохиолддог.
2006 оны эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Инфляц нэмэгдэж байгаа, валютын ханш өсч байгаа дээр нь гадаад эдийн засгийн хүчин зүйл нь ийм нөхцөлд байхад төгрөг нэмэгдүүлнэ гэдэг нь ханшаа улам сулруулахын дохио. Тиймээс үнэ цэнээ алдах нь цаг хугацааны асуудал.
Мөнгөн тэмдэгтийнхээ худалдан авах чадварыг сайжруулж чадахгүй байж том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг бол эргээд төгрөгийн худалдан авах чадварыг бууруулна л гэсэн үг. Эдийн засагт ч сайн нөлөө төдийлөн үзүүлэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.