Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цементийн импортын татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Чулуунцарын үйлдвэрийн галд тэсвэртэй тоосгоны өрөлт дуусах тун дөхлөө. Бид аравдугаар сарын 1-ндээ цемент гаргана. Үйлдвэрийг улайсан данстай, тоосго, түлш, түүхий эдийн нөөцгүй, эвдэрхий тээрмүүд, тоног төхөөрөмжгүй, тонуулсан уурхайтай хүлээж авсаныг хэлэх нь илүүц биз…
Хэн хүсэж есдүгээр сард тоосго өрөөд цементээр таслаж зогсох билээ. Нөхцөл байдлыг зургаадугаар сард бид Дарханы замынханд ярьж, урьдчилан сануулж, наймдугаар сард технологийн засвар хийх зайлшгүй шаардлагатай тул МАК, Монцементээс цементээ татах зохицуулалт хийж, замын ажлаа битгий тасалдуулаарай гэж хэлж байсан.
Халтар сайдад арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан, асуудлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч Дарханы замын буруутанг Хөтөл гэж цоллосон. Манай хамт олон харин тайлбар тавиагүй, ажлаа хийдгээрээ хийгээд л явсан.
Эрээний коронагоос болоод тоосго таталт 30 хоног саатна гэж “далдыг харж” чадаагүй нь бидний алдаа. Төлөвлөснөөрөө явсан бол 9/1 -д цементээ таслахгүй нийлүүлээд явах байлаа.
Халтар сайдын шахалтаар бид Дарханы замынханд үнийн өсөлтийн аяны бүх цементээ өгсөн. Аян үр дүнтэй явж байсан, 5000 орчим иргэнд хүрч, 3 орчим тэрбум төгрөгийг ченжүүдээс хэмнэж өгсөн байдаг. Аяны цементийг тасалдуулсандаа ард түмнээсээ уучлалт хүсье!
Өнөөдөр цементийн импортын гаалийн албан татварыг тэглэсэн шийдвэр гарсанд маш их харамсаж байна, ЗГ аргагүй нөхцөлд богино хугацааны арга хэмжээ авлаа гэж ойлголоо. Татварын тэглэлт он дуустал гэсэн, бүр биш…
Элдэв дайралт, давшилт, гүтгэлэг мөн дарамтууд ирж байгаа ч бид, Хөтөлийн Цемент, Шохойн хамт олон хичээн ажиллаж, үр дүнд хүрэх л болно. Сорилт, даваа бүрт, цуг байдаг хэрэглэгч таниас дахин уучлалт хүсье, манай хамт олон хичээнэ ээ" гэжээ.