Өчигдөр нийтлэгдсэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тайланд Хүмүүний Хөгжлийн Индекс 30 жилийнхээ түүхэнд анх удаа 2020 ба 2021 онуудад хоёр жил дараалан буурсныг мэдээлжээ.
Энэ хэмжүүр хоёр жил дараалан буурснаар нийт хүн төрөлхтний хөгжил таван жилээр ухарч байгаа юм байна.
“Энэ нь бид эрт үхдэг болж, боловсрол муудаж, орлого буурсан гэсэн үг. Гуравхан үзүүлэлтээс олон хүн яагаад цөхрөнгөө барж, бухимдаж, ирээдүйдээ итгэлгүй болсныг та ойлгох болно” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн захирал Аким Стайнер тайлбарлажээ. Энэхүү ухралтын гол хүчин зүйл нь коронавирусийн цар тахал болохыг дээрх тайланд өгүүлсэн байна.
“Бид өмнө нь гамшигтай тулгарч байсан. Дайн мөргөлдөөн үзэж байсан. Гэхдээ яг одоо бидний өмнө тулгараад байгаа бэрхшээл нь хүмүүний хөгжлийн томоохон ухралт болж байна” гэж Стайнер ярьсан байна.
Энэхүү ухралт дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд нөлөөлжээ.
Ухралт хамгийн бага нөлөөлсөн улсуудыг Швейцар, Норвеги, Исланд тэргүүлж, хамгийн гүнзгий нөлөөлсөн улсуудыг Өмнөд Судан, Чад, Нигер тэргүүлсэн байна.
Цар тахлын дараа зарим улс орнуудын эдийн засаг, нийгэм сэргэж эхэлсэн ч Латин Америк, Сахарын цөлийн өмнөд хэсгийн Африкийн орнууд, Өмнөд Ази, Карибын савын орнууд сэргэж амжилгүй Украины дайны шинэ хямралтай тулгарсныг тайланд өгүүлжээ.
2019 онд дэлхийн хүн амын дундаж наслалт 73 жил байсан бол 2021 онд 71.4 болж буурсан байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тайланд бас дараах гурван чиглэлд анхаарал тавьж чадвал хүн төрөлхтөнд гэрэлт ирээдүй байгааг онцолжээ.