УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв. Улмаар ЗГ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 83.6 хувийн саналаар, бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 82.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Би уг нь энэ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж харж байсан. Гэвч Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гээд ороод ирлээ. ЭЗХ-ийн сайд ЦХХ-ны сайд гээд нийлээд 18 сайд байна. Шинээр яамгүй гурван сайд гэхээр 21 сайд. Ерөнхий сайдтайгаа нийлээд 22. Өмнө нь ийм олон бүрэлдэхүүн, бүтэцтэй ЗГ байсан уу, үгүй юу мэдэхгүй. У.Хүрэлсүхийн ЗГ-ын үед 16-уулаа ажиллаад болоод байсан. Одоо бол зургаан сайдаар нэмэгдэх юм байна. Хэмнэлт ярьчихаад Засгийн газрынхаа бүтцийг данхайлгах нь хэр оновчтой юм бэ. Цаг үе хэцүү л байх юм" хэмээлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдгээр бүтцүүд 2023 оны улсын төсөвт орж ирэхээр төлөвлөгдсөн байсан. Нэгэнт ЗГ-ын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учир сайд нар 2023 оны төсвөө өөрсдөө хийх боломжийг олгох нь ажилд тустай болов уу гэж үзсэн. Бид ард түмний өмнө асуудлаа л шийдэх үүрэгтэй. Түүнээс ямар бүтэцтэй байх, хэнийгээ шийдэж яаж томилох нь УИХ, ЗГ-ын л асуудал" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Бүрэлдэхүүнээр яг хэдэн сайд нэмэгдэж байгаа юм бэ. Төсөв мөнгөний тооцоолол байна уу" гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь бид баталсан ЭЗХЯ, Цахим бодлогын яам хоёр сайдтай болж байна. ЭЗХЯ өмнө нь байгуулагдсан нь татан буугдсан нь Сангийн яамтайгаа зөрчилдсөнтэй холбоотой. Бүтэц бүрэлдэхүүнээ хуваах тал дээр нэгдсэн удирдлагаар хоорондоо зохицож чадаагүй асуудал байсан. Эдийн засаг, хөгжлийн яам хэт хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг татаж аваад, асуудалд орсон байсан. Тиймээс цаашдаа ЭЗХЯ бодлого төлөвлөлтийг хийнэ гэж ойлгож байна.
Эрхлэх асуудлын хүрээнд яамгүй гурван сайд байгаа. Нэг үгээр хэлбэл, ЗГХЭГ-ын даргын статустай адил түвшинд орж ирж байгаа. Энэ сайд нар яамгүй, холбогдох үндэсний хороогоор дамжуулж, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалтыг хийнэ.
Мөн Улаанбаатар хоттой холбоотой эрхзүйн асуудлуудыг маш яаралтай УИХ руу оруулах асуудалд анхаарах зэрэг салбар дундын зохицуулалтыг хийнэ.
Өнөөдөр бид нийслэлийн түгжрэлтэй холбоотой алдаж байгаа цаг, нэг яамгүй сайдаас хэд дахин илүү үнэтэй. Ер нь манай төрийн бүтэц бол их хөшүүн. Би тулгамдаж буй асуудлаа маш богино хугацаанд даван туулах бүтцээ гаргаад явах ёстой. Энэ асуудал шийдэгдвэл бүтцээ бид татан буулгаад явах учиртай гэж би боддог. Өнгөрсөн хугацаанд бид салбар дундын зохицуулалт дээр их алдаа гаргасан" хэмээв.