Цэцийн тогтоолыг дагасан шинэ улс төр өнөөдрөөс эхэлж байна. Уг нь Цэцийн их суудлаас гаргасан тогтоолыг эцсийнх гээд органик хуулиудаа өөрчлөөд явах байсан ч шахаанд орсон Ардын намынхан арга буюу Үндсэн хууль дээрээс “давхар дээл”-тэй холбоотой хуулийн заалтыг авч хаяхаар болж байна. Үүнээс улбаалж МАН дотор тооцоолоогүй улс төр өрнөж, засаг байгуулах үйл явц нь удаашрав.
Тодруулбал, өчигдөр Дэгий тухай хуульдаа өөрчлөлт оруулж “ҮХЦ-ийн эцсийн шийдвэртэй холбогдуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, батлахтай холбоотой харилцааг тусгайлсэн дэгээр хэлэлцэнэ гэдэг агуулгыг нэмсэн. Мөн үүнийгээ дагуулаад ҮХНӨ оруулах журмын тухай хуулийнхаа дөрөвдүгээр бүлэгт “Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох журам” гэж нэмсэн.
Энгийнээр хэлбэл, ҮХЦ-ээс Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг хүчингүй болгохоор эцсийн шийдвэрээ гаргавал уг заалтыг хасах хууль өргөн барьж, хэлэлцэж шийдвэрлэх юм.
УИХ-ын гишүүдийн 57 нь хүлээн зөвшөөрөхгүй бол ЗГ-т “давхар дээл”-тэй сайд томилж чадахгүй
Эндээс л Ардын намын шинэ улс төр өрнөж буй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөртөө багтааж “давхар дээл”-тэй холбоотой хуулийн заалтыг Цэцийн тогтоол гарсантай холбоотойгоор хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барьж, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Үүнийг ҮХНӨ оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ-ын нийт гишүүдийн 4/3-аар буюу 57 гишүүн дэмжсэн тохиолдолд батлагдана. Товчхондоо, УИХ-ын гишүүдийн 57 гишүүн “давхар дээл”-тэй холбоотой заалтыг хасах хуулийн төслийг дэмжихгүй бол Цэцийн дүгнэлт “хадна” мөргөж, Засгийн газартаа гишүүн сайдууд оруулж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэсэн үг.
Ардын нам дотор сайд болох амбиц тэнгэрт тулсан нь дээрх хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл, нэгж гишүүн бүрийн кноп үнэ орж, албан тушаалын “тойргоос” хасагдсан гишүүд буцаад дарга нартаа хэрэг болсон гэсэн үг. Шинэ, хуучингүй бүгд л УИХ-ын гишүүний нэг кноптой тул шинэ гишүүд хүртэл сайдын суудалд санаархаж, намын даргынхаа өрөөгөөр эргэж эхэлжээ. Тэд сайд болдоггүй юм аа гэхэд өөрийн кнопоо байнгын хорооны дарга тэргүүтэй албан тушаалыг тохироогоо хийх юм. Нөхцөл байдал ийм дээрээ тулсан хойно “дан дээл”-тэй сайд томилох генсек тэргүүтний санал санаачилга бараг л явахгүй болов уу.
Мөн “бүдүүн” бүлгийн бүх гишүүдийн хэрэг гарсан тул сайдын амбицыг нь дарахын тулд зарим нэг сайдын орон тоо нэмэх яриа ч гараад эхэллээ. Гэхдээ хэмнэлт ярьчихаад албан тушаалын хуваарилахын тулд Л.Оюун-Эрдэнэ сайдын орон тоо нэмэхгүй байх гэж харж байна.
О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар ТУНХАГЛАЖ, АН-ын кнопуудыг “худалдаж” авав
57 кнопоо багцалж, ирцээ хүргэхийн төлөө Ардын намынхан тоолж болох бүх л кнопноо цуглуулж байна. Өчигдөр чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон бүлгийнх нь шийдвэрийг уншиж орхив. Ингэснээр О.Цогтгэрэл албан ёсоор ажиллах эрх зүйн орчин нь нээгдэж буй. Улс төрийн хүрээнийхэн Г.Занданшатар даргын уг үйлдлийг эрх баригчид Женко Х.Баттулгатай тохироо хийчихлээ гэж харсан. Гэвч үнэн хэрэгтээ МАН, АН-ын тохироо Женко дээр биш дээр өгүүлээд буй “давхар дээл”-ийг хүчингүй болгох хуулийг дэмжих 57 кнопын тохироо дээр өрнөчихлөө. Үнэн хэрэгтээ О.Цогтгэрэл ч гэсэн Женкогоосоо зайгаа бариад удаж буй. МАН-ын гишүүд кнопоо үнэд оруулах гэж сайдын суудал, элдэв албан тушаалын наймааг тултал гүйлгэж буй энэ цаг хугацаанд АН-тай тохирч баталгаатай 7, ерөнхийдөө 10 гишүүний кнопыг “халааслах” нь тун чухал. Сая О.Цогтгэрэлийг сонгосон хуралд Д.Ганбат, А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ дөрөв оролцоогүй. Оролцсон 7 гишүүн нь бүлгийн даргыг нь хүлээн зөвшөөрөх асуудлаар тохиролцсон. Одоо Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нартай МАН-ынхан ойлголцох боломжтой. А.Адъяасүрэн гишүүнийг хэрэг төвгөөр нь дарамталсаар урвуулж чадна. Харин Д.Ганбаттай бол юу ч яриад нэмэргүй биз.
Ийнхүү бүлгийн даргыг нь яаралтай биежлүүлж өгсөн МАН-ын бодлогын цаана “Давхар дээл”-тэй холбоотой заалтыг хасах санал хураалтад л бэлдсэн ажил байв. Харин АН-ын бүлэгтэй холбоотой ганц зүйл эцэст нь хэлэхэд камерын өмнө улс төр хийдэг шигээ асуудалд ханддаг болчихвол дээрсэн. Өчигдөр гэхэд л Ж.Батсууриас эхлээд МАН-ыг, ҮХЦ-тэй нь хамт нүүр нүдгүй камерын өмнө ам хэлээрээ балбаад байсан. Гэтэл яг санал хураах мөчид С.Одонтуяа, Т.Доржханд хоёроос өөр хүн эсрэг кноп дарсангүй. Хоёр нүүрээр хийсэн улс төр хол явдаггүй жишээг сануулахад илүүц биз.
МАН-ын гишүүд 57 кнопоор улс төр хийж, сайдын суудал “нэхэж” байна
Хуулийн төслөө одоогоор өргөн бариагүй байгаа тул яг ямар агуулга тусгах нь тодорхгүй байна. Зарим улс төрийн хүчин “давхар дээл”-ээс гадна тогтолцоо, гишүүдийн тоо ярих саналтай байгаа ч энэ удаадаа зөвхөн Цэцийн шийдвэрээр “давхар дээл”-ээ шийдэхээр болсон. Харин гишүүдийн тоо, тогтолцооны асуудлыг төсөв баталсны дараа зай гарвал, эсвэл ирэх хавар яръя гэдэг санал дээр МАН-ын бүлгийнхэн тохиролцжээ.
Ийнхүү Цэцийн тогтоол гарсантай холбогдуулан “давхар дээл”-тэй холбоотой зүйл заалтыг хасах хуулийг өргөн барьж, хэлэлцэж батлахтай холбоотой шинэ улс төр өрнөж эхэлсэн тул ЗГ байгуулагдах үйл явц товлосон хугацаанаас бага зэрэг оройтож байна. Мөн 57 кнопын улс төр эхэлсэн тул бүлгийн гишүүдтэйгээ ойлголцохын тулд МАН-ынхан энэ өдрүүдэд тултлаа ажиллаж байна. Ямар сайндаа л өнөөдөр 10 цагаас бүлгий хурал зарлах вэ дээ. Өнөөдрийн бүлгийн хурлаар 57 кнопын асуудлыг нэн түрүүнд, өндөр доозоор хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэх нь ойлгомжтой.
Г.Лхагвадорж