Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААЛТТАЙ ХУРАЛ: Генсек 30 хувьд нь “дан дээл”-тэй сайд томилох санал хоёр удаа хэлсэн ч гишүүд “хөдөлсөнгүй”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 40 секунд
Ubn.mn

Ардын намын бүлгийн өчигдрийн хурал ойрд байгаагүй улс төрийн хүлээлт дунд болж өнгөрлөө. Бүлгээр Засгийн газрын бүрэлдэхүүн болон ҮХНӨ-тэй холбоотой нарийн нандин зүйлс яригдаагүй ч удирдлагуудынх нь зүгээс бүлгийн гишүүддээ өгөх улс төрийн “мессеж”-ээ бүрэн өгсөн хурал болж өнгөрлөө.

Нэлээд сунжирсан бүлгийн өчигдрийн хаалттай хуралдаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын генсек тэргүүтэй эрх баригчдын шийдвэр гаргах түвшний бүх дарга нар оролцсон юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХЦ-ийн асуудлаар эсрэг байр суурь хэлж бужигнуулдаг гишүүд хуралдаа оролцоогүй тул МАН-ын “бүдүүн” бүлгийн уур амьсгал тун тогтуун байдлаар хэд хэдэн асуудлыг ерөнхийлөн хэлэлцсэн байна.

Ерөнхийлөгчтэй “давхар дээл”-ний асуудлаар тохирсон гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ

Батлахаа хураалгасан ч сэтгэлээ хураалгадаггүй хүнийг Ерөнхийлөгч гэдэг. Ямагт “хөшиг”-ний араас их бага хэмжээгээр намынхаа үйл ажиллагаанд үе үеийн Ерөнхийлөгчид оролцсоор ирсэн. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилд бүтээсэн улс төрийн тогтолцоотой шууд холбоотой юм.

Энэ жишгээр У.Хүрэлсүхээс саналыг нь сонсохгүйгээр, Ерөнхийлөгчийн институтын “виз”-гүйгээр “давхар дээл”, ҮХНӨ, Засгийн газрыг огцруулах болон байгуулах үйл явц ордны улс төр дунд өрнөх боломжгүй. Тиймээс Ардын намын дарга нар Ерөнхийлөгчтэй “давхар дээл”-ний асуудлаар тохирсон гэдгээ бүлгийн гишүүддээ өчигдөр дуулгажээ. Тодруулбал, “Ерөнхийлөгчид Цэцийн шийдвэртэй холбоотой ямар нэгэн байдлаар эсрэг санал байхгүй. Эдийн засгийн болон геополитикийн хүнд хэцүү цаг үетэй нүүр тулах гэж буй энэ эгзэгтэй нөхцөлд Цэц нэгэнт шийдвэр гарсан тул асуудлыг цаг алдалгүй шийдэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн гэж Ерөнхий сайд бүлгийн гишүүддээ уламжилжээ.

Улс төрийн хүрээнийхний хувьд Цэц дээр “давхар дээл” шийдэгдсэн цаг үед л Ерөнхийлөгчийн уг байр суурь ойлгомжтой болсон. Гагцхүү сайдын суудал, Засгийн газрын бүтцийн талаарх эцсийн “зураг” ил болоогүй тул Ерөнхийлөгч ямар хүмүүс дээр “гал”-ын дэмжлэг үзүүлж буйг одоо хэлэхэд эрт байна. Горилогчид бол өдөр, шөнөгүй Ерөнхийлөгчийн үүд, хаалгыг сахиж байгаа нь үнэн.

Генсек кабинетын 30 хувьд нь “дан дээл”-тэй сайд томилох санал хоёр удаа хэлсэн ч гишүүд “хөдөлсөнгүй”

Өчигдрийн бүлгийн хурлын улс төрийн гол ньюнс энд өрнөсөн талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, Ардын намын генсек шинээр байгуулагдах Засгийн газрын танхимын ядаж 30 хувьд нь гаднаас “дан дээл”-тэй сайдууд томилох санал хэлжээ. Үүнийгээ Д.Амарбаясгалан генсек нийгмийн хүлээлт, шүүмжлэлтэй холбож тайлбарласан бөгөөд энэ саналаа хоёр ч удаа бүлгийн хурал дээр илэрхийлсэн гэнэ.

Гэвч бүгдийг нь дотроос томилж, нэг ч гэсэн илүү гишүүн сайд болно гэж Ерөнхий сайдаа “шахаж” буй бүлгийнхэн нь генсекийнхээ саналыг төдийлөн өндрийг авахуулаагүй аж. Тиймээс МАН-ын генсек уг саналаа дахин, дахин илэрхийлсэн байхыг үгүйсгэхгүй. Эсвэл гишүүдийн шахалтад орсон Ерөнхий сайд намынхаа өөр нэгэн хүчтэй хүнээр ирээдүйд хийх үйлдлээ яриулсан ч байхыг ч үгүйсгэхгүй. Харамсалтай нь сайдуудын асуудлыг дараа нь ярина. Одоохондоо эрт байна гэдэг үндэслэлээр Д.Амарбаясгалан даргын санал тэгэсгээд “унтаржээ”.

МАН-ын генсек энэ үг нь өөрийнхөө энэ засагт оруулсан хүмүүсээ үлдээхээс гадна, гаднаас зарим хүмүүсээ шинээр засагт оруулах гэсэн цаад зорилготой ч байх болох юм. Одоогоор сайдуудын нэрс эцсийн байдлаар гараагүй тул генсекийг үгийн цаад учрыг шууд таамаглахад эрт байна. Харин сайдуудын нэрс өчигдрийн байдлаар 60 орчим хувьтай тохирсон гэх мэдээлэл байгааг энд өгүүлье.

Сайд болох шалгуур

Ерөнхий сайдын өчигдрийн бүлгийн хурал дээрээ хэлсэн өөр нэг улс төрийн зорилготой “мессеж” бол мерит зарчим. Тодруулбал, Засгийн газарт сайдаар орох гишүүдийн тоо хязгаартай. Харин сайд болох амбиц нь буцалж буй гишүүдийн тоо хэтрүүлээд хэлэхэд хязгааргүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд яригдсан, бөгөөд намынхаа дүрэмд суулгасан мерит буюу шат ахих зарчмыг баримталж сайдуудаа тодруулна гэдэг санаагаа Ерөнхий сайд өчигдөр гишүүддээ хэлжээ. Энэ нь хоёроос дээш удаа УИХ-д сонгогдсон, байнгын хорооны даргаар багадаа нэг удаа ажилласан гишүүдээсээ шигшиж сайдаар томилно гэдэг шалгуур.

Ерөнхий сайд хэрвээ зарчмын байр сууриа ингэж эртхэн хэлэхгүй бол “сайдын марафон”-д оролцогчдын тэн хагас нь бусдыгаа “алах”-аас буцахгүй цам харайж яваа. Хэвлэл, сошиалаар өөрийгөө магтуулахаас илүүтэй, өөрийнхөө өрсөлдөгч гэж үзсэн хүмүүсээ баруун солгойгүй “нүдүүлээд” эхэлсэн. Хэрвээ энэ “зодоонд” анх удаа сонгогдсон амбиц нь хязгааргүй шинэ гишүүд ороод ирвэл Ардын нам дотор жинхэн “нохойн ноололдоон” болоход бэлэн байна.

Т.Аюурсайхан байгаагүй тул бүлгийн уур амьсгал тогтуун байжээ

Бүлгийн хурал харьцангуй хэрүүл, уруул багатай болсон нь Т.Аюурсайхан тэргүүтэй эсэргүүцэгчид, эсэргүүцэгчдийн “арми”-ын бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаагүйтэй холбоотой. ҮХЦ-ийн сонгуулийн тогтолцоог шийдснээс эхлээд, сая “давхар дээл”-ийг шийдэхэд хүртэл “хууль зөрчлөө” гэж чангаар эсэргүүцэж байсан хүн бол Т.Аюурсайхан. Магадгүй сайдын “марафон”-д одоогоор нэр нь тун бүдэг дуулдаж буй тул ийнхүү намын удирдлагуудынхаа хийж буй зүйлийг шүүмжилж байгаа гэх яриа саарал ордонд өдий төдий сонсогдох болсон. Мөн энэ долоо хоногт сайдуудаа томилж, ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой чухал санал хураалтууд явах тул гадаадад яваа гишүүдээ яаралтай дуудах чиглэл өгчээ.

МАН-ынхан өөрсдөө ЦЭЦ дээр дэглэсэн жүжгээсээ өөрсдөө айжээ

МАН-ынхан хэдийгээр ҮХЦ дээр “давхар дээл”-ний жүжгийг өөрсдөө найруулсан ч яг улс төрийн “тайз” дээр тоглогдохыг нь хараад бага зэрэг эмээсэн бололтой. Учир нь өчигдөр хуралдсан бүлгийн хурлын гол цөм нь ҮХЦ-ийн тогтоолтой холбоотой асуудал байв. Гишүүдийн хүсэл биелж, Ерөнхий сайдын ажил урагшлах боломжтой болсон ч зарим хуульч гишүүд ҮХЦ хэрвээ ийм байдлаар дараа, дараагийн асуудалд хандвал яах вэ гэж санаа зовж буйгаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, нэг өглөө сэрэхэд ҮХЦ улс төрийн нөлөөнд автаад Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох зэрэг улс төрийн агуулгайтай Үндсэн хуулийн ямар нэгэн зүйл заалтыг саяынх шиг ээ хасчихвал яах вэ. Тиймээс гадна, дотны ийм нөлөөнд автахаас сэргийлж ҮХЦ-ийн энэ үзэгдлийг “чагталах” ёстой гэж олон хуульч гишүүд санал хэлжээ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотой болон Цэцийн уг “даварсан” үйлдлийг хэрхэн зохицуулах эсэхийг судлах гэсэн хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирчээ.

Нээрээ л Ардын намын энэ цаг үеийн удирдлагуудын тавьсан буруу жишгээр ҮХЦ-ийн есөн гишүүн УИХ-ын бүрэн эрх рүү халдаж, Үндсэн хуулиа дураараа засаад эхэлвэл Үндсэн хуулийн хямрал байтугай юм руу орно. Тиймээс МАН-ынхан өөрсдөө нээсэн уг аюултай хаалгаа, улаан гараараа эргүүлээд хаах бололтой.

Г:Лхагвадорж

ТЭД ЮУ ХЭЛЭВ: ҮХНӨ хийхээс өөр ГАРЦ бидэнд бий юу
ТЭД ЮУ ХЭЛЭВ: ҮХНӨ хийхээс өөр ГАРЦ бидэнд бий юу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.