Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭД ЮУ ХЭЛЭВ: ҮХНӨ хийхээс өөр ГАРЦ бидэнд бий юу

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
11 минут 37 секунд

Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ҮХНӨ-ийн асуудалд олон нийт анхаарлаа хандуулж байна.

Зарим хуульчдын зүгээс ҮХЦ-ийг хууль зөрчсөн, УИХ-ын эрх мэдэлд халдсан үйлдэл гаргалаа хэмээн дүгнэж буй. Гэвч ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх. Тэгвэл ҮХЦ-ийн шийдвэр болон ҮХНӨ хийхтэй холбоотой хууль тогтоогчдын өмнө тулгарах асуудал, шийдэл зэргийн талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.

О.Баасанхүү: ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй. Энэ байдлаас гарах нэг гарц нь ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах явдал

Гэрэл зургийг mpa.mn

АН-ын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Талуудын байр суурийг анхааралтай ажиглаж байгаа. Үндсэн хуулийн цэцийн талаас Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулиа зөрчсөн, өмнө ердийн органик хуулиудад хориг тавьж болдог байсан учраас Үндсэн хуулийг давтаагүй гээд байгаа.

Агуулга талаасаа яривал, ҮХЦ-ийг буруутгахгүй. УИХ-ын гишүүн сайдаас өөр албан тушаалыг давхар хашиж болохгүй гэж заасан. Дөрөв гээд хязгаарлачхаж байгаатай зөрчилдөж байна гэх агуулга нь зөв. Гэхдээ процессын тал дээр шинэ жишиг тогтоод байна. Нэг ёсондоо, Үндсэн хуулийн цэцийн гаргасан тогтоолыг шууд органик хууль гэж үзэх ёстой юу аль эсвэл Үндсэн хуулийг үндсэн хуулиа зөрчсөн үү асуудлыг шийдэж байна уу гэдгийг ярих ёстой.

Ер нь ҮХНӨ хийхийн тулд холбогдох байгууллагуудаас санал авдаг. Тухайн саналуудын нийлбэрээр ажлын хэсэг дээр нэгдсэн нэг байр суурь гаргаж, түүнийг нь 57 гишүүн баталдаг. Баталсан нь УИХ боловч бүх байгууллагуудын санал түүнд тусгагдсан гэсэн үг. Тухайн үед үүнийг батлахад нь би эсэргүүцсэн байр сууринаас ганцаараа шахуу хандаж байсан. Хуйвалдааны аргаар Үндсэн хуулиа өөрчилчихсөн учраас засахад хэцүү болчхож байгаа хэрэг.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр ҮХЦ-ээс тайлбар авах гэж албан бичиг илгээсэн байна. Хуулиар ҮХЦ ямар ч тайлбар, тодруулга өгөхгүй гээд заачихсан. Гэтэл өнөөдөр УИХ ҮХНӨ хийнэ гэж ярьж байгаа. ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй. Энэ байдлаас гарах нэг гарц нь дагалдах хуулийн заалт нь хүчингүй хэмээн шууд тооцож, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад явах явдал. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд 56-аас дээш гишүүн өргөн барьж, 57-оос дээш гишүүн батлаад явдаг. Тэгэхээр Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулж, дагалдах хуулийн заалт нь хүчингүй гэж явах энгийн арга л үлдэж байна” гэлээ.

Б.Гүнбилэг: ҮХЦ давхар дээлийг 100 хувь зөвшөөрсөн нь “ГАЛЗУУРАЛ”

Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Б.Гүнбилэг Time.mn сайтад өгсөн ярилцлагадаа “УИХ, парламентын эрх мэдэлд халдчихсан. Энэ бол маш буруу. ҮХЦ “Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно” гэдгийг ҮХНӨ-ийн үндсэн бүтэцтэй зөрчилдөж байна гэж дүгнэсэн. Гэвч бодит байдал дээр үндсэн бүтэцтэйгээ огт зөрчилдөөгүй. Үндсэн хуулийн 39.1 бол ҮХНӨ оруулах журмын тухай хуульд заасан хөндөж болохгүй заалт биш.

Уг нь ҮХЦ үндэслэл хэсэгтээ “Гишүүдийн тоо 76 байх нь харилцан тэнцвэр алдагдана. Тиймээс гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд уг гомдлыг авч үзэх боломжтой. Энэ нь УИХ өөрөө мэдэх асуудал” гэх өгүүлбэрийг оруулах ёстой байсан. Гэтэл тэгэхгүйгээр хэт яаруу шийдвэр гаргачихсан учраас одоо яг яах ёстойг хуульчид ч хэлж мэдэхгүй байна. Өөрсдийнх нь үндэслээд байгаа зүйлийг шийдвэртэй нь тулгаад харахаар ойлгогдох юм алга. Мэргэжлийн судлаачид ч ойлгохоо байсан. Нэгэнт ҮХЦ-ийн шийдвэр гарчихсан юм чинь одоо бид мянга маргаад нэмэргүй. Дагахаас өөр аргагүй. Цэцийн шийдвэр буруу гарсан. Би үүн дээр 100, 200, 1000 хувь итгэлтэй байна. ҮХЦ давхар дээлийг 100 хувь зөвшөөрсөн нь галзуурал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 120-150 болгосны дараа давхар дээлтэй сайд нарын асуудлыг хэлэлцэх нь зөв” гэлээ.

Б.Эрхэмбаяр: ҮХЦ Үндсэн хуулийг зөрчсөн

Хуульч Б.Эрхэмбаяр “ҮХЦ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үндсэн хуульд хяналт тавьдаг хоёр л загвар дэлхийд бий. Манай улсын хувьд ҮХЦ буюу Үндсэн хуулийн шүүхээр Үндсэн хуулиа “мануулдаг”. Үндсэн хуульд нийцсэн шийдвэрүүдийг УИХ, ЗГ, бусад эрх бүхий албан тушаалтнууд гаргаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. ҮХЦ өөрөө хууль тогтоох эрх бүхий байгууллага биш. Гэтэл бараг л ҮХНӨ хийчихлээ шүү дээ. Тэгэхээр зарим хуульчид УИХ-ын эрх мэдэлд халдлаа гэж тайлбарлах нь нэг талдаа үндэслэлтэй байхыг үгүйсгэхгүй.

ҮХЦ-ийн шийдвэр нэгэнт эцсийнх болж гарсан учраас УИХ түүнтэй холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэг ёсондоо, Үндсэн хуулийг өөрчилье гэдэг хүсэл зориг хэнд байсан бэ гэдгээс асуудлыг хөөх ёстой. Тэгвэл

Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бид ямар арга хэлбэрээр явах вэ. Арга хэлбэр нь ард түмэнд таалагдах ёстой. Энэ утгаараа ХҮН-аар Үндсэн хуулийг зөрчсөн мэдэгдлийг гаргууллаа. Мөн ҮХ-ийг өөрчлөх арга, үйл ажиллагаандаа ҮХЦ-ийг оруулж байна.

Үндсэн хуулийг өөрчлөөд байж болох юм уу. Дэлхийд уян хатан болон хатуу хоёр л арга бий. Уян хатан аргаар Үндсэн хуультай орнууд хуульдаа байнга өөрчлөлт оруулж байдаг. Харин хатуу арга нь хэн дуртай нь Үндсэн хуульд гар хүрэхийг хориглодог. МАН дараагийн сонгуульд гарч ирэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх байдлаар гаргалгаа хайж байна.

Гишүүдийн тоог нэмье л гэж байна. Мөн чанартаа, 20 литр булингартай усыг талд нь хүртэл асгачхаад дээрээс нь цэвэр ус хийгээд л ЦЭВЭР болчихно гэвэл үгүй.

Ийм боловсон хүчин, соёлжоогүй нам, нэг талын хүчтэй байгаа үед ҮХНӨ хийх нь төрийн эрх мэдлийг улам данхайлгах, хүний эрх чөлөөг хязгаарлах хүсэл зориг хүн бүрд байна. Иймээс л уян болон хатуу гэх аргыг гаргаж ирсэн байдаг. Манай улсын хувьд хатуу аргатай. ҮХЦ байгаа нь Үндсэн хуулиа хэн дуртай нь гар хүрэхгүй байхаар хамгаалах зорилготой. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль бий. Тухайн хуульд Үндсэн хуульд нэг өөрчлөлт оруулсан бол найман жил гар хүрэхгүй байх заалт бий. Одоо ч мөрдөгдөж байгаа.

Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр органик хуулиар шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэвч арга замыг нь эрх баригч нам эрэлхийлэхгүй байна. Ер нь МАН эрх барьж байх үедээ Үндсэн хууль руу гар дүрэх гээд байдаг тал ажиглагдсан. Тиймдээ ч 2019 онд ҮХНӨ хийсэн. Тогтолцооны алдаа гажуудлыг зассан. Чухал ач холбогдолтой байсан юм бол 2019 онд хийчихгүй яасан юм бэ. Органик хуулиар шийдвэрлэх боломжтой" гэв.

С.Нарангэрэл: ЗГ-ын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсчихсэн. Хий орон зайг ҮХНӨ хийж байж “ДҮҮРГЭНЭ”

Гэрэл зургийг mpa.mn

Академич С.Нарангэрэл “ҮХЦ-ийн дүгнэлтийг үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхэд маргах эрх хэн нэгэн албан тушаалтан, эгэл жирийн иргэд бидэнд байхгүй. Шийдвэр эцэслэсэн. Засах, өөрчлөлт оруулах аргагүй. ҮХЦ бол Үндсэн хуулийн эрх зүйн маргааны асуудлаар мэргэшсэн шүүх. Шүүх шийдвэрээ гаргасан.

Одоо ҮХЦ-ийн тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага УИХ, хууль тогтоогчдын өмнө тулгарсан. УИХ бол сонгуулийн дараах Монголын ард түмний нийтийн эрх ашгийг илэрхийлсэн бага “ард түмэн”. Тиймээс УИХ энэ асуудлыг шийдвэрлэнэ.

Хоёр шийдлийг УИХ гаргана. Үндсэн хуульд заавал хүрэхгүйгээр, ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэх арга зам бий. Тухайлбал, Үндсэн хуулийн дараа ордог хуулийг үндсэн хуульчилсан хууль буюу органик хууль гэж нэрлэдэг. УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах арга бий. Гэтэл энэ нь боломжгүй. Заавал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж ҮХЦ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага бүрдсэн. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн шийдвэр өөрөө УИХ-ыг Үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийх гарцаагүй байдал руу оруулчихсан.

Бид 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндсэн хуулийн 39.1 хэсэг дэх заалт нэгэнт хүчингүй болчихоор Засгийн газрын гишүүдийн хувьд Үндсэн хуулийн хий орон зай үүсчихсэн. Хий орон зайг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж хүчин төгөлдөр болгож авах ёстой. Онцгой нөхцөл байдал үүссэн. УИХ-ын гишүүдийн санаачилгаар биш, ҮХЦ-ийн эцэслэн гаргасан шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөл байдал хууль тогтоогчдод тулгарсан байна” гэлээ.

ФОТО: О.Хангай түрүү бөхийн шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг ИНГЭЖ ТОХИЖУУЛЖЭЭ
ФОТО: О.Хангай түрүү бөхийн шагналаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг ИНГЭЖ ТОХИЖУУЛЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.