"Монголчууд бид СОЁЛТОЙ ард түмэн. Уран цэцэн үгтэй, урдаа хэн нэгнийг гишгүүлэхгүй юм шүү гэсэн дайчин чанартай. Өөрөөс нь илүү гарвал үг хэлээрээ ч болов нам цохино гэсэн итгэлтэй. Өөрөөсөө соёлыг биш бусдаас соёл хайх мэдрэмжтэй. Ийм байхад намайг хэн соёлгүй гэх юм бэ. Надад дайчин чанар байна шүү дээ" гэх умгархан тархиндаа хэтийдсэн увайгүй бодолтой ард түмэн.
"Соёл, соёл, соёл" ганган чамин чамирхалгүй, зүгээр л байгаагаараа энгийн үг. Энэ ч утгаараа ганхаж, гунхсан харьцаанаас илүү эгэл жирийн харилцаанаас энэ үгний утга гарах.
Бид XXI зуунтай хөл нийлүүлэн яваа. Тиймдээ ч дэлхийн жишиг орнуудын хөгжилтэй улсынхаа хөгжлийг харьцуулахаас биш соёлын өндөр этиктэй хүмүүстэй өөрсдийгөө зүйрлэх нь ховор. Угтаа соёлын ялгаа, соёлын төвшингөөрөө ялгарах авч хувь хүний соёлоороо зөрчилдөх зүйл үгүй мэт.
Гадаад оронд хүмүүс бие биенээ хүндэтгэж харьцдаг бол манайд эсэргээрээ. Нэг л их тэнгэрийн умдаг атгасан хүн шиг тэнхээгүй нэгэндээ зангарагаа гаргадаг муухай ёс суртахуунтай. Бүгд тийм биш ч энгийн нэгнээс ч гэсэн энэ муухай зан илэрч мэднэ.
Хамгийн энгийн жишээ бол "Соёлтой бай, соёлтой үйлчил" гэж бусдад шаардах авч соёлоо уландаа гишгэчихээд зогсож байх үйлчлүүлэгчдээс харагдана. Харьцаанаас харьцаа гэдэг шиг соёлтой харьцаанаас соёлтой үйлчилгээ авах нь хэн бүхний ойлгох зүйл. Гэтэл бага ярь гэж заяасан ганцхан амаараа хорвоогийн хамгийн бохир, гутамшигтай үгсийг увуулан цувуулан уншиж, урдаа байгаа нэгнээ хэл амаараа сэмлэх нь харамсалтай.
Хаана ч байсан, хаашаа ч орсон өөрийгөө ХААН мэт тахичихаад, үйлчлэгчээс эхлээд эрхлэгч хүртэл бүгдтэй боол мэт харьцах нь үйлчлүүлэгчдийн дундах хамгийн муухай соёл. Соёл ч гэж дээ бүдүүлэг зан.
Дан ганц үйлчилгээний байгууллагад энэ үзэгдэл ажиглагдах бус бүх нийгмийн харилцаанд ч илэрдэг. Монголчууд бидний амьдралын ихэнх хэсэг нийтийн тээвэрт өрнөдөг гэхэд хэлсдэхгүй. Тэнд аз жаргал, баяр гуниг, хайр дурлал, үзэн ядалт, маргаан мэтгэлцээн гээд ховрвоогийн байж болох бүхий л үйл явдал өрнөнө. Бүр соёлтой харилцаа нэхсэн архичин нэгнээ нийтээрээ ад үзэж, хөөн гаргах ч энүүхэнд.
Угтаа тэр хүн архи амссанаас өөр хийсэн гэмгүй, жолоочид шаардлага тавихдаа соёл нэхсэнээс өөр хэлсэн үггүй. Гэтэл соёлтой үйлчил хэмээснийхээ шанд соёл гэж мэддэг юм байна хэмээн бусдад нүд үзүүрлүүлэх нь СОЁЛГҮЙ МОНГОЛЧУУД-ыг гэрчлэх энгийн нэгэн жишээ.
Энэ мэт соёл гэдэг үгийг амнаасаа уйдтал унагачихаад соёлын мөн чанарыг өөртөө төлөвшүүлдэггүй нь энэ нийгмийг цогцлоож байгаа иргэд бидний хамгийн том асуудал мэт. СОЁЛ хэмээн чанга хашхирсан СОЁЛГҮЙ МОНГОЛЧУУДААР дүүрэн орон бол зөвхөн манайх гэлтэй. Гэхдээ бид цаашдаа соёлд суралцаж, соёлын ойлголттой монгол хүн байхыг эрхэмлэн, хэн нэгнээ үгээр идэхдээ бус харилцан хүндэлж сурахыг чухалчлах ёстой мэт.