Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаантай холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийлээ.
ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд " Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхэнд том түүхэн өдөр тохиож байна. ҮХЦ- өнөөдрийн Их суудлын хуралдаанаар 2019 онд Үндсэн хуульд оруулсан Засгийн газрын гишүүдийн дөрөв нь УИХ-ын гишүүн байна гэх нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн анхны зорилттой нийлж байгаа эсэхийг хэлэлцсэн. Энэ нэмэлт өөрчлөлт нь агуулгын хувьд зөрчил үүсгэсэн. Иймд зөрчлийг арилгах асуудлаар миний бие мэдээлэл гаргасан.
Үр дүнд ямар ч Ерөнхий сайд өөрийн багаа хэн нэгнээс хамааралгүйгээр, улс төрийн нөлөөгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо.
Энэ бол ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэр. Шийдвэр нь тогтоол гэж гардаг. Энэ тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ үүнийг өөрчлөх боломжгүй. ҮХ-ийн Их суудлын дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг. Цэг тавилаа.
Үүнээс хойш давхар дээл, дан дээлийн талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон гэдгийг албан ёсоор мэдэгдье.
Мөн Их суудлын хурлаар УИХ-ын 4 гишүүн Засгийн газарт заавал ажиллах ёстой гэх зүйл заалт үгүй болж байгаа бол УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. Учир нь 2019 онд 76 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дээд тал нь дөрвөн УИХ-ын гишүүн ажиллана гэх үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өнөөдөр энэ хязгаарлалт үгүй боллоо. Ингэснээр засаглалын тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор ҮХЦ-ээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн байдлаар тогтоол гарлаа. " гэв.