Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Ван И-гийн айлчлалыг ТЭД ЮУ ГЭЖ ДҮГНЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 18 секунд
Ubn.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан айлчлал хийсэн. Тэрбээр өчигдөр /2022.08.08/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, улс төрийн түншлэлийн олон асуудлаар хэлэлцээр хийсэн. Уг айлчлалын манай улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар эдийн засагч, судлаач, албаныхны байр суурийг хүргэж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаар Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, БНХАУ-ын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон билээ. Иймд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд cайд О.Батнайрамдалаас байр суурийг нь сонслоо.

О.Батнайрамдал: Айлчлалаар ТӨМӨР ЗАМЫН огтлолцлын цэгийн асуудал дээд цэгтээ хүртэл баталгаажлаа

Боомтын хүчин чадал, төмөр зам зэрэг нүүрс экспортлоход шаардлагатай дэд бүтцийн асуудал хоёр улсын хэлэлцээрийн үр дүнд урагшилж байгаа нь манай салбарын хувьд маш том ахиц болж байна. Төмөр замын огтлолцлын цэгийн асуудал дээд цэгтээ хүртэл баталгаажлаа. Манай уул уурхайн салбарын хувьд цаашид нүүрс болон бусад бүтээгдэхүүнээ илүү их хэмжээгээр экспортлох ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. 2019 онд 37 орчим сая тонн нүүрс экспортолж, 50 орчим сая тонн нүүрс олборлосон дээд амжилт бий. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд нүүрс олборлодог үндэсний томоохон компаниуд бий болсон.

Төмөр зам ашиглалтад орсноор урьд өмнө алдагдсан боломжийг бууруулж, ирээдүйд гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх, нүүрсний экспортоор илүү том тоглогч болох боломж нээгдэнэ.

Манай улс энэ жилд экспортлох нүүрсний төлөвлөгөөндөө хүрч чадна. Төсвийн тодотголоор энэ жил экспортлох нүүрсний хэмжээг 18 сая тонн гэж шинэчилсэн. Өнөөдрийн байдлаар 11.5 сая тонн нүүрс экспортолсон байгаа нь төлөвлөгөөний 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнө жилийн мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ: Хятадаас орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавартай

Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-тай хэлэлцэж буй томоохон төслүүд хэрэгжиж эхэлбэл эдийн засгийн өсөлт, эргэлт сайжрах эерэг үр дүнгүүд гарна. Нөгөөтэйгүүр Шинэ сэргэлтийн бодлогод багтаж буй боомтуудын асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх хэрэгтэй. Боомтуудаа нээхгүйгээр эдийн засаг, бизнесийн идэвхжил явагдах боломжгүй. Учир нь Манай улсын хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг. Ингэхдээ ганцхан Замын-Үүдийн боомтоор авдаг шүү дээ.

Замын-Үүдийн боомтыг нээхгүй бол дахин инфляц, валютын ханш нэмэгдэх аюултай.

Дараа жилээс томоохон хэмжээний гадаад төлбөрүүдээ төлж эхэлнэ. Тэр болтол валютын нөөцөө нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах хэрэгтэй. Томоохон төслүүдийг Хятадын талтай хамтарч хэрэгжүүлэх нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх боломж нээгдэнэ. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагийн хувьд ганцхан Хятад Улс гэлтгүй бусад улсуудтай холбогдож ажиллах зайлшгүй шаардлагатай. Геополитикийн хувьд ганц Хятадаас орж ирж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдал талаасаа сөрөг үр дагавартай. Хөрөнгө оруулалтын эх сурвалж болж буй улс орнуудынхаа тоо хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Юуны өмнө Хятад руу экспортолж буй бүс нутгийн замаа чөлөөлж авах нь хамгийн чухал. Ингэхгүйгээр хэчнээн хөрөнгө оруулалт авч, төсөл хэрэгжүүлээд нэмэргүй.

Ван И сайдын айлчлал нь хүлээгдэж байсан хэмжээнд сайн үр дүнтэй болсон. Зарим асуудлуудыг ч шийдэж чадлаа. Тэгэхээр айлчлалаар шийдэгдсэн асуудлуудыг ашиглан дараа дараагийн алхмуудаа маш хурдан хийх хэрэгтэй.

Шинжлэх Ухааны Академи, Олон Улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж: Хятадын талаас хийж буй үе үеийн айлчлал ямагт эдийн засгийн таатай боломж олгодог

Гэрэл зургийг mpa.mn

Энэ удаагийн айлчлал Монгол Хятадын харилцааны түүхэнд тодоор бичигдэн үлдэх, эдийн засгийн харилцааг бодитоор ахиулсан айлчлал боллоо. Улс төрийн хувьд бие биеэ харилцан хүлээн зөвшөөрөх уламжлалт байр сууриа илэрхийлэх цаг үе нь ч өвөрмөц байлаа. Дэлхий дахинаа хямралтай, олон улсын ойлгомжгүй нөхцөл байдлын үед харилцан бие биеэ дэмжих гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн онцгой, мэргэн айлчлал боллоо гэж харж байна.

Ван И сайд Монголтой харилцах туршлагатай. Хятад Улсаас Монгол руу Гадаад хэргийн сайдын түвшинд энэ удаагийн айлчлалтай нийлээд 9 удаа айлчлал хийсэн байдаг. Үүний 4 дэх нь Ван И сайдын үед хийгдэж байна.

Ингэж айлчлахдаа цар тахлын хямрал, дэлхийн тогтворгүй байдал, эдийн засгийн хүнд нөхцөлийн үеийг хэрхэн давж, туулах асуудалд улс орны хөгжлийн гол зорилтуудыг дэвшүүлж буй нь Монголчуудын хүсэн хүлээж байсан асуудлуудад нааштай хариу өгч, тодорхой тохиролцоонд хүрч чадлаа. Энэ бол том дэвшил, эдийн засгийн боломж гэж болно.

10 жилийн өмнө бид төмөр замын талаар ямар бодолтой байсан билээ. Гэтэл өнөөдөр Монголд олон жил сунжирсан төмөр замын асуудлууд цэгцэрч байна. БНХАУ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллахаас өөр гарц үгүй. Хятадын талаас хийж буй үе үеийн айлчлал ямагт эдийн засгийн таатай боломж олгодог. Харамсалтай нь улс төрийн дотоод нөхцөл байдлаас болж их боломж алдсан. Энэ удаагийн айлчлал ч мөн олон таатай нөхцөл байдлыг бүрдүүлж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын дүнг дахин сануулахад:

-Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,

-Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах,

-Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх,

-Нилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох,

-Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцах,

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.

-“Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах

-Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээх,

-Цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод буй.

Говьсүмбэр аймагт БОАЖ-ын газрын албан хаагчдын зөвлөгөөн болж байна
Говьсүмбэр аймагт БОАЖ-ын газрын албан хаагчдын зөвлөгөөн болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.