Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Саранхүү: 10 настай унаач охинд газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн боловч АМИЙГ НЬ АВАРЧ ЧАДСАНГҮЙ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 52 секунд

Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан эл хэргийн талаар болон баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд гарсан зөрчил, холбогдох хяналт шалгалтын талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүүтэй ярилцлаа.

-Өчигдөр 10 настай хүүхэд мориноос унаж амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хурдан морины унаач хүүхдийн бүртгэл мэдээллийн санг нийгмийн ажилтнууд бүртгэх боломжтой болсон. Энэ хүрээнд Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 835 уралдаан зохион байгуулагдсан байна. Үүнд 33800 хүүхэд оролцсон. Үүнээс 12 хүүхэд нь гэмтэл авч, зургаа нь амь насаа алдсан.

Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд 2022 оны долдугаар сарын 25-ны өдөр "Өлзийт гал" хэмээх уяачдын галын 10 жилийн ойн хурдан морины уралдаан зохион байгуулагдсан.

Энэ уралдаанд гурван аймгийн уяачид оролцсон. Харамсалтай нь 10 настай эмэгтэй хүүхэд аавынхаа уяж сойсон морийг унаж уралдаж байгаад амь насаа алдлаа. Тухайн хүүхэд гараанаас гараад 300 гаруй метр зайг туулаад мориноосоо унасан гэх илтгэх хуудас бидэнд ирсэн. Илтгэл хуудсыг тодруулахад, амиа алдсан 10 настай охин 7 настайгаасаа хойш морь унасан. Мөн уралдааны хувцас хэрэглэл бүрэн, эцэг, эх зөвшөөрсөн, "Практикал" даатгалд даатгуулсан. Мориноос унах үед нь эмнэлгийн тэрэг маш ойр явж байсан учраас яаралтай тусламж үзүүлсэн боловч амийг нь аварч чадаагүй. Тус наадамд сумын нийгмийн бодлогын хэлтсийн нийгмийн ажилтнууд хяналт тавьж ажилласан.

-Тухайн хурдан морины уралдаан бүртгэлийн хувьд албан ёсоор зөвшөөрөл авсан байсан уу?

-"Өлзийт" галын ойд зориулсан хурдан морины уралдааныг тус сумын Засаг дарга нь захирамж гарган зөвшөөрсөн байсан.

-Амиа алдсан зургаан хүүхдийн дөрөв нь хурдан морины уралдааны ЗАМААС

шалтгаалж унаж амиа алдсан-

-Энэ сарын 8-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадмын хурдан морины уралдааны үеэр 8 настай хүү амиа мориноос унаж амиа алдаж, хоёр хүүхэд гэмтэл авсан гэх мэдээлэл гарсан. Эл хэргийн талаар ямар мэдээлэл байна вэ?

-Дааганы уралдаанд оролцсон хоёр хүүхэд мориноос унасаны нэг нь мориндоо дарагдаж нас барсан гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаад, арга хэмжээ авч ажиллаж байгаа. Манайхаас Дорнод аймгийн ГБХЗХГ-т эцэг эхийн зөвшөөрөл, даатгал, нас зэрэгт хяналт тавьж ажилласан. Мөн хамгаалах хувцас хэрэгсэлд хяналт тавьж барианаас гаргасан. Тухайн уралдааны замтай холбоотой морь нь нүхэнд шургаж унаснаар хүүхдээ дарж амь насаа алдсан гэж бүртгэгдсэн.

Уралдаан зохион байгуулж байгаа бол тухайн аймаг, сум дүүргийн Засаг дарга нар тухайн хурдан морины уралдаанд хяналт тавих комиссийг байгуулах ёстой. Нэг анхаарал татсан асуудал нь мориноос унаж амиа алдсан зургаан хүүхдийн дөрөв нь уралдааны замтай холбоотой. Өөрөөр хэлбэл, морь нь нүхэнд шургасан, бүдэрсэн, хальтирч хүүхдээ дарсан тохиолдол бий. Тэгэхээр уралдааны замд анхаарахыг аймаг, сумдын Засаг дарга нарт анхааруулмаар байна.

-Дорнод аймагт унаж бэртсэн хүүхэд даатгалд хамрагдсан байсан уу. Эргээгээд эмчилгээ үйлчилгээ авахад даатгалаас нөхөн төлбөрөө авсан уу?

-Хурдан морины уралдаанд оролцож буй бүх хүүхдүүд даатгалд хамрагдсан. Даатгалын нөхөн олговор нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Даатгалын нөхөн олговрыг гаргаж өгөхөд ГБХЗХГ-аас хяналтаа тавьж, холбоотой ажиллаж байгаа. Нөхөн олговор нь олгогдоод явж байна.

-Уяач нар унаач хүүхдэдээ бусад хүүхдийн эрхийг зөрчихүйц зүй бус зүйлүүдийг

зааж өгч байгаа нь эрсдэл бий болгож байна-

-Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанд хэрхэн хяналт тавьж ажиллав. Зөрчлүүд хэр олон гарав?

-ГБХЗХГ болон цагдаагийн байгууллагын зүгээс холбогдох шаардлагуудыг тавьж ажилладаг. Гэхдээ иргэд ялангуяа уяачдын зүгээс эсэргүүцэл байна. Мөн хүүхдэдээ бусад хүүхдийн эрхийг зөрчихүйц зүй бус зүйлүүдийг зааж өгөх, авч өгч явуулах зэрэг асуудлууд гарч байгаа. Тухайлбал, баяр наадмын уралдааны үеэр хүүхдүүд маш урт сурыг биедээ ороож орж ирдэг. Тэрийг нь хураагаад авахаар хүүхдэд олгосон картаа уяачдаа өгөх нэрийдлээр урт сур, гялгар тор уралдааны үеэр ашигладаг.

Бид шалгасаар байтал их насны хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд гялгар тор хийсгэсэн тохиолдол гарсан. Үүнийг нь тодруулахад, "Уяач ингээрэй гэсэн. Араас ирэх морь үргээд ирэхгүй" гэдэг байдлаар тайлбарлаж байх жишээний.

Энэ бүх зүй бус үйлдлийг хүүхдэд зааж өгч, хийлгэж баймааргүй байна. Таны морь түрүү байранд орох хэрэгцээ байгаа. Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад томчууд хамтарч ажиллах ёстой.

-Уралдааны үеэр урт сураар яадаг юм бол?

-Зэрэгцээ хүүхдээ ороолгодог. Энэ юу ч биш мориноос нь татаж унагадаг, морины хөл рүү бугуйлыг шидэж унагаадаг гэсэн. Үүнийг хүүхдүүд өөрийнхөө амаар тайлбарласан. Дээр нь тариур, гар утсыг хувцсанд нь бэхэлсэн байх нь бий. Тиймээс бид уралдааны үеэр хүүхдүүдийг шалгадаг. Гэтэл уяач нарын зүгээс "Яагаад хүүхэд нэгжээд байгаа юм бэ" гэж манай мэргэжилтнүүдийг аашилж уурладаг. Үндсэн бол энэ бүхнийг хүүхэд өөрөө санаачлах бус уяачид л хэлж зааж өгч байгаа шүү дээ.Т

-Ийм үйлдэл гаргасан уяач нартайгаа хэрхэн хариуцлага тооцох ёстой юм бэ?

-Энэ бүх асуудалтай холбоотойгоор бид тухайн уяачид нь сануулж, зөвлөдөг. Таны эл үйлдэл буцаад хүүхдийг мориноос унахад эрсдэлт хүчин зүйлийг бий болгож байна гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийгээд явж байна. Мөн уяач нарын мэргэжлийн холбоодтой хамтран, уяач нарт чиглэсэн зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байгаа.

-Хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн нас

12-оос доошгүй байх саналыг хүргүүлж байсан-

-Ер нь хурдан морины унаач хүүхдийн гэлтгүй хүүхдийн эрх зөрчигдсөн аливаа асуудал гарахад ГБХЗХГ руу чиглэсэн шүүмжлэл их гардаг. Тэгвэл танайхаас хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, хурдан морь унаач хүүхдийн эрсдлийг бууруулах чиглэлд ямар саналуудыг шийдвэр гаргах байгууллагууд руу өгч ажилладаг юм бэ?

-Бид хуулинд юу гэж заасан байна түүний хэрэгжилтийг л хангана. Хэдийгээр Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлтөөр унаач хүүхдийн насыг 8 болгосон боловч хүүхдийн амь насаа алдах тохиолдол бүртгэгдсээр байна. 2019 онд 59 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж танилцуулах ажлыг ХНХЯ даалгасан. Үүний хүрээнд бид маш олон судалгааг хийсэн.

Судалгаагаар үндэсний баяр наадмын хурдан морины уралдаанд 12 настай хүүхэд морь унаж уралдах боломжтой гэж гарсан. Ингэхдээ гараанаас гарч буй хурдан морины дундаж хурд 100-120 км/цаг байна. Энэ хэмжээний гэнэтийн хурдыг тэсвэрлэх, морины амгай хазаарыг татах боломжит чадвар 12 хүртэлх насны хүүхдэд байгаа юм.

Ингэхдээ 12 настай хүүхдийн шууны чадал нь ямар хэмжээний хүчийг тогтоож барих боломжтой вэ гэдгийг судалгааны үндсэн дээр гаргасан. Хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн нас 12-оос доошгүй байх саналыг хүргүүлж байсан.

Шинэчилсэн найруулга орох үеэр Монгол өв уламжлалынхаа үүднээс бодолцож энэ насыг 9 байлгахаар саналыг хүргүүлсэн боловч 8 болж батлагдсан.

Үүнээс харахад, унаач хүүхдийн насыг дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цаашилбал, хүүхдийг эрсдлээс бүрэн хамгаалъя гэвэл хурдан морийг хүүхэд унадаггүй болгох хэрэгтэй.

Хэрэгжүүлэгч агентлагийн хувьд бүхий л боломжит анхааруулга, сэрэмжлүүлэг, сануулгыг хүргүүлж ажиллаж байна. Хэдийгээр өмнөх онуудаас эрсдэл хэд дахин буурсан хэдий ч энэ бол байж болшгүй асуудал.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш хугацаанд нас дээр зөрчиж орж ирсэн тохиолдол байгаа юу?

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш энэ төрлийн нэг зөрчил гарсан. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс суманд зохион байгуулагдсан уралдааны үеэр моринд чирэгдэж амиа алдсан хүүхэд долоон настай байсан. Эл хэрэгт холбогдох цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж байгаа.

ШУУД ҮЗЭХ:

Төмсөг нь хавдаж, унжсан цэргийг “хүчээр“ марш тактикт ГҮЙЛГЭЖЭЭ
Төмсөг нь хавдаж, унжсан цэргийг “хүчээр“ марш тактикт ГҮЙЛГЭЖЭЭ
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.