"Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирнэ ээ" гээд үнсүүлээд гарсан хүүгээ эмнэлэгт сахиад сууна чинээ ямар аав, ээж төсөөлөх билээ. Төр эрүүл саруул хүүг нь эр хүн болгоно хэмээгээд авч явсан ч хариуцлагагүй хандсан үйлдэл бүрээрээ "амьгүй" болсон биеийг нь ар гэрт нь “тушаасан” хэргүүд шил шилээ дараалан гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд, гуравхан сарын дараа халагдах байсан цэрэг барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон хэргийн дуулиан намжаагүй байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19-хөн настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарлаа.
Хүүгийн биеийн байдал ноцтой хүнд байсан учир эмч нар ГССҮТ-д яаралтай хүргэж, мэс засал хийлгэхийг зөвлөж. Ингээд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэлх 1500 км замд нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүүгээ эцэг, эх нь автомашинаар тээвэрлэжээ. Хүү замдаа өвчиндөө шаналж, уйлна. Заримдаа үг хэлэх ч тэнхэлгүй болж, зөвхөн нүдээ л анивчина. Энэ тоолонд эцэг, эхийнх нь сэтгэл урагдсаар арай хийж Улаанбаатар хотод ирэв. Гэмтлийн эмнэлгийн алтан гартай эмч нар аль чадлаа гаргаж, хүүг аврахын төлөө, хоёр хөл дээр нь босгохын төлөө тэмцсэн. Тэрний ач ч гарсан. Гэвч нэгэн насаараа эр цэргийн албаа эх орныхоо торгон хил дээр хаасан гэж бахархах учиртай байсан хүү нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл нүүрлээд буй.
-ТЭР ӨДӨР ЮУ БОЛСОН БЭ-
Асуудлын учгийг энд тайлъя. Цэргийн албанд татагдаад байсан 19-хөн настай хүү нэгхэн сарын дараа яагаад, юуны учраас гэмтэл авав. Тэр өдөр яг юу болсон бэ. Энэ талаар бид хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцлаа.
-Хүү тань хэзээ цэрэгт татагдсан бэ. Аль ангид хуваарилагдсан байсан бэ?
-Хүү маань энэ оны тавдугаар сарын 02-нд цэрэгт татагдсан. Говь-Алтай аймгийн алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Яргайтын заставт хуваарилагдсан.
-Алба хааж байхдаа гэмтэл авсан гэх мэдээлэл өчигдрөөс эхэлж гарсан. Тухайн өдөр юу болсон талаар та өөрт байгаа мэдээллээ бидэнд өгөхгүй юу?
-Зургаадугаар сарын 23-нд хэрэг болсон юм. Манай хүү гурван цэргийн хамт үнээ саах ажилд хуваарилагдсан юм билээ. Хүү маань үнээгээ сааж дуусаагүй байхад нь хамт ажилллаж байсан хоёр цэргийг нэг нь болох н.Дагвадорж хэмээх цэрэг дуудаж, тамхи асуусан гэсэн. "Байхгүй" гэж хариулахад нь "Барилдъя" гээд хоргоогоод байсан гэсэн. Тэгэхээр нь "Ганц удаа шүү" гэж хэлээд барилдаж. Тухайн үед хүү маань баруун хөлийг нь авчихсан зогсож байтал өнөө цэрэг нь өмднийх нь ар талаас татаж байгаад өргөөд шидчихсэн гэсэн. “Нэг сэрэхэд ангийн хаалгаар өргөлцөөд гарч явсан” гэж хүү маань хэлсэн.
-Тэгэхээр шидүүлсэн даруйдаа ухаан алдсан гэсэн үг үү?
-Тийм ээ. "Босооч" гэж хэлэхээр нь “Би босож чадахгүй байна” гэж хэлснээ л санаж байна гэсэн.
-Барилдсан цэрэгтэй танай хүү хувийн таарамжгүй харилцаатай байсан юм болов уу?
-Зургаадугаар сарын 12-нд болсон тангарагийн баярт нь эхнэр бид хоёр хоёулаа очсон. Цэргүүдийн дунд бөхийн барилдаан болсон. Барилдаанд хүү маань үзүүрлэж, н.Дагвадорж хэмээх тэр хүү түрүүлсэн юм.
Хэрэг гардаг өдөр н.Дагвадорж өөр ажил дээр байсан хэрнээ "Ариун цэврийн өрөө орно" гэж чөлөө аваад үнээ сааж байсан хүү дээр минь ирж барилдсан байна лээ. Алтай сумын уугуул, сумандаа алба хааж байсан гэсэн үг.
-Хүү тань цэргийн анги дээрээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар та хоёрт хэзээ мэдэгдсэн бэ?
-Манайх хөдөөний малчин айл. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд амьдардаг. Хэрэг гарсан өдөр буюу зургаадугаар сарын 23-нд аймгийн төв дээр амьдардаг хадам ах руу цэргийн ангиас нь “Алтангэрэлийн гар нь хугарчихлаа” гэсэн байсан. Тэрийг сонсоод эхнэр бид хоёр санд мэнд очсон.
-Та хоёр шууд аймгийн эмнэлэг рүү явсан уу?
-Уг нь Мааньтын Сайр гэх газарт уулзана гэж ярьсан юм. Биднийг очих гэсээр байтал хоцорчихсон. Тэгээд араас нь очсон.
-Та хоёрыг очих үед хүүгийн тань биеийн байдал ямархуу байсан бэ?
-Очих үед хүзүүний хамгаалалттай, тэргэнцэр дээр суучихсан байсан. Хүүг маань заставаас нь 50 гаруй километрт ямар ч хүзүүний хамгаалалтгүй тээвэрлэсэн байна лээ. Тэгээд өөдөөс нь эмнэлгийн тусламжийн машин тосож аваад эмнэлэгт хүргэсэн байсан.
-Аймгийн эмч нар онош тодруулахаар хот руу явахыг зөвлөсөн гэж байсан. Бас ийм хүнд гэмтэлтэй хүнийг газраар тээвэрлэсэнд олон нийт бухимдаж байна. Хотод ирээд шинжилгээ өгөхөд ямар онош гарсан бэ?
-Аймгийн эмч нар хот руу газраар тээвэрлэж болно гэдэг зөвшөөрөл өгсний дагуу хотрд ирсэн. ГССҮТ-д ирснээс гурван өдрийн дараа хагалгаанд орсон. Хүзүүний тав, зургаадугаар үе мултралтай, нугасны хатуу хальс урагдалттай, нугалмын арын зөөлөн эд урагш гулссан байсан. Зургаадугаар сарын 27-нд өгсөн MRI шинжилгээгээр “Тавдугаар нугалам урагш гулссан, нугасны хатуу хальс урагдалттай, зөөлөн эдэд шингэн хурсан, нугасны эдэд хаван нэвчдэс няцралтын голомттой” гэсэн хариу гарсан.
-Алба хааж байсан цэргийн ангиас нь та бүхэнтэй хотод иртэл холбогдсон уу. Одоо холбоотой байгаа юу?
-Хэрэг гарсанаас хойш тухайн цэргийн ангийн эмч нь бидэнтэй холбоотой байсан. Хагалгаанд орсоны дараа буцсан.
-“ГАЛ УНТРААХ” ЗОРИЛГООР АЛСЫН ЗАЙН ДУУДЛАГЫГ “АЛГАССАН” УУ-
Бэртсэн хүүг нь 1500 гаруй километр зайд автомашинд “сэгсчүүлж” авч ирэх бус алсын зайн дуудлага өгч нисдэг тэргээр Улаанбаатарт авч ирэх боломж байв. Өөрөөр хэлбэл, алсын зайн дуудлагыг 103-т мэдэгдэж өгөх ёстой байдаг аж. Мөн цэргийн ангиас төв рүүгээ холбогдож хэлэх ёстой. Гэтэл үүнийг мэдсээр байж хэн нь ийм дуудлага мэдээлэл өгөөгүй болохыг түүний ар гэрийнхэн хэлж буй юм.
Энэ талаар хохирогч цэргийн аав Д.Аюурзана “Уг нь алсын зайн дуудлага өгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг очиж хийх, аль эсвэл нисдэг тэргээр зөөвөрлөх боломжтой байдаг юм билээ. Гэтэл энэ тал дээр бидэнд ярьж хэлсэн зүйл байгаагүй. Сүүлд мэдсэн. Хэрвээ алсын зайн дуудлага өгсөн бол буруу тээвэрлэж, цаг хугацаа алдахгүй шуурхай арга хэмжээ авч болох байсан юм билээ. Үүнийг ч цэргийн ангийн эмчид нь хэлсэн.
Хамгийн гол нь, ганц цагийн ч өмнө болтугай ирсэн бол нуруу нугас нь зүгээр ч байх байсан юм билүү, хэн мэдлээ. Бид хэлж мэдэхгүй шүү дээ. Хүзүүний зөөлөн эд мултарсан, нугас нь тасарсан хүнийг 1500 километрт газраар тээвэрлэж авч ирсэн. Цэргийн ангиас нь автомашин гаргаж бид түүгээр нь хотод хүүгээ тээвэрлэж авч ирсэн” гэлээ.
Түүнчлэн тээвэрлэлтийн горимын алдаа гаргаж ирсэн явдал нь судаснууд дарагдаж нугасны мэдрэлийн фазыг гэмтэхэд нөлөөлсөн гэх. Ингэхдээ мэдрэлийн фазууд гэмтсэн учраас захын судаснууд ажиллагаагүй болж гар мэдээгүй болсон. Зүүн талын хөлөөрөө сайн гишгэж чадахгүй байгаа аж.
ГССҮТ-д хүзүүг нь хадсан хэдий ч мэдрэлийн фазууд гэмтэл орсноос болж хэзээ ч сэргэхгүй байж болзошгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа аж.
-ЗАМДАА ХҮҮГИЙН ПУЛЬС УНАЖ, ӨВЧИН НАМДААГЧ ХИЙЖ, ХҮЧИЛТӨРӨГЧ ЗАЛГАЖ ИРЖЭЭ-
Хэрэв хойшлуулшгүй арга хэмжээ авч чадсан бол хүү цаг алдалгүй ГССҮТ-д мэс засалд орох боломжтой байв. Гэтэл бүтэн 24 цагийн турш газраар тээвэрлэж, Улаанбаатарт ирэх хүртэл хүүгийн биеийн байдал хэд хэдэн удаа хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулжээ. Тодруулбал, пульс нь хэд хэдэн унаж, өвчин намдаах тариа хийж, хүчилтөрөгч ч залгаж ирсэн аж.
-“ЦЭРГИЙН АНГИЙН ЗАХИРАГЧ “ХОХИРСОН НЬ Л ХОХИРНО” ГЭЖ ХЭЛСЭН”-
/Хохирогч цэргийн аав Д.Аюурзанын яриа энд үргэлжилнэ/
-Хүүтэй тань барилдсан гэх цэрэг одоо цэргийн ангидаа байгаа юу. Ямар нэг хариуцлага яригдсан зүйл бий эсэх талаар цэргийн ангийн удирдлагуудаас тодруулсан уу?
-Уг нь цэргийн ангийн хяналтад байгаа л гэж байсан. Гэтэл үгүй юм шиг байна лээ. Осол болсноос хойш энэ сарын 8-9-нд Алтай суманд зохиогдсон цолгүй 32 бөхийн барилдаанд барилдау байгаа бичлэг нь цацагдсан байсан. Эхнэр маань түүнийг нь харчихаад цэргийн ангийн захирагч н.Батжаргалтай холбогдоход “Хоёр хүүхдийн хооронд л болсон зүйл. Хохирсон нь л хохироно. н.Дагвадорж албаа хаагаад л явж байгаа. Өөр яах юм” гэж хэлсэн гэсэн. Маргааш нь холбогдоод "Уучихсан байхад нь холбогдсон байна. Элдэв зүйл ярьсандаа уучлалт гуйж байна" гэсэн байна лээ.
-н.Дагвадорж болон хэрэг гарах үед цуг байсан цэргүүд ямар мэдүүлэг өгсөн юм бол?
-“Би Алтангэрэлийг давуулаад гуядсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл хүнийг гуядаж мушгихад хэзээ ч толгойгоороо унахгүй. Хүү маань хэлэхдээ өмднийх нь ар талаас татаж аваад өргөөд шидчихсэн л гэсэн.
-ХҮҮГИЙН ХОЁР ГАР МЭДЭЭГҮЙ, ХҮЗҮҮГЭЭ ХАДУУЛЖ, ХӨЛ ДЭЭРЭЭ АРАЙ ХИЙН АЛХАЖ БАЙНА-
-Хүү тань одоо Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. ГССҮТ-д хагалгаанд ороод хэдэн өдөр эмчилгээ хийлгээд энэ сарын 4-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү шилжүүлсэн. Өчигдөр /2022.07.18/ эмч нар нь эмнэлгээс гаргана гэж ярьсан. Би ч хэлсэн. Очих үед нь тархины хаван чиглэлд нь эмчилгээ хийгдсэн гэсэн. Наадмын үеэр бараг л эмчилгээ хийгээгүй гэж. Одоо сэргээх эмчилгээ гэж зүү л тавьж байгаа. Ээж нь сахиураар цуг байна. Би орж уулзаж чадахгүй байгаа.
-Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ?
-Хоёр гар нь мэдээгүй болсон. Эрхийн долоовор хурууны үзүүрээ хөдөлгөх үү, үгүй юүтэй байгаа. Толгой тархи нь өвдөөд байгаа гэсэн. Эмч нарын зүгээс хэдээ мэдээ орохыг нь хэлж мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Хүзүүгээ хадуулсан. Хүзүүний хамгаалалттай, муу л алхаж байгаа.
-“ГАНЦ ХҮҮГЭЭ ОЛОНТОЙГОО БАЙЖ АЛБАА ХААГААД ИР ГЭЭД ЯВУУЛСАН. ЭЦЭСТЭЭ ЭРҮҮЛ САРУУЛ БОЛГОХ ГЭЭД ЭМНЭЛЭГТ САХИЖ СУУНА”-
-Та бүхний зүгээс энэ нөхцөлд тухайн барилдсан гэх хүүгээс гадна тээвэрлэлт тал дээр хойшлуулшгүй арга хэмжээ аваагүй, анхаарал хандуулаагүй гэдэгт цэргийн анги байгууллага нь хариуцлага хүлээх ёстой гэж харж байна уу?
-Хариуцлага хүлээх ёстой. Дор хаяад, тухайн үед цэргүүдийг хариуцаж ажиллах ёстой цэргийн алба хаагч байх ёстой шүү дээ. Ялангуяа камергүй орчинд.
-Та бүхэн хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан уу. Цаашид ямар арга хэмжээ авна гэж бодож байна вэ?
-Манай ганц хүү л дээ. Тавдугаар ангиасаа хойш мал дээр гарч, бид хоёртой цуг байсан. Бид хоёрын хамаг ажлыг нугалж байсан хүү. Олонтойгоо яваад, алба хаагаад ир гээд цэрэгт явуулсан. Гэтэл эцэстээ ийм л болчихоод байж байна.
Хэрэг гарах үед тэр дороо хууль хяналтын байгууллагад хандах сэхээ байгаагүй. Ганц хүүгээ хөл дээр нь босгохоо л бодсон. Одоо хагалгаандаа орчихсон учраас цаашид аль сайн гэсэн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэнэ. Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-нд шалгаж өгөх хүсэлтээ өгсөн. Өмгөөлөгч авахаар хандсан.
-ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРААС “ХЭЛ ЧИМЭЭГҮЙ” БАЙСААР-
-Улаанбаатарт ирсэнээс хойш тухайн цэргийн анги болон Хил хамгаалах Ерөнхий газраас та бүхэнтэй холбогдсон уу?
-ГССҮТ-д хагалгаанд орсоны дараахан Хил хамгаалах Ерөнхий газраас биднийг хүлээж авч уулзсан. Тухайн хилийн застав дээр шалгалт явуулж байгаа. Эндээс хүмүүс томилж үүрэг даалгавар өгөөд явуулсан" гэх мэдээллийг бидэнд өгсөн. Түүнээс хойш дахин холбоо бариагүй байна.
Хэрэг зургаадугаар сарын 23-нд гарсан. Ийнхүү хэрэг гарсанаас хойш даруй нэг сар болох гэж байхад хуулийн байгуулагууд ч шуурхай ажилласангүй. Дүрмийн бус үйлдэл гаргасан цэргийг хяналтад байлгах ёстой байтал сумын наадамд барилдуулаад явж байна. Ганц хүүгээ эрүүл саруул болгохоор өдөр шөнөгүй сахиж, энд тэндхийн эмнэлэг бараадан суух эцэг, эх нь хүүтэй нь барилдсан гэх цэрэг сумын наадамд зодоглож, түүнийг нь “хяналтад байгаа” хэмээн хэлж суугаа тус ангийн дарга удирдлагуудад гомдолтой байгаагаа учирлаж байлаа.
-УЛСЫН МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАРТ ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-
Хохирогч цэрэг А-ын аав энэ сарын 6-нд тус хэргийг шалгаж өгөх хүсэлтийг аймгийн цагдаагийн газарт гаргасан. Гэвч энэ сарын 18-нд наадмын урт амралт дуусч ажил орж байгаа тул хэргийн ажиллагаа дөнгөж л эхэлж байгаа талаар аймгийн цагдаагаас нь хэлжээ. Мөн хохирогч цэрэг Улаанбаатарт эмчлүүлж байгаа хойгуур хөдөө орон нутагт хэргийг шалгах ажиллагаа учир дутагдалтай явагдаж байна хэмээн үзсэн тул ар гэрийнхнийх нь зүгээс эл хэргийг улсын мөрдөн байцаах газарт шалгуулах хүсэлтээ өгчээ.
Ц.Янжиндулам