Муухайгаар хэлэх юм бол, монголчууд шиг “бадар барих”-даа гаргууд улс дэлхийд ховорхон. Ялангуяа төрийн дээд түвшинд. Түүх нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас улбаалсан. Түүний хувьд гадаад харилцаа, гүйлгээ ухаан, гярхай зангаараа үе үеийн Ерөнхийлөгч нараас ялгардаг.
Энэ ч утгаараа гаднын донор орнуудаас зээл тусламж, хөрөнгө оруулалт татах гол түлхүүрийг эргүүлсэн түүчээлэгч Төрийн тэргүүн байсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.
Тиймдээ ч БНХАУ-тай найрсаг харилцаатай байх дипломат харилцааг улам бэхжүүлсэн.
Жагсаалт Ц.Элбэгдорж, Х.Баттулгаар үргэлжилсээр үе үеийн Ерөнхий сайд нараар түүх зурагдсан. Энэ цаг үеүдэд голлох ярианы сэдэв болж ирсэн нэг асуудал нь Монгол-Хятадын дунд гүүр болсон хилийн боомтуудын нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх, тоог олшруулах.
Асуудал яригдсаар бараг 20 гаруй жил болж.
Энэ хугацаанд Замын-Үүд, Ховдын Булган зэрэг хэдхэн боомтын нэвтрүүлэх чадамжийг нүд хуурах хэмжээнд ахиулснаас цааш ажил гавьсангүй.
Тэгсэн атлаа Монголын төр их том мөрөөдөлтэй. Тэр нь жилд 40 сая тонн нүүрс экспортлох. Ямар замаараа, ямар боомтоороо гадагшаа гаргах гээд байгаа нь юм, бүү мэд. Мөрөөдлөө биелүүлэх гарц, гаргалгааг өөрсдийн хүчээр гаргаж чадахгүйг нь тодорхой. Тиймээс л Цагаандэл Уул-Өлзий боомтыг асуудлаар 2014 онд Монгол Улсын Засгийн газар урд хөрштэй зөвшилцөлд хүрч, муухайгаар хэлэх юм бол хятадуудад “бадар барьсан” байдаг. Үүний хариу болгож, хятадын талаас энэ боомтыг нээхийг зөвшөөрсөн нот бичиг ирүүлж, улмаар боомтын бүтээн байгуулалтын санхүүжилтийг гаргахаар болсон юм.
Үүнээс хойш найман жил өнгөрсөн ч боомт ашиглалтад орох нь битгий хэл, нээх эсэх нь ч бүрхэг байсаар. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Шинэ сэргэлтийн бодлого” мөрөөдлөөр тус боомтыг жишиг болгоно гэсэн. Гэтэл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарангуутаа “улс орны эдийн засаг чухал биш” гээд зангаа хувиргачихав. Үүнээс нь болж БНХАУ-ын талаас оруулсан хөрөнгө оруулалт салхинд хийсэх нь тодорхой болов.
За энэ ч яахав, хятадын эзэнт гүрэн 800 тэрбум төгрөгөөр хохирлоо гээд дефолт зарлахгүй нь лавтай.
Гэхдээ хамгийн гол асуудал нь Монгол Улсын Засгийн газар гуйлга гуйхдаа гаргууд болохоос биш, хэлсэн амандаа хүрч ажил хийдэггүй гэх мессэжийг олон улсад өгөөдөхөв. Дагаад 40 сая тонн экспортлох төлөвлөгөө мөрөөдөл болж, эдийн засаг эерэг нөлөө авчрах боломж алдагдав.
Энэ бол Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд унах, гаднын хөрөнгө оруулалт зогсох, зээлжих чанар муудах гээд олон эрсдлийг дагуулах төвөгтэй асуудал.
Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүнийг огоорч умартав.
Яагаад, юуны төлөө, юуны учир.
Угтаа бол “Цагаандэл уул” боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцыг ахиулах зорилгоор хоёр улсын Гадаад хэргийн яамдын зөвшилцлөөр 2021 оны аравдугаар сард гурав хоногийн хугацаанд анх удаа түр нээсэн юм. Хоёр улсын Засгийн газрын төвшинд ярьж, гар барьсан ажил нь бага ч гэсэн урагшилсанд муу хэлэгддэг хятадууд баярлав. Хөөрсөндөө манай улсын Сангийн яаманд албан бичиг хүртэл илгээж. Гэтэл манай талаас бодлогын баримт бичигтээ тусгаж өгсөн хэрнээ үг, үйлдэл нь зөрж, ажил урагшилсангүй өнөөг хүрэв.
Учир нь боомтын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө Баруун Нарангийн 32 км замаас Цагаан дэл уулын боомт хүртэл хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулах концесс зарласан байдаг. Энэ концесст “Ундрах говь” компани тэнцэж боомтын автозамын ажлыг концессийн гэрээгээр авсан юм. Концессоор 270 км хатуу хучилттай автозам барих учиртай.
Хэрвээ автозам ашиглалтад орвол нүүрсний тээвэрлэлт байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүйн дээр нутгийн иргэд дэд бүтэцтэй холбогдож, улмаар өрхийн амжиргаа сайжрах давуу талтай.
Гэтэл улс төрийн хатгаас орсон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулснаар бүтээн байгуулалтын ажил хоёр жил гацав. Арай хийж барилгын ажлаа эхлэх бүх зөвшөөрлөө авч дуусаад туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулж, ажлаа эхлэх гэтэл дахиад л өнөөх жагсагчид.
Энэ үеэр нэгэн баатар гарч ирсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ.
Тэрбээр боомтуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “лоозон”-тойгоор Өмнөговь аймаг дахь байнгын ажиллагаатай боомтуудаар орсон. Ингэхдээ “Цагаандэл уул” боомтын бүтээн байгуулалттай танилцана гэсэн ч яагаад ч юм бэ, нутгийн иргэдийн цугларалтад "бараалхсан" байдаг. Энэ үеэрээ “2014 онд Засгийн газрын гаргасан шийдвэрийг түр хугацаанд түдгэлзүүлнэ” гэж ард түмний баатар болов. Гэвч улстөрч хүн л болсон юм хойно “Гэхдээ талуудын хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гээд хоёр үзүүртэй зүү шидчихэв.
Эндээс л “Цагаандэл уул” боомт нээгдэх эсэх нь эргэлзээтэй болов.
Дагаад дээр хэлсэнчлэн концессоор 270 км автозам тавиад нутгийн иргэдийг дэд бүтэц холбогдох нь үлгэр болж дуусч байх шиг байна.
Үргэлжлээд эдийн засгийн өсөлт, өнөөх 40 сая тонн нүүрсний тээвэрлэлт Монгол мөрөөдөл жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ. Баяр хүргэе.
Уг нь бол боомтын бүтээн байгуулалтад өнөөг хүртэл олон тэрбум юанийн хөрөнгө оруулалт зарцуулсан. Дагаад автозам тавих концесс нь эхлэхэд бэлэн болчихсон.
Гэтэл Монгол төрийн эрх баригчид бэлэн хоолыг таваглаж чадахгүй найман жил дуншлаа.
Үр дүнд сөрөг хүчний “автортой” чиглэсэн жагсаал цуглаан эрчимжиж эхлэв. Боомт дагасан процесс ийм байна.
Нийтлэл анх эхлэхэд монголчууд шиг бадар барихдаа гаргууд улс дэлхийд алга гэсэн. Учир нь энд тайлагдсан байх гэж найдая. Хэрэв зээ, ухаж ойлгогдоогүй бол дахин тайлъя. Учиг нь, Монголын төр гаднын донор улсуудаас хөрөнгө оруулалт, зээл, тусламж нэрээр бадар буюу гуйлга гуйдаг. Гэвч тэр хөрөнгө оруулалтаа зүй зохистой ашиглаж, улбаалаад эргэн төлөлтөө хугацаанд нь хийчих хэмжээний арчаатай биш.
Ядаж байхад төр нь хүртэл гаднынханы бэлдэж өгсөн хоолыг хүртэл эвийг нь олоод хоолой руугаа гулгуулчихаж чадахгүй арчаагүй.
Тиймдээ ч хэлэлцээд, гар бариад үзэглэсэн ажлаа эзний сэтгэлээр олигтойхон хийчихгүй амин хувийн гэмээр ашиг харж хойш гэдийхээр олон улсад Монголын төр муухай харагдаад байна. Дагаад эдийн засаг сэргэх биш улам сөхрөх дээрээ тулаад байна. Үүний тод жишээ нь, Цагаандэл уулын боомтын бүтээн байгуулалт. Тиймээс л эдийн засгаа сэтгээе гэвэл, гар барьж үзэглэсэн боомтоо нээчих.
Монголын эдийн засгийг сэв хийтэл босгоод ирэх хувь нэмэр оруулдаггүй юм гэхэд тодохой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй гэдгийг өнөө цагийн эрх баригчдад уламжлая.
Г.Нацаг-Эрдэнэ