Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтаар 229 шашны байгууллагыг шалгахад 29 зөрчил илрүүлжээ.
Үүнд: Стандартын шаардлага хангаагүй камер суурилуулсан 11, камергүй 3, үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан сунгуулаагүй 13, хүүхэд болон бусад хүнд эрсдэл учруулж болзошгүй шатны бариул засаж сайжруулах шаардлагатай 1, тагтны шал цөмөрсөн 1 зэрэг зөрчил илэрснийг мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн байна.
Дээрх шашны байгууллагад шавилан суралцдаг 08-18 насны эрэгтэй 124 хүүхэд, дотуур байранд байрладаг 8-18 насны эрэгтэй 69 хүүхэд байна. Шавилан суралцдаг болон байралдаг 56 хүүхдээс гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч байсан эсэх, шашны байгууллагын багш, удирдлагаас дарамт шахалт үзүүлдэг эсэх, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар санал асуулга явуулахад хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэл илрээгүй.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн шашны байгууллагын судалгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан судалгаагаар нийт 253 газар бүртгэлтэй байгаагаас будда 83, бөө мөргөл 11, христын 155, бахай 1, ислам 1, бусад 2 байна.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг 30 байгууллага байна. Үүнээс христийн 24 сүм, буддын 3 дуган, исламын 3 сүм тус тус бүртгэлтэй байна.
- “Сайн Номуун хийд” шашны байгууллагын дэргэд Чандмань Эрдэнэ нэртэй шашны бүрэн дунд сургуульд нийт 46 хүүхэд,
- “Оюуны орчин” нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын байранд 12-18 насны нийт 18 хүүхэд,
- Христийн “ Хожмын үеийн гэгээнтэнүүд ” сүмд 7-14 насны 10 хүүхэд,
- “ Мөнх амины ундарга ” сүмийн цуглаанд 4-16 насны 30 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр,
- “Итгэлийн өргөө” сүмийн цуглаанд сургуулийн насны 30 орчим хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлгүй оролцдог./ бичгийн баримтгүй /
- “ Берлик мечит ” казак үндэстний шашин соёлын төвд хичээлийн бус цагаар 30-50 орчим хүүхэд ирж хичээл заалгаж, цуглаанд оролцдог.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт буддын 3 хийд, христийн 2 сүм үйл ажиллагаа явуулж байна.
- “Дашилхүмболин”, “Гүндү Ёндон Равжаалан” хийдэд нийт 5 хүүхэд нь шашны зан үйлд суралцахын зэрэгцээ түвд хэл бичиг үзэж байна.
- Христийн “Мөнх амин аврал” сүмд 7 хоног бүрийн бямба гарагт бага ангийн хүүхдүүд, ням гарагт дунд, ахлах ангийн хүүхдүүд цуглардаг гэх хуваарь гаргасан, “Хожмын үеийн гэгээнтнүүдийн” сүмд 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт Англи улсын нэр бүхий 2 иргэн үнэ төлбөргүй англи хэлийг заадаг ба уг хичээлд 6 хүүхэд тогтмол хамрагддаг.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 43 шашны байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ба үүний 3 байгууллага цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр зогссон, 4 байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, өөр нутаг дэвсгэрт шилжэн нүүсэн 1 байгууллага тус тус шалгалтанд хамрагдаагүй. Үлдсэн шашны 35 байгууллагаас буддын 14, христийн 18, нийтийн ухамсрыг сэргээх 1, шашны сургууль 2 байна.
Гэсэр, Бэтүб, Пунцагцогчинлин, Жанчив дэнчинлэн хийдүүдэд насанд хүрээгүй 119 хүүхэд шавилан сууж байна. Эдгээр сурагчид ерөнхий боловсролын 49, 112 дугаар дунд сургууль, Бэтүб дунд сургууль, Насан туршийн боловсрол олгох төвд тус тус ерөнхий боловсролын сургалтад хамрагдаж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах нийт 49 шашны байгууллагад хяналт, шалгалт хийхээс үйл ажиллагаагаа түр зогсоосон 9 байгууллага байв. Үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудаас буддын 10, христийн 28, католик 1, шашны 1 сургууль байна.
Буддын шашны “Наро институт” хийдэд орон нутгаас ирсэн 11-15 насны нийт 7 хүүхэд шавилан сууж, хийдийн дотуур байранд байрлаж байна. Тус дотуур байр нь холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн эдгээр хүүхдүүд нь хийдээс гадуур сургуульд суралцдаггүй. Эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэх боловч бичгийн баримтгүй, хийдээс хүүхдүүдэд Төвд хэл, Монгол хэл, Математик, Монгол бичгийн хичээлүүдийг заадаг гэх боловч бүрэн дунд боловсрол олгох стандарт шаардлагыг хангахгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа 22 байгууллага байна. Үүнээс буддын 14, христын 8 байгууллага байна.
Гандантэгчлэн хийдэд 166 хүүхэд шавилан сууж байгаагаас 8-18 насны 50 хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлтэй дотуур байранд байрлаж байна. 166 хүүхдийн 40 хүүхэд Насан туршийн боловсролын сургалтад, 126 хүүхэд Ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд суралцдаг байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа 59 байгууллагаас 5 байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна. Үүнээс буддын 21, христын 36, ислам-1, методист -1 сүм байна.
Буддын 6 хийдэд 11-17 насны 19 хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр суралцаж, байрлаж байна.
Харин христын “ Амар тайван “ сүмд 2-9 насны 20 хүүхэд 7 хоногийн хагас сайн өдөр эцэг эхийн хамт цугларалтанд очдог гэх асуудлыг шалгуулахаар дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэн авч шалгаж байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шашны 93 байгууллага үйл ажиллагаа явуулахаас 65 байгууллага хэвийн үйл ажиллага явуулж байна. Харин 28 байгууллагын нэр давхцсан, зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй гэх үндэслэлээр үйл ажиллагаа явуулаагүй тул шалгалтанд хамруулаагүй байна. Үүнээс христийн 48, католик 5, бөө мөргөлийн 1, буддын 7 хийд үйл ажиллагаа явуулж байна.
Тарвалин хийдэд 10-17 насны 11 хүүхэд, Сажабандид хийдэд 16 насны 4 хүүхэд өөрийн хүсэлтээр, эцэг эхийн зөвшөөрлөөр өдрийн цагаар шавилан суудаг байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн зөрчил илрээгүй, мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шашны 38 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс христийн 25, шито-2, буддын -6, бахай-1, баптист төрлийн 1 шашны урсгалууд үйл ажиллагаа явуулж байна.
Христийн “Ойн гэрэл” сүмд 20 орчим хүүхэд цуглаанд тогтмол хамрагддаг бүртгэлтэй бөгөөд эцэг, эхийн зөвшөөрөл байхгүй, хүүхдүүдийг бүртгэсэн талаар цахим болон цаасан бүртгэл байхгүй.
Христийн “Эхлэл” сүмд 10 гаруй хүүхдүүдэд үйлчилдэг ба тус сүмд хүүхэд хамгааллын бодлого байхгүй, хүүхдүүдийн цахим болон цаасан бүртгэл судалгаа байхгүй, эцэг, эхийн зөвшөөрөлтэй 32 хүүхэд байдаг гэх боловч энэ талаарх баримт байхгүй байна.
ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, АВСАН АРГА ХЭМЖЭЭ
- Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны орчин” төрийн бус байгууллага нь хаанаас санхүүжилт авдаг нь тодорхойгүй, дотуур байранд байрлаж байгаа 19 хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж 18 хүүхэд байсан, нэг хүүхэд Ховд аймаг руу явсан гэх боловч байрнаас хэзээ гарч явсан, ар гэрт нь хүлээлгэж өгсөн талаар огт бүртгэлгүй.
- Дотуур байранд хүүхдүүдийг байрлуулахдаа төлбөр авдаггүй гэх боловч эцэг, эхтэй байгуулсан гэрээнд 300000 /гурван зуун мянган төгрөг/ тушааснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан.
- Гэтэл тухайн мөнгийг хаана, ямар дансанд байршуулдаг талаарх мэдээлэл, бүртгэл байхгүй, хандивын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэх боловч иргэдээс ирүүлдэг хандивын бүртгэл байхгүй, хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх санхүүгийн бүртгэл, мэдээлэл байхгүй.
- Тус байгууллагын угтах өрөөнд хутга мэс ил, 3 давхрын тагт шалгүй онгорхой, хүүхдүүдийн унтлагын өрөөний цонхны тавцан дээр отвёрк ил байрлаж байсан, шалны зарим хэсэг цөмөрсөн, гадна орчин төмрийн хог хаягдал ихтэй зэрэг зөрчил нь хүүхэд байрлахад эрсдэл өндөр, хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй.
“ Сайн Номуун “ хийд , “ Мөнх-Амин ундарга хөгжил, Ел Бирлиги, Оюуны орчин зэрэг төрийн бус байгууллагууд, Есүс христийн “Хожмын үеийн гэгээнтнүүд ”, “Мөнхийн магтаал” сүмүүд галын аюулгүй байдлыг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
- Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй,
- Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандарт, дүрэм нормын дагуу байрлуулаагүй,
- Аврах зам гарцын тэмдэг тэмдэглэгээ, аврах зам гарцын схем зураг байрлуулаагүй,
- Утааны мэдээлэгчийг улирал бүр үйлчилгээ хийж бэлэн байдлыг хангаагүй. Гал унтраах тоног төхөөрөмж багаж хэрэгсэлд хяналтын карт хөтлөгдөөгүй,
- Шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийг зураг төслийн дагуу мэргэжлийн байгууллагаар холбуулаагүй,
- Барилга байгууламжийн цахилгаан ашиглалт угсралтын аюулгүй байдлыг хангаагүй,
- Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй,
- Авралтын зам гарц дээр хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарц, чиглэл заасан таних тэмдэглэгээ, аваар ослын гэрэл, гал унтраагуур байрлуулсан хэсэгт заах тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газарт гэрэлтдэг будаг эсвэл гэрэл бүхий гийгүүлэх бүрхэвчтэй хийж байрлуулаагүй,
- Галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй,
- Цахилгаан байгууламжийг дүрмийн дагуу угсралт хийгдээгүй.
“Оюуны орчин” төрийн бус байгууллага нь Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд Онцгой байдлын гал түймрийн улсын хяналтын байцаагч илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргэсэн,
“Оюуны орчин” байгууллага нь дотуур байрны чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчлийн шинжтэй байсан тул, зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шалгуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1/927 тоотоор хүргүүлсэн. Мөн дотуур байрны гал тогооны хоол олгох болон бэлтгэлийн өрөө цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, бохир, хүнсний агуулах эмх цэгцгүй, тогоочийн хөтлөх баримт бичиг, бүртгэлийн дэвтрүүд нээсэн боловч бүртгэл дутуу, дотоод хяналтын нэгж ажилддаггүй зэрэг зөрчил илэрсэнтэй холбоотой дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчлийн талаарх гомдол мэдээллээр бүртгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Мөн шашны байгууллагуудад хүүхдийн сурч боловсрох орчны нөхцөл нь стандарт шаардлагад нийцэхгүй байгаа талаарх зөрчлийг арилгах талаар үүрэг өгч, “ Сайн Номуун хийд ” шашны байгууллагын дэргэдэх Чандмань Эрдэнэ шашны бүрэн дунд сургуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулсан.
Багануур дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Дашилхүмболин”, “Гүндү Ёндон Равжаалан” хийдэд шашны зан үйлд суралцаж буй 5 хүүхдэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаггүй, эцэг, эхээс нь бичгээр зөвшөөрөл аваагүй,
- “Гүндү Ёндон Равжаалан” хийд нь ундны усыг усан сангаас зөөдөг, ус нөөцлөх сав нь зориулалтын бус, мөн хооллох орчин нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангахгүй, нэг хүнд оногдох талбайн хэмжээ бага, бүх үйл ажиллагаа нэг дор явагддаг,
- “ Мөнх амин аврал” сүмд ашиглагдаж байсан хийн баллоны хугацаа дууссан,
- “Хожмын үеийн гэгээнтнүүд “ сүм хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэх бөгөөд сургалтын танхимд байрлуулсан тавилга нь хүүхдэд гэмтэл учруулахуйц хурц үзүүр - ирмэгтэй, шил төмрөөр хийсэн ,
Иймд “Дашилхүмболин”, “Гүндү Ёндон Равжаалан” хийдэд шашны зан үйлд суралцаж буй 5 хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх чиглэлээр дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тус дүүргийн Насан туршийн боловсролын төвд суурь боловсрол эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.
- “Гүндү Ёндон Равжаалан” хийдэд хоол, хүнс, цэвэр усны эрүүл ахуй алдагдсан нь шалгалтаар тогтоогдсон ба зөрчлийг арилгуулах талаар мэргэжлийн байгууллагаас улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.
- “ Мөнх амин аврал” сүмд хугацаа дууссан хийн баллон ашиглаж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
- “Гүндү Ёндон Равжаалин”, “Дашилхүмболин” хийдэд өдрийн цагаар шашны зан үйлд суралцаж байгаа 5 хүүхдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн хүүхдийн эрхийн улсын байцаагч нар нэг бүрчлэн ганцаарчлан уулзаж шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллага нь зөрчлийн давхардсан тоогоор / галын аюулгүй байдлын дээрх зөрчилтэй адил / зөрчлүүд илэрсэн.
- Гэсэр, Бэтүб, Пунцагцогчинлин, Жанчив дэнчинлэн хийдүүд нь сургалтын зориулалтын байргүй, шаардлага хангасан сургалтын орчин бүрдээгүй,
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй,
- Буяны мөнгийг бэлнээр авдаг, бүртгэл тооцоо байхгүй,
- Татвар төлдөггүй, нийгмийн даатгалд хамрагдаагүй,
- Хүүхэд хамгааллын бодлого байхгүй,
- Телекамерууд бүрэн ажилладаггүй,
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг буддын шашны “Наро институт” хийдийн дотуур байр нь холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй. Хийдэд шавилан сууж буй хүүхдүүд хийдээс гадна сургалтад хамрагддаггүй. Эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр гэрээ байгуулсан гэх боловч бичгийн баримтгүй, хийдээс хүүхдүүдэд Төвд хэл, Монгол хэл, Математик, Монгол бичгийн хичээлүүдийг заадаг гэх боловч бүрэн дунд боловсрол олгох стандарт шаардлагыг хангахгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байсан.
- Христийн ’’Ивээлийн шүүдэр’’ сүмд 1 нас 7 сартайгаас 5 насны 9 хүүхдийг цэцэрлэг, өдөр өнжүүлэх хэлбэрээр байрлуулж байсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс материалжуулан шалгаж байна.
- Шашны байгууллагад суралцаж, байрлаж байгаа хүүхдүүдийн байранд галын аюулгүй байдлыг шалгахад: Аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг байрлуулаагүй 20 байгууллага,
- Гал түймрээс хамгаалах автомат тоног төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөж ашиглаагүй 25 байгууллага,
- Барилга байгууламжийн авралтын болон нөөц гарцыг ослын гэрлээр тоноглоогүй 25 байгууллага,
Барилга байгууламжийн залгуур, унтраалга, цахилгааны эх үүсвэрүүдийг хананаас шатдаггүй галд тэсвэртэй материалаар аюулгүйгээр суурилуулж тусгаарлаагүй, цахилгааны ил монтажтай утсыг механик гэмтлээс хамгаалж, зориулалтын хамгаалалтын бүрхүүл хийгээгүй 21 байгууллага байна.
- Объектын хэмжээнд авралтын зам гарцын схем зургийг норм стандартын дагуу хийж байрлуулаагүй, барилгын зам гарц, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, гал түймрийн улсын хяналтын дүрмийн дагуу тэмдэг тэмдэглэгээ байршуулах, тухайн байгууллагын даргаар батлуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчаар батлуулаагүй,
- Барилгын доторх усан хангамж, даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/-ийн засвар үйлчилгээ хийгдээгүй 15 байгууллага байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг Гандантэгчлин хийд, христын “ Ертөнцөд сайн мэдээ түгээх бурхан “-ны сүмийн хоол үйлдвэрлэлд мах, хүнс хадгалах хөлдөөгч бохир, угаалга хангалтгүй,түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл шинжилгээний бичгийг бүрдүүлээгүй, батлагдсан хоолны цэсгүй, хөргөгчид болсон болон түүхий эд зүйлийг тус тусад нь хадгалаагүй,тогооч, ажилчид эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрснийг тус дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хугацаатай албан шаардлага өгсөн байна.
Шалгалтаар шашны нийт байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ огт зохион байгуулдаггүй, хүүхэд хамгааллын бодлого байхгүй, хяналтын телекамерууд стандартын шаардлага хангахгүй, галын аюулгүй байдлын тухай хууль зөрчдөг, харъяа нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллагатай хамтран ажилладаггүй нь дээрх зөрчил, дутагдал гарсантай холбоотой гэж дүгнэсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулдаг “Гунгааданжайлан “ хийдэд 10-17 цагийн хооронд шашны боловсрол олгохдоо хүүхдийн тоглох, амрах, хичээллэх цагийн хуваарьгүй байгаа нь хөдөлмөрийн болон эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй, өрөө тасалгаанд телекамерын хяналтгүй, ерөнхий боловсролын сургууль болон багштай хамтран ажиллах гэрээгүй, хоолны цэсгүй, хүнсний түүхий эд хаанаас авсан талаар бүртгэлгүй байна.
Христийн 4 сүм, буддын 3 хийд, хүүхдийн дотуур байр 2, нийт 9 объектэд галын аюулгүй байдал зөрчигдсөн байна.