“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д давааны үндсэн хугацаа 15 минут, таваас дээших даваа 20 минут байна гэж заасан байдаг. Тэгвэл энэ дүрмийг давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байхаар болжээ.
Мөн тавын даваанаас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут байх бол санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байх юм.
Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор "аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцэн, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах" өөрчлөлтийг орууллаа.