Монгол Улсын Засгийн газар Фэйсбүүк компанитай 2018 оноос албан ёсоор хамтарч ажиллаж байгаа билээ. Ингэснээр фэйсбүүк дэх зөрчилтэй контент, хаягуудыг устгаж, хандалтыг бууруулах арга хэмжээ авч байгаа аж. Уг асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнарантай ярилцлаа.
-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр иргэд албан ёсны нэг фэйсбүүк хаягтай байх боломжтой эсэх асуудал яригдсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Фэйсбүүк бол олон улсын флатформ. Нээлттэй, үнэ төлбөргүй. Энэ утгаараа тухайн иргэн хэдэн хаягтай байх нь нээлттэй асуудал. Монгол Улсын 2.7 сая иргэн фэйсбүүк ашигладаг гэх судалгаа гарсан. Дээр нь энэ флатформны хязгаар нь 13 наснаас дээш. Гэтэл зарим эцэг, эхчүүд 13-аас доош насны хүүхэддээ нээж өгсөн байдаг. Эсвэл зарим хүүхэд өөрийн насыг худлаа оруулаад бөглөсөн байдаг. Энэ утгаараа үүнд ямар ч хараа хяналт байхгүй.
-Фэйсбүүк дэх гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж гишүүд асууж байсан. Манай улсын хувьд Фэйсбүүк компанитай хамтарч ажилладаг болсон. Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажил хийгдсэн бэ?
-2018 оноос хойш Фэйсбүүк компанитай Монгол Улсын Засгийн газар хамтарч "Ногоон суваг" байгуулан ажиллаж байна. Энэ суваг яаж ажилладаг вэ гэхээр, зөрчилтэй хаяг, контентыг тус компанид мэдэгддэг. Манай хорооноос тухайн контентын агууллагад хяналт тавьдаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн "Миний талаар ийм худал мэдээлэл цацагдаж байна".
Эсвэл "Энэ бол хулгайн контент" гэдэг ч юм уу. Ямар байдлаар хохирол учирсан гэж үзвэл цагдаагийн байгууллагад хандах ёстой. Цагдаагийн байгууллагаас гомдлыг хүлээж аваад шалгалт хийдэг. Ингээд тухайн гомдол нь үндэслэлтэй бол дүгнэлтээ гаргаад манай байгууллагад хороонд ирүүлсний дагуу манайхаас Фэйсбүүк компанид ханддаг. Ингэснээр тухайн контентыг хандалтыг бууруулах, эсвэл устгах зэрэг арга хэмжээ авдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос УИХ-ын 2020 оны сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, мөн цар тахлын үеүдэд онцгой анхаарч ажилласан.
-Өнгөрсөн хугацаанд хэчнээн контентыг хандалтыг бууруулж, устгасан бэ?
-Статистик тоо гарсан. 2020 онд пэйж, хаяг, контент гэсэн байдлаар Фэйсбүүк компанид хандсан. Нийт 566 линк явуулснаас 301 нь устсан. Өөрөөр хэлбэл, бидний явуулсан хүсэлтийн 53 хувийг шийдвэрлэсэн гэсэн үг. Ковидын үед хамгийн өндөр буюу бидний гаргасан хүсэлтээс 62 хувийг нь шийдвэрлэсэн.
-Устгах, хандалтыг нь бууруулах хүсэлт гаргаж байгаа контент ихэвчлэн ямар агуулгатай байдаг вэ?
-Контентоосоо хамаарна. Илт гүтгэн доромжилсон контент байдаг. Мөн гэмт хэргийн шинж чанартай буюу залилангийн гэмт хэрэг. Садар самуунд уруу татсан. Оюуны өмч зөрчсөн буюу оюуны өмчийн бүртгэлтэй контентыг зөвшөөрөлгүй авч цацах зэрэг асуудлууд байдаг.
Манай хорооноос тухайн контентын агууллагад хяналт тавьдаггүй гэж хэлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан дүгнэлтийн дагуу Фэйсбүүк рүү хүсэлт явуулдаг.
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр шаардлагатай гэвэл зарим газруудын сүлжээг хязгаарлана гэж танай хорооноос мэдэгдэж байсан. Ийм арга хэмжээ авсан уу?
-Үгүй. Ямар ч тийм арга хэмжээ аваагүй.
-Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн жагсаал зохион байгуулагдсан. Энэ үеэр "Сүхбаатарын талбай орчимд гар утасны сүлжээ унаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хязгаарлалт хийчих шиг боллоо" гэж олон иргэн хэлж байсан. Энэ үнэн үү?
-Тухайн үед манайд гомдол ирсэн. Бид шалгаж үзсэн. Сүлжээ хязгаарласан нь тогтоогдоогүй.