Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгын ПРОПАГАНДАГ өндөр доозоор эсэргүүцэх нь...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 22 секунд

“Баттулгыг намын дарга болохгүй бол миний хувьд амьдрах сонирхол алга” гэх ах хүүгийн яриа сонсоод хэн хүнгүй амьдрах хүсэлгүй болох шахав. Мөн “Бид зулын гол болоход бэлэн” гэх бичигтэй лоозон барьсан эгч нарыг хараад үр хүүхдүүд нь хэлж ярьдаггүй юм байх даа гэх бодол төрөв.

Энэ бол инээдэм биш. Эсрэгээрээ эмзэглэмээр эмгэнэл.

Бараг л манкурт боол болчихсон мэт аашилж яваа тэднийг өөрийнхөө төлөө “зулын гол” болгох зам руу түлхчих вий гэх болгоомжлол ч давхар бодогдоно. Өнөөдөр Дээд шүүх түүнийг намын даргаар бүртгэх эсэх шийдвэрлэнэ. Шийдвэрийн дараа юм, юм болно байх.

Энэ бол “тархи угаалт”-ын галзуу нэгэн бодит кейс. Сүүлийн үед манай Д.Ганбат дарга ПРОПАГАНДА гэдэг үгийг хэрэглэхдээ “нугасгүй” болсон байна лээ. Пропаганда гэдгийг “тархи угаалт” гэж ойлгож болох ч “Бидон Ганбаа”-гийн экс дарга гээд тайлбарлачихвал монголчууд түргэн шуурхай ойлгоно.

Өөрөөр хэлбэл, “Женко”-гийн энэ төрлийн “тархи угаалт” шилдэг учраас л өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж байгаа юм. Магадгүй тэдний тархийг Дээд шүүхийн шийдвэрт та нар нөлөөлж чадна гэж “угаасан” биз.

Ер нь хуулийн байгууллага цагаан дээр хараар бичсэн Монгол Улсын батлагдсан хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэнэ. Балдан, Дулмаа, Баттулгын хэн нь ч өлсөж цангаад, өөрийгөө хэдэнтээ шатаагаад хуулийн заалтыг давсан шийдвэр гаргуулж чадахгүй. Хэрвээ гай болж Дээд шүүх Х.Баттулгыг намын даргаар бүртгэхгүй гэж үзвэл шүүхийн өмнө үйл хөдлөлөөрөө эсэргүүцэх биш, ухаан санаагаа уралдуулж хуулийн гарц хайх хэрэгтэй. Гэтэл Х.Баттулгын төлөөллүүд нэг хүн, нэг улстөрчийн төлөө нийгмийн эмх замбараагүй байдлыг санаачилж, уриалан дуудацгааж байгаа нь харамсалтай. УИХ-ын гишүүн байсан Ш.Түвдэндорж гэгч этгээд хоёр өдрийн өмнө хэвлэлээр “Манай намынхан гэдэс гүзээгээ угаалгаж байна. Зулын гол болох нь ч хаашаа юм” гэх зэргээр ярьж элдэв бусармаг зүйлд олон нийтийг уриалан дуудсан. Өчигдөр тэдний төлөөлөл нь Дээд шүүхийг “шантаажлав”. Дээд шүүх ч нөлөөлөх оролдлого гаргахгүй байхыг сануулав. Өнөөдрөөс аймаг, сум бүрээс хүмүүс ирж Дээд шүүхийг “сүргээрээ” сүрдүүлэхээр зохион байгуулалтад орж буй гэнэ.

Хэрвээ ийм байдлаар тархи угаагаад, хууль шүүхийг сүрдүүлээд асуудлыг шийдчих юм бол хуулийн хэрэг байна уу. Шүүхийг тараагаад шүүгчдийг нь хөөж явуулах хэрэгтэй. Ер нь хэн олон хүнийг өөрийнхөө төлөө “зулын гол” болгосон тэр хүн нь аливаа маргаандаа ялдаг “ширэнгийн хууль”-иар явбал дээр юм биш үү.

Өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гэдэг хүний “тархи угаалт”-аас болоод монголчууд нэгэн арваны эдийн засгийн хөгжлийн боломжоо алдсан. “Төмөр замын нарийн царигаар Хятадын танк” орж ирнэ гэх пропагандагийнх нь ачаар өнөөдөр бид төмөр замгүй, мөнгөгүй, хөгжилгүй, улсаараа өртэй амьдарч байна.

Арван жилийн турш 10 их наядын төсөв дээрээ хий эргэсэн манай эдийн засаг хэрвээ төмөр замаар нүүрсээ зөөдөг байсан бол өнөөдөр хэд дахин тэлчихсэн байх байлаа. Гэвч яг өнөөдөр Дээд шүүхийг бужигнуулж байгаа шиг ээ Х.Баттулгын хийсэн “тархи угаалт”-аас болоод бид асар эдийн засгийн боломжоо салхинд хийсгэсэн юм. Эцэст нь Монгол биш Орос ялав. Өргөн нарийн хос царигаар урд хөрш руу нүүрсээ сая, саяар нь экспортолж байна. Харин энд Женкогийн Монгол ялагдан тартагтаа тулж, тантангаа тэврэж сууна.

Одоо хангалттай. Энэ улсын гурван сая хүний хувь заяагаар тоглосон Х.Баттулгаар дахиж тоглуулмааргүй чадал ч алга. Боломж ч алга. Хорлосон хорлолынх нь шарх аних нь битгий хэл өдрөөс өдөрт улам бүр “буглаж” байна. Ийм байхад дахиад нэг нам, нэг хэсэг хүмүүс, нэг төрөөр тоглохыг залуучууд бид лав дэмжихгүй. Ядаж оролцохгүй. Тэр эсэргүүцэл, хэрүүл маргаан, шатах, тослох үйлээ хол очиж хийцгээ. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан, нийгмийн эмх замбараагүй байдлаар хичнээн жил хууль шүүхийг, төр засгийг айлгах билээ дээ. Одоо үнэхээр хангалттай. Үнэхээр намын даргын төлөө хуулийн дагуу явж ирсэн бол Дээд шүүх шийдвэрээ түүний талд гаргах байх. Хэрвээ эсрэг шийд гаргавал ард түмнийг элдэв дээдийн талцал, хуваагдал, жагсаал цуглаанд уриалан дуудахыг хэрхэв ч хүлээн зөвшөөрч болохгүй. Залуучууд үүнд нь татагдан орж яавч болохгүй. Өнөөдрийн тав, гурван төгрөгийн төлөө яваа эцэг эх, өвөө эмээдээ үр хүүхдүүд нь бидний ирээдүйгээс энэ дэмжиж буй хүн чинь хэдэн зуун тэрбумын боломжийг үгүй хийснийг хэлж, ойлгуулах хэрэгтэй. Цариг ярьж арван жил талцуулсан бол одоо тамга ярьж дахин талцуулах гэнэ. Хууль хэний талд байна. Тэнд үнэн оршиж буй. Зөвхөн хуулийн дагуу “тоглоод” тэр эрх мэдэл, нам төрөө ав.

Г.Лхагвадорж

Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.