УИХ-аас баталж, амьдрал дээр хэрэгжиж эхэлсэн цагаасаа иргэдийн бухимдлыг барж, дагаад хуулийн сайд Х.Нямбаатарын чихийг халууцуулж ирсэн хууль бол Зөрчлийн тухай хууль. Хэдийгээр тал нутагт тэнэж яваа юм шиг аягладаг зарим нэгний дураараа занг багагүй хазаарласан нь үнэн ч гэлээ сануулж, анхааруулах заалтыг тусгаж өгөхгүйгээр шууд л ТОРГОЖ ШИЙТГЭНЭ гэж тусгасан нь энэ хуулийн хамгийн том алдаа юм.
Тиймдээ ч ХЗДХ-ийн Х.Нямбаатар эл алдааг засах замаар өөрийн нэрийг "цэвэрлэхээр" хичээж явна.
Тодруулбал, 2017 онд батлагдсан эл хуульд энэ удаа САНУУЛАХ зүйл заалтыг тусгаж өгснөөрөө онцлогтой гэж тэрбээр хэлсэн. Гэвч энэ нь нэг талаасаа сайн ч, санаатай үйлдсэн зарим төрлийн гэмт хэрэгт сануулга өгөх төдийхнөөр толгойг нь илээд өнгөрөх нь гэмт хэргийн гаралтыг ихэсгэх талтай гэж зарим УИХ-ын гишүүн үзэж байгаагаа чуулганы үеэр хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Эрүүгийн хуульд ял наймаалцах гэдэг зүйл оруулж ирсэн. Гэтэл одоо Зөрчлийн хуульд дахиад оруулж ирсэн байна тийм үү, Х.Нямбаатар сайд аа.
Та Эрүүгийн хуулиас ял наймаалцах заалтыг авч хаяна гэж хэлсэн биз дээ. Тэгсэн хэрнээ Зөрчлийн хуульд дахиад оруулчихлаа. Ямар учиртай юм бэ" гэдгийг асуусан.
Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Гэртээ хүчирхийлүүлж нас барсан хүүхдийн тоо 35 мянгад хүрсэн. Хүүхдийг үл хайхрах гэмт хэрэг гаарлаа. Гэр бүлийн салалтаас болж хүүхдүүд хохирч байна. Гэтэл Зөрчлийн хуулиар ийм гэмт хэргийг сануулаад өнгөрөх нь зүйн хэрэг үү" гэдэг байр суурь илэрхийлсэнтэй М.Оюунчимэг гишүүн ч гэсэн санал нэгдэж, гэр бүл, ялангуяа хүүхдийн эрхийн асуудал дээр хатуухан арга хэмжээ авах ёстой гэдгийг дахин дахин сануулсан юм.
Ингээд шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулийн давуу хийгээд сул талыг тоймлон цухасхан хүргэе.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.4-т "Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан байдаг. Тэгвэл шинэчлэн найруулсан хуульд согтууруулах ундаа, хар тамхины зөрчлийг тусдаа заалттай болгосон байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолооны эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол эрхийг нь 1.6 жилээр хасна гэж тусгасан байна. Өнгөц харах юм бол, хар тамхи, сэтгэцэт нөлөөт бодисны хэргийг согтууруулах ундаанаас ялгаж салгаж өгөөд тусад нь зүйлчилсэн нь сайн хэрэг гэж харагдахаар.
Гэвч дэлхийн жишгээр ямар нэг сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ жолоо барьсан бол эрүүгийн хуулиар ялладаг тогтолцоо бий.
Бүр манай хуулийхны малгай хийдэг Герман улсын хуульд ч гэсэн ийм заалт үйлчилдэг гэдгийг нэр бүхий хуульчид онцолж байсан.
Дээрхээс гадна Х.Нямбаатар сайд ам, үйлдэл нь зөрсөн нэгэн үйлдлийг өнөөдөр гаргав.
Энэ нь тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Торгуулиа төлөхгүй олон жил болсон иргэд маш олон байна. Шинэчилсэн найруулгаар хэрвээ торгуулиа цагт нь төлөх юм бол 50 хүртэлх хувийг нь эргүүлж олгоно" гэж заасан байгаа гэсэн юм. Үүний хариуд сэтгүүлчид "Хэрвээ цагт нь төлөхгүй бол алданги төлөх үү. Нэмж торгох уу" гэж асуухад "Тийм зүйл байхгүй" гэдгийг өөрийн амаар хэлсэн.
Гэвч Зөрчлийн тухай хуулийн төсөлд "Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болно.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, эрхэм сайдтан торгуулиа төлөөгүй бол ямар нэг хариуцлага хүлээлгэхгүй гэж өөрийн амаар хэлсэн атал хуулийн төсөл дээр 50 хүртэлх хувиар нь нэмж ТОРГОНО гэж заасныг уншигч та харж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 9.1.1-т "Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, эсхүл хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан бол торгох арга хэмжээ авна" гэж заасан байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгад дээрхээс гадна нэр төр, эрүүл мэнд, хувийн нууц, хувийн орон зайд санаатай болон санамсаргүй халдсан бол гэсэн чухал хэсгийн нэмэлтээр оруулсан энэ хуулийн гол давуу заалт нь байлаа.
Үүнээс гадна 5.5.1-т "Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэж байснаас ШӨНИЙН гэдэг үгийг хасаж үдэшлэг, нийллэг, шашны зан үйл үйлдсэн бол гэдгийг нэмсэн нь орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэгцээг хангасан заалт болж чадахаар дүгнэгдэж байна.
Мөн 10.15.2-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 400 мянга, хуулийн этгээдийг дөрвөн сая төгрөгөөр торгоно" гэж заалт дээр зургаан сарын дотор акт үйлдэж хяналтын байгууллагад мэдэгдэгдээгүй бол гэдэг хэсгийг нэмж оруулжээ. Энэ мэтчилэн энэ удаагийн Зөрчлийн тухай хууль сайн, саарыг хослуулж. Хамгийн гол нь хуулийн төслийг байнгын хороодоор хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэж батлах эсэхийг шийдэх учиртай.
Өнгөрсөн хугацаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2017 онд батлагдсан Зөрчил, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн автор биш гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн.
Гэвч иргэд итгэхийг хүсээгүй. Хүсээгүй шалтгаан нь Зөрчлийн тухай хуулийн амьдрал дээр хэрэгжихэд бэрх зүйл заалтуудаас улбаатай. Тиймээс энэ удаагийн шинэчлэлийн ажил Х.Нямбаатар сайдын ОНОО авах том боломж.
Тэр боломжоо ашиглаж чадах уу, эсвэл гэдэг ойрын нэг сарын хугацаанд тодорхой болно. Одоо бидэнд харах л үлдлээ.
Г.Нацаг-Эрдэнэ