Нийгэм, цаг үеийг байлдан дагуулж, залууст шинэ эриний зөв хандлагыг түгээж буй нэгнийг онцлох “Ubn story” булангийн ээлжит дугаарын зочноор “Voice of Mongolia” шоуны оролцогч Б.Ариунбат оролцлоо. Тэрбээр “Open Mic”-ийн тайзнаа “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” дууг дуулсан нь олон нийтэд хүрч, нийгэмд цагдаагийн алба хаагчийг өөр “өнцөг”-өөс харуулсан билээ. Түүний хувьд Тээврийн цагдаагийн албанд ес дэх жилдээ зүтгэж буй энгийн нэгэн цагдаагийн алба хаагч. Өөрийн авъяасаа дэлхийн хэмжээний шоунд сорьсон Б.Ариунбат басхүү хариуцлагатай албанд үнэнчээр зүтгэж буй түүнтэй ярилцсан шинэхэн “Ubn story”-гоо уншигч танд хүргэе.
-“Voice of Mongolia” шоуны оролцогч, "Үзэсгэлэн төгөлдөр эх орон" дууг дуулсан цагдаа гэдгээр нь нэлээн таних байх. Өөрийн ажилладаг албаны талаар танилцуулахгүй юу. Хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. Яг одоо тээврийн цагдаагийн албаны тууш замын хяналтыг хариуцсан зохицуулагч байцаагчаар ажилладаг. Хүмүүс шинэ Хөшгийн хөндийн нисэх буудал руу явахад байдаг тууш зам гэдгээр нь олон нийт мэдэх байх. Ингэхдээ тухайн тууш зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан хяналт тавьж ажилладаг. Эхнэр, хүүхдийн хамтаар амьдардаг залуу байна даа.
-Таны "Open Mic-т дуулсан бичлэг цацагдахад олон нийт маш эерэгээр хүлээн авсан. Тухайн үед "Open Mic-ийн тайзан дээр дуулахаар зорьж очсон юм уу. Аль эсвэл тохиол нь таарчихав уу?
-"Open Mic" арга хэмжээ болох үед цагдаагийн байгууллагаас зам хааж таарсан. Тухайн үед цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчихсан байсан юм. Уг арга хэмжээнд манай хэв журмын албанаас хоёр ч алба хаагч ирж дуулсан. Тэгээд үйл ажиллагааны хөтөлбөр дуусч, дуусах дөхчихсөн байсан үеэр нь зохион байгуулагчидтай нь уулзсан. Учир нь манай найзууд ч намайг дуулчих гээд байсан л даа. Дуулж буй залуусыг хараад дуулчихмаар ч юм шиг санагдсан. Тэгээд л үйл ажиллагаа нь ч хаах дөхөж байсан учраас дууныхаа понограммыг өгөөд санамсаргүй байдлаар дуулсан даа.
-Таныг Тээврийн цагдаагийн албанд хамтлагтай гэж дуулсан юм байна?
-Тээврийн цагдаагийн алба 1986 онд байгуулагдсан “Гэрэл” гэх амьд хөгжмийн хамтлагтай. Цаг хугацааны явцад гишүүдийн бүрэлдэхүүнд нь өөрчлөлт ороод явдаг л даа. Би 2015 онд Гэрэл хамтлагийн дуучин болж, албан ёсны гишүүн болсон. ТЦА болон ЦЕГ-аас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд тодорхой хэмжээнд бэлдээд оролцдог. Мэдээж урлагийнхан шиг байнгын бэлтгэлтэй байна гэж байхгүй шүү дээ.
-"Open Mic"-ийн тайзан дээр дуулсан цагдаа залуу "Voice of Mongolia" шоуны тайзан дээр гараад ирэхэд олон нийт их гайхаж хүлээн авсан. Зарим нь "Open Mic"-т оролцоод Voice шоунд оролцох шийдвэр гаргасан юм болов уу гэж байсан?
-Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард ах маань өөд болсон. Ахдаа зориулж дуу хийлгэсэн. Ажлын залуу шүлгийг нь бичээд, Нисванис хамтлагийн хөгжимчин Цацаа ах хөгжмийг нь хийсэн. Дуугаа “Voice of Mongolia” шоуны тайзан дээр дуулах бодолтой байсан. Би чинь зургаадугаар сард уг шоунд бүртгүүлчихсэн байсан юм. Тэгээд санамсаргүй байдлаар есдүгээр сард нь “Open mic” дээр дуулж таарсан.
Хүмүүс намайг “Open mic” дээр дуулаад олон хүнд хүрсэн учраас “Voice of Mongolia” шоунд оролцчихож гэж хараад байх шиг байна лаа. Гэтэл би чинь бараг гурван сарын өмнө л “Voice of Mongolia” шоунд бүртгүүлчихсэн байсан шүү дээ.
-Тэгэхээр "Voice of Mongolia" шоуны тайз руу хөтөлсөн хүн нь ах тань болж таарлаа?
-Би чинь ахтайгаа их ойр өссөн. Ах маань замын цагдаа байсан. Багаасаа ахыгаа дагаад л явж байдаг хүүхэд байсан. Тиймдээ ч “Ах шигээ хүн болно” гэх бодол багаас суусан байсан юм болов уу даа. Магадгүй миний замын цагдаа болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол ах минь л юм. Бид хоёрын насны зөрүү их байсан. Гэхдээ яг л найзууд шиг өссөн. Ах маань өнгөрөхөд ковидын хөл хорионы үе байж таарсан. Буяны ажлыг нь ч баригдмал хийсэн. Тухайн үед “Voice of Mongolia” шоуны тайзан дээрээс ахдаа зориулж дуун суварга босгоё гэж бодсон.
-Гэхдээ та blind дээр ахдаа зориулсан дуугаа бус өөр дуу сонгож дуулсан байсан шүү дээ?
-Тийм ээ. Ахдаа зориулсан дуугаа дуулах гэсэн боловч шоундаа оролцож, баг хамт олонтойгоо ажиллаад ирэхэд дуу маань шоутай маань тийм ч сайн авцалдахгүй байсан. Тиймээс дуугаа өөрчилж, Харанга хамтлагийн “Зүүд” дууг сонгож дуулсан юм.
-Цагдаагийн алба цаг наргүй гэдэгтэй хүн бүр санал нийлнэ. Мэдээж Voice шоуны үеэр бэлтгэлээс авахуулаад нэлээн их ачаалалтай байсан байх. Таны хувьд ажлынхаа хажуугаар шоундаа хэрхэн бэлдэж оролцсон бэ?
-Бусад оролцогчид хэрхэн бэлдсэнийг мэдэхгүй тул би өөрийнхөө хэр сайн бэлтгэлтэй оролцсон бэ гэдгийг тодорхойлоод хэлэхэд хэцүү. Гэхдээ миний хувьд ажлын шаардлагаас болоод тийм ч сайн бэлдэж чадаагүй. Та бүхэн ч харсан байх. Манай ажил нэг талаас нөгөө хэсэг хүртэл 30-аад километр явж таардаг. Тэр хооронд зам харгуй, ажил маань гайгүй бол машиндаа л сайхан дуулна шүү дээ. Машин дотроо л хамаг бэлтгэлээ хийсэн гэж хэлж болно доо /инээв/
-Би амьдралдаа рок дуу дуулаад тайзан дээр зогсож байна гэж төсөөлж ч байгаагүй-
-Ука шүүгч дуу дуусахын алдад эргэж харсан. Тухайн үед танд ямар бодол төрж байв?
-Шүүгч нараас нэг нь ч эргэж харсангүй л гэж бодсон. Дуу дуусаад ёслоод дээш харахад Ука шүүгч эргэж харсан байсан. Шүүгч эргэж хараагүй байхад “Би юу хийчих вэ” л гэж бодсон доо. Баларлаа гэдэг айдас дээрээс сандрал нэмэгдэхээр эмоци нь бүр л “нисээд” явчихдаг юм билээ. Уйлах, инээх нь ойртоод л гэдэг шиг юм болсон доо.
-Дуу хөгжимд хэдий хайртай ч мэргэжлийн хүмүүсийн дунд орж, хамтран ажиллах, тэднээс авч буй зөвлөгөө танд хэр нөлөөлсөн гэж харж байна?
-"Voice of Mongolia" шоуны оролцсоныхоо хувьд хамгийн гоё байсан хэсэг нь Battle шат. Ер нь багийнханыхаа дунд би чинь бараг л тоо дунд үсэг цохиж яваа хүн шүү дээ. Дуу хөгжмийн талаар нарийн зүйлийг мэдэхгүй. Харин манай багийнханы хувьд авьяаслаг, хөгжмийн боловсролтой мэдлэгтэй залуус байсан л даа. Би тэднээс маш их зүйлд өдөр бүр суралцсан. Тэдний хэрхэн дуулж байна, шүүгч маань юу гэж зөвлөж байгааг дэргэдээс нь харж өөртөө бага багаар хурааж, боловсруулаад л явсан даа. Гамм уншихаас эхлүүлээд, техник зөв дуугаралтыг бидэнд түлхүү зааж байсан. Аль болох мэргэжлийн байх талаас нь заасан гэх үү дээ.
-Үзэгч, сонсогчдын хүлээлтээс давсан үзүүлбэр бол battle шатны үзүүлбэр тэр тусмаа таны өөрчлөлт байсан гэж хэлж болох байх. Та үүнтэй санал нийлэх үү?
-Маш их. Би амьдралдаа рок дуу дуулаад, савхи өмсөөд тайзан дээр дуулаад зогсож байна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Сонин ч гэмээр нь би сонсох шатандаа “Зүүд”, Battle шатанд “Нойтон зүүд” гэх дууг дуулсан. Баахан л “зүүдэлсэн” шүү дээ /инээв/. “Нойтон зүүд” гээд дуу нь олон нийтэд хүргээд нэг сар ч болоогүй шинэ дуу байсан.
-Сандрал гэдэг зүйл хүн бүрт л өөр өөрөөр мэдрэгддэг байх. Зарим хүмүүс тайзны ард байсан сандралаа дуу эхлэх мөчид мартаж чаддаг ч гэдэг. Таны хувьд?
-Хүн бүрт өөр өөр байх л даа. Миний хувьд тайзан дээр гарахаас өмнө сандарч байснаас бусад зүйлээ дараа нь санадаггүй шүү дээ. Яаж дуулсан, шүүгч нар ямар зүйл хэлсэн, өөрөө юу ярьснаа ч санадаггүй юм билээ. Тэгэхээр сандрал гэдэг өөрөө маш аймар зүйл гэж бодсон. Харин battle шатанд сандрал өмнөхийгөө бодвол арай гайгүй байсан. Магадгүй дуундаа сайн орсон болов уу гэж бодсон. Хүмүүс сандрал гэхээр тоохгүй байж магадгүй. Гэхдээ өөрийн биеэр тэр тайзан дээр гараад дуулахад өөрийн эрхгүй сандардаг юм билээ.
-Та ер нь багаасаа л дуу хөгжимд дуртай байсан уу?
-Багаасаа л дуу хөгжимд дуртай, сонирхолтой байсан. Нэг тийм идэвхтэй хүүхдүүд байдаг даа. Гэхдээ арван жилээ төгсөх үедээ цагдаа, эрх зүйч мэргэжлээр суралцахаар шийдсэн.
-Гэр бүлийнхэн маань намайг ойлгодгийн хүчээр би өнөөдөр ч албандаа ухралтгүйгээр зүтгэж яваа-
-Хоёулаа "Voice of Mongolia" шоуны талаар яриагаа түрхэн хойш тавиад таны ажиллаж буй албаны талаар ярилцлагаа үргэлжлүүлье гэж бодлоо. Тууш зам хариуцсан байцаагчаар ажилладаг юм байна. Ер нь замын хөдөлгөөн нэмэгдэж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тууш зам маань ашиглалтад орж, нээлтээ хийсэн. Түүнээс хойш цар тахлаас шалтгаалан нислэг ч бага байсан. Нөхцөл байдлаас шалтгаалж нислэгийн тоо нэмэгдсэн учраас тууш замын хөдөлгөөн ч эрс нэмэгдсэн. Гэхдээ хотын төвийн хөдөлгөөнтэй харьцуулахад харьцангуй бага л даа.
-Та цагдаагийн байгууллагатай хэрхэн холбогдсон юм бэ. Уг нь арван жилдээ урлагт дуртай хүүхэд байсан гэсэн?
-Аав маань залуудаа Онцгой байдлын албанд ажиллаж, шүхрээр буудаг спортын мастер хүн байсан. Ах, эгч маань ч шүхрээр бууж байсан. Ээж маань цагдаагийн байгууллагад ажилладаг байлаа. Ах маань ч замын цагдаагаар ажилладаг байсан. Тиймээс багаасаа цагдаагийн байгууллагатай их ойр санагддаг байсан юм.
-Гэр бүлээрээ хүчний салбарт ажиллаж байсан гэвэл таны ажил мэргэжлийн хүнд хэцүү басхүү сайханг нь ч мэдэрсэн улс байдаг байх нь. Энэ байдал таныг албандаа тууштай зүтгэхэд нөлөөлдөг үү?
-Цагдаагийн алба хаагчийн ажил мэргэжлийн нөхцлийг гэр бүлийнхэн маань мэддэг учраас би ажилдаа дуртай байдаг. Мэдээж ар гэрийнхэн маань намайг ойлгодгийн хүчээр л би өнөөдөр албандаа ухралтгүйгээр зүтгэнэ шүү дээ.
-Замын цагдаа гэхээр жолооч нар түгжрэл саатал үүсгэдэг хүмүүс гэж ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Цагдаа зам дээр гарч ирээд л уулзвар гацааж, түгжчихдэг мэтээр олон нийт ойлгодог. Гэтэл нийслэл хотын маань замын бүтэж, зохион байгуулалт нь маш хэцүүг та бүхэн мэднэ шүү дээ. Ойрхон уулзвар, гарц, гэрлэн дохиотой. Тухайлбал, бөхийн өргөөний уулзвар дээр нэг зам тээврийн осол гарлаа гэхэд асар богино хугацаанд нийслэлд түгжрэл бий болдог. Энэ байдлыг манай удирдлагын төвөөс камераар хянаж, зохицуулдаг. Түүнээс биш Б.Ариунбат гэдэг хүн дураараа уулзвар дээр гарч ирээд л хөдөлгөөнийг нь хааж байгаад зохицуулалт хийж байгаа зүйл биш.
-Замын хөдөлгөөн ачаалалтай үед өдөржингөө ажиллахдаа хөдөлгөөнийг сийрүүлж, түгжрээг арилгасны дараа л сэтгэл амардаг-
-Жолооч нар маань цагдаагийн алба хаагчтай харилцах, шаардлага хүлээж авах зэрэг соёлд хэрхэн суралцаж байна?
-Нэг үеэ бодвол харьцангуй ондоо болчихсон. Замын цагдаа ямар хүндрэлтэй нөхцөлд ажилладаг вэ гэдгийг ойлгодог болчихсон учраас цаашид ч улам их ойлгодог болох байх гэж хардаг.
-Ажиллаж байхдаа хамгийн их эрч хүч авдаг зүйл нь юу байдаг вэ?
-Замын хөдөлгөөн маш их ачаалалтай үед багаараа ажиллаад хөдөлгөөнийг сийрүүлж, түгжрээг арилгасны дараа л сэтгэл амардаг даа. Өдөржингөө ажиллачихаад орой нь уулзвараасаа гараад явах мөч гоё шүү дээ.
-Ярилцлагын төгсгөлд та гэр бүл, мөр зэрэгцэн ажиллаж буй албаныхандаа юу гэж хэлэх вэ?
-Надад үргэлж тусалж дэмжиж, арыг минь бат даадаг, жаргал зовлонгийн аль ч үед хамтдаа зүтгэдэг ханьдаа, хайртай ээждээ, мөр зэрэгцэн ажиллаж буй цагдаагийн нийт бие бүрэлдэхүүндээ баярлаж талархаж явдгаа энэхүү ярилцлагаар дамжуулан хэлмээр байна. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.