Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн гишүүдийн бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг өчигдөр Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэв. Тодруулбал, Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар тайлбар өгч, Улсын Ерөнхий прокурор тэргүүтэй хууль хяналтынхан ч мэдээлэл өгсөн байдаг. Гэвч Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргаж чадалгүй дахин хуралдахаар болсон тухай тус хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн юм.
Тэгвэл бүрэн эрх нь түдгэлзэхээр болоод буй гишүүд болон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд ямар мэдээлэл өгснийг нэгтгэн хүргэе.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах газраас санал ирүүлсэнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учир яллагдагчаар татсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар буруутгаж байгаа. Гишүүд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж байна. Хохиролтой холбоотой нарийн тоог хэлэх боломжгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Гишүүдийн буруутай, буруугүй асуудлыг та бид энд хэлэлцэхгүй. Хянаж байгаа прокурор нь шийднэ. УИХ-ын гишүүд буруугүй гэж байгаа бол буруугүй гэх үндэслэлээ өөрсдөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөх байгууллагад ярих учиртай" хэмээн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Есөн жилийн өмнө Ерөнхий сайд байхад гаргасан Засгийн газрын шийдвэрээр буруутгаж яллагдагчаар татаж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд хүн Засгийн газрын хуралдааны материалыг бүрдүүлдэггүй. ЗГХЭГ-ын дарга гэж хүн бий. Тэгэхээр энэ бол улстөрийн л асуудал байна. Өмнө нь би АТГ-т очихдоо Хөтөл, Кью эс си юм байх гээд очсон чинь есөн жилийн өмнө гаргасан замтай холбоотой шийдвэр байна. Улсад ашигтай үйлдэл байсан. Ер нь зохион байгуулалттай ажил болж байна. Гуя дагаж хүзүү гэдэг шиг л юм болж байна. Олон юм ярьдаг учраас дуугүй болгоё гэж бодож байх шиг байна. Халдашгүй байдлын дэд хороо асуудалд нухацтай хандах байх" гэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "ААН-үүдэд давуу байдал бий болгож, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбум төгрөгөөс 16 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хугацаанд 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн. Анх зээл авахад барьцаалсан барьцаа хөрөнгө нь ч хэвээрээ байна. Яг ямар хохирол учруулсаныг мэдэхгүй байна. Хөгжлийн банк ч, арилжааны банк ч тэр Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны 8 гишүүн хамтарч шийдвэр гаргана. Тэр шийдвэрийг үндэслэж ТУЗ-ийн 9 гишүүн шийднэ. Нийтдээ 17 хүн шийднэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд тайлбар өгөөд гарч ирлээ. Зүйл заалтыг нь мэдэхгүй байна. Хуралдааны дэгээр би асуултад хариулах үүрэгтэй юм байна. Би бол буруугүй" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Шалгуулах хүсэлтээ бид өөрсдөө гаргаж өгсөн. Шалгалт үргэлжилж байна. Даваа гаригт яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Улмаар уг асуудалд тайлбараа өгнө. Хууль хяналтын байгууллагад хүндэтгэлтэй хандана. Буруутгаж байгаа зүйл анги нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой зүйл анги. Тэгэхээр би чинь 2020 оны зургаадугаар сараас өмнө төрд огт ажиллаж үзээгүй хүн" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил дараах тайлбарыг өгсөн билээ.
"Хурал өнөөдөр 10.30 цагаас эхэлсэн. 8-9 цаг хуралдсан байна. Тавуулаа байх ёстой ч Н.Энхболд гишүүн өвчтэй байсан тул дөрвүүлээ хуралдсан. Ерөнхий прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, улмаар үүний дараа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан.
Хурлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан. Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй. Гурван шалтгаантай байлаа.
Нэгдүгээрт, Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр болсон. Нэмэлт материалууд маргаашаас өгөх нь.
Хоёрдугаарт, Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд хэргийнхээ талаар огт ойлголтгүй байна. Уржигдар л яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан байна. Н.Алтанхуяг гишүүн тогтоолтойгоо ч танилцаагүй байна. Энэ нь зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд ч тайлбараа хэлэх эрхтэй.
Гуравдугаарт, Дөрвөн гишүүнээр санал хурааж болохгүй. Халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболд өвчтэй байгаа. Халдашгүй байдлын дэд хороо 5 хүнтэй байдаг. Тиймээс Н.Энхболд гишүүнийг ирэхээр хурлаа үргэлжлүүлэх болно. Хуулийн хугацаандаа багтаахыг бодно. Бид дүгнэлтээ гаргаж байж, ХЗБХ, ТББХ хуралдах ёстой.
Бидний дүгнэлт маш чухал, үндэслэлтэй байх ёстой. Бидний дүгнэлтийг үндэслэж байнгын хороод шийдвэрээ гаргадаг" гэлээ.