Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН түдгэлзүүлэхээр шийдсэн учраас 4 гишүүний нэр орж ирсэн ба дэд захирлын “аюултай” мэдүүлэг үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 31 секунд

Ардын намын эрх мэдэлтнүүдийн хийж буй “цэвэрлэгээ” маягийн зүйл өчигдөр албан ёсоор эхлэх шиг боллоо. Бүлгийн хурлыг дуусахтай залгуулж, Улсын ерөнхий прокуророос дөрвөн гишүүнийг эргүүлж татах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Түдгэлзэх “тойрох”-оо уншуулах гишүүдээр Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нар тодров. Хаврын чуулган эхэлж, Хөгжлийн банкны хэрэг бүхний анхааралд байхаас л эхлээд нэр бүхий 6-8 гишүүнийг эргүүлж татах асуудал саарал ордонд яригдаж байсан. Тэгвэл үүнийх нь “урьдчилгаа” болгож дөрвөн гишүүнийг ийнхүү оруулж ирэх нь тэр. Одоо хуулийн дагуу ажлын тав хоногт багтааж УИХ шийдвэрээ гаргана. Ингэхдээ гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийн дагуу нууц санал хураалт явуулах юм.

Түдгэлзэх гэж буй дөрвөн гишүүн хуулийн хүрээнд нэг иймэрхүү процессыг үзэж, туулаад эцэст нь “явах” биз.

Прокурорын бичиг орж ирсэн л бол бүгдийнх нь БҮГД НАЙРАМДАХЫГ уншина

Тэгвэл одоо жинхэнэ улс төр рүүгээ оръё. Дөрвөн гишүүний нэг нь бие даагчийн дүрээр орж ирсэн АН-ын хүн. Нөгөө гурав нь эрх баригч бүдүүн бүлгийн төлөөлөл. Бүр нарийвчилж харвал “60 тэрбум”-ын гэгдэх төлөөллүүдийн тод дүрүүдийн нэг Ё.Баатарбилэг. Одоохондоо улс төрийн учраа бүрэн олж амжаагүй Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар. Өөрөөр хэлбэл МАН-ынхан Н.Алтанхуягийг ганцааранг нь эсвэл энэ гурвынхаа нэг этгээдтэйгээ хамт явуулаад бусдыг нь авч үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэглээ гэхэд Н.Алтанхуягтай хамт Ё.Баатарбилэг л явах биз. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой нийгмийн бухимдал, ирээдүйд ирэх сонгуулийн дарамт зэргээсээ эмээсэндээ түдгэлзэхээр нэр нь орж ирсэн дөрвөн хүнийг дөрвүүлэнг нь хөтлөлцүүлээд ордноос гаргах байх. Хэрвээ үгүй гэж үзвэл ёстой ичдэггүй ширэн нүүрээ элгэндээ биш бөгсөндөө нааж байгаад авч үлдэнэ. Ингэвэл УИХ, Г.Занданшатар дарга өөрөө муухай харагдана. Ямар ч хүчгүй хэдэн сөрөг “юмнууд” нь ч гэсэн бичил улс төрөө хийгээд сонгууль хүртэл амар заяа үзүүлэхгүй нь тодорхой. Мөн Ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хуулийн байгууллага шалгах шаардлагатай гээд УИХ-д нэрийг нь оруулж ирвэл хамгаалахгүй. Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон гишүүд түдгэлзэж шалгуулаад гэмтэй бол ялаа ав. Гэмгүй бол нэр төрөө сэргээгээд буцаад ир” гэх агуулгыг бараг телевизийн камер харах болгондоо хэлсэн. Хоёр долоо хоногийн өмнөх бүлгийн хурал дээр ч энэ байр сууриа маш хатуу илэрхийлсэн талаар бид хаалттай бүлгийн хурлын тэмдэглэлээрээ хүргэж байв. Ерөнхий сайд ч энэ үйл явц өрнөхийг мэдсэн учраас эртхэн үгээ хэлж байсан нь ойлгомжтой.

Мөн гишүүдийн талаас илүү хувийнх нь “судас”-ыг атгачихсан гэгддэг хөшигний арын лидер генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны хэргээр хэнийг ч хамгаалахгүй. Шалгах ёстой бол шалгуул гэх мэдэгдлийг төдийгөөс өдий хүртэл бараг гурвантаа илэрхийлсэн байдаг. Бараг нийгэмд энэ асуудлыг өндрийг авахуулсан хүн Д.Амарбаясгалан гээд нэрлэчихэд буруудахгүй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт нэрс нь прокуророос орж ирж байгаа нь цаанаа “түдгэлзүүлээд явуулна” гэсэн улс төрийн шийдэл аль уже гарсантай холбоотой. Хөгжлийн банк шиг ил цагаан дээрэм, тонуулын талаар эрх баригчид иймэрхүү байдлаар нэр оруулж ирээд, өөрсдөө хамгаалж “нүд рүүгээ хуруугаа хийхгүй”. Прокурорын бичиг орж ирсэн л бол бүгдийнх нь БҮГД НАЙРАМДАХЫГ уншина.

Хөгжлийн банкны дэд захирал асны мэдүүлэг ба дараагийн түдгэлзэх гишүүдийн “чимээ”

Тэгвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явуулах шийдлээ эрх баригчид гаргачихсан гэж үзвэл ард нь үүсэх эрсдэлээ бас тооцсон байх учиртай. Аливаа УИХ эсвэл Засгийн газрын танхимаас нэг сайд, нэг гишүүнээ л “сугалуулчихвал” танхим тэр чигтээ ээлж дараагаараа “гоожиж” эхэлдэг бичигдээгүй хуультай. Энэ улс төрийн “хуулийн” дагуу дээрх дөрвөн гишүүнийг татчихвал дараагийн гишүүдийн асуудал тун удахгүй сөхөгдөх эрсдэлтэй. Ардын нам дундаас Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдийг тоолж байснаас холбогдоогүйг нь тоолсон нь шулуун.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хоригдож буй Хөгжлийн банкны удирдлагуудын нэг болох дэд захирал асан Б.Ч нь Ардын намын гишүүд болон Хөгжлийн банкны зээлд нөлөөлж, албан тушаалын эд хаваа гайхуулсан нөхдүүдийн талаар мэдүүлэг өгөөд эхэлжээ. Өнөөдөр түдгэлзүүлэхээр оруулж ирж буй хүмүүс нэр ч дэд захирал асан Б.Ч-гийн өгсөн мэдүүлгээс үүдэлтэй бололтой. Тодруулбал, Б.Ч нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй холбоотой мэдүүлгийг өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Түүний өгсөн мэдүүлгээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон нэг зээлдэгчтэй холбоотой жолоочоороо дамжуулан мөнгө, өгч авалцсан гэх хэрэг прокурорын байгууллага дээр үүсээд байгаа аж.

Мөн дээрх гэрч үүнээс гадна Хөгжлийн банктай холбоотой бусад эрх мэдэлтнүүдийн талаар ч гэсэн ам ангайж буй гэнэ. Хэрвээ УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлчихвэл “уутны ам онгойх” магадлалтай. Ингэвэл гэрчийн мэдүүлгээр 2016 онд Ардын намын генсекийн суудалд дарцаглаж явсан эрхэм гишүүн болон Г.Дамдинням, Ч.Ундрам тэргүүтэй Хөгжлийн банканд нэр холбогдсон гишүүдийн асуудал тун удахгүй яригдах эрсдэлтэй. Мэдээж тэр дунд Б.Бейсен, А.Адьяасүрэн тэргүүтэй хэрэгт холбогдсон АН-ын хоёр гишүүний нэрс ч УИХ руу орж ирэх байх.

Ямартаа ч дэд захирал асны мэдүүлэг ирэх өдрүүдэд нэлээдгүй хүмүүсийг “хөлдөө” чирэх бололтой. Ардын намынхан харин бүрэн эрхээ түдгэлзүүлэхээр орж буй дөрвөн гишүүнийг эхний дөрөв болгох уу, сүүлийн дөрөв байлгах уу гэдгээ ирэх өдрүүдэд сонгоно. Олигтой шийдэл гаргахгүй бол дараагийн сонгуулиар өөд нар үзнэ гэж санаад ч нэмэргүй байх шүү

Г.Лхагвадорж

Ч.Хүрэлбаатар: Хууль засагласан улсад л би амьдрахыг хүсэж байна
Ч.Хүрэлбаатар: Хууль засагласан улсад л би амьдрахыг хүсэж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.