Төр үеийн үед “Бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ сонсоно, дэмжинэ. Төрийн дарамтыг арилгана, төр хувийн хэвшлийн ойлголцол” гэх гэгээлэг лоозон тавьчихаад чихэн дээр цэцэг ургатал ярьсаар ирсэн. Өнгөрсөн намар хүртэл гурван өндөрлөг бичиг цаас нийлүүлээд энэ талаар ярьж суусансан. Гэвч яг үүнийх нь дараанаас төрийн өөр нэг дарга гарч ирээд дэмжье гээд байсан аж ахуйн нэгжүүдээ “дэлбэлээд” эхлэх нь тэр. “Дэлбэлэх” процесс Эрдэнэтийн нэг эмнэлгээс эхлээд өнөөдөр МИК хүртэл үргэлжилж, хувийн өмчүүд рүү халдсаар байна.
Ардчилсан нийгэмд энэ мэт буруу жишиг нэг л тогтвол хууль, хүчний эрх мэдлээ ашиглаад төр өөрт таалагдаагүй ямар ч хүний бизнесийг булааж, нурааж, бас “дээрэмдэх” нь гарцаагүй. Энэ үйлдэл нь цаашдын мянган мянган ийм дээрмийн үүд хаалгыг нээнэ. Өөрөөр хэлбэл, Шадар сайдын өчигдөр хийсэн МИК буюу Монгол ипотекийн корпорацын тогтолцоог шүүмжилж, зах зээлээс “шахаж” гаргах асуудал бол төрийн тэнэг “төмөр нүүр”-ийн тод жишээ.
Түүний “шат дамжлага болгон ашиглаад ипотекийн зээлийн хүү нэмэгдэж байна. Үүнийг болиулчихвал зээлийн хүүг 4 хувь хүртэл бууруулах боломжтой” гэх тайлбар нь иргэдээ бодсон гайхалтай “эх оронч” сонсогдсон байх. Гэвч яг нарийндаа иргэд, аж ахуй нэгжийнхээ голыг гогдох муйхар үйлдэл. Монголбанкныхан ч хүртэл “МИК одоогийн нөхцөлд хамгийн оновчтой тогтолцоо” хэмээн хүлээн зөвшөөрсөн мэдээллийг өчигдөр өгсөн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн арав гаруй жилийн турш МИК үйл ажиллагаа явуулж, хэдэн арван иргэдийн зээлийн асуудлыг энэ тогтолцооныхоо дагуу шийдвэрлэж ирсэн. Харин ч төрийн хүнд суртал, хөлдүү хөшүүн хойрго хандлага орон сууцны зээлийн асуудалд орж ирэлгүй явж ирсэн нь баярламаар зүйл.
Хувийн хэвшлээ энэ мэтээр дэвслээд төр өөрөө банкнаас эхлээд бүхий л үйлчилгээнд эзэн суувал авлига, хээл хахууль улам бүр гаарна. Тодорхойлолт авч, эмнэлэгт үзүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг арай хийн авлигадаж давдаг байсан бол одоо орон сууцны зээл авахын тулд дахин төртэй нүүр тулах нь байна. Болж бүтэж байгаа зүйл рүү төр орж ирэх тусмаа байдал дордохоос дээрдэхгүй. Ийм жишээ мянга, түмийг бид нэрлэж чадна.
Хэрвээ төрийн энэ “шунал”-ыг зүгээр орхивол ирээдүйн нэг л өдөр “төрийн хийх ёстой ажлыг та сайн хийгээд байна. Төр энэ бизнесийг хийж ашиг олно” гээд таны, миний бизнесийг эрх мэдлийн хүчээр үгүй хийх болно. Амташсан хэрээ 13 нахьдаг гэгчээр ийм үүд хаалга нэг л нээгдчихвэл ирээдүйд бид яаж ч хаах гэж хичээгээд чадахгүй. Хэдийгээр улс төрийн өнцөг байсан ч гэсэн ардчилсан нийгэмд энэ бол байж болохгүй мунаг үзэгдэл.
"Монголын ипотекийн корпораци"-ийн хувьд үйл ажиллагаа явуулж, хэдэн арван иргэдийн зээлийн асуудлыг энэ тогтолцооныхоо дагуу шийдвэрлэж ирсэн. Харин ч төрийн хүнд суртал, хөлдүү хөшүүн хойрго хандлага орон сууцны зээлийн асуудалд орж ирэлгүй явж ирсэн нь баярламаар зүйл. Ипотекийн зээлийн тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дунд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болоод байна. Төр хувийн хэвшлээ энэ мэтээр дэвслээд, банкнаас эхлээд бүхий л үйлчилгээнд эзэн суувал авлига, хээл хахууль улам бүр гаарна. Тодорхойлолт авч, эмнэлэгт үзүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг арай хийн авлигадаж давдаг байсан бол одоо орон сууцны зээл авахын тулд дахин төртэй нүүр тулах нь байна.
Төр үеийн үед муу менежер байныг илтгэх хамгийн тод жишээ бол төрийн өмчит компани, ААН-үүд. Хувийн хэвшил хийх ёстой ажлыг төр авч муу менежмент хийж, хутгалдаад ирэхээр тухайн ажил нь бүтэлгүйтдэг. ТОСК-оос авахуулаад маш их хэмжээний өрөнд орчихсон, барьсан барилга нь зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн олон жишээ бий. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа нь хэн нэгэн даргад ашигтай байдлаар явдаг.
Төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас 1 их наяд орчим төгрөгийн зээл авсан байдаг. Харамсалтай нь үүнийх нь 762 тэрбум төгрөг нь чанаргүй зээл болж одоогоор төлөх эзэнгүй болсон.