УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн эдийн засаг хүндэрч буй энэ үед төсвийн тодотгол хийх эсэх дээр Сангийн яам ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар асуухад Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн бодлогууд дээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Хэмнэлтийн горимд орно. Нөөцүүдээ хамгаалах бодлого руу шилжинэ. Үүний охио болж Монголбанк саяхан хуралдаж мөнгөний бодлогын хүүг хатуу болголоо. Өөрөөр хэлбэл, бид инфляцийг зорилтот түвшин рүү бууруулах мөн вальютын ханшаар дамжин орж ирэх гадаад вальютын нөөцийн дарамт, төлбөрийн тэнцлийн тооцоолоогүй алдагдал руу аваачихаас урьдчилан сэргийлэхээр ийм арга хэмжээ авсан. Энэ нь төсөвт шууд нөлөөлнө.
Төсвийн урсгал зардлыг тусад нь харах ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх ёстой. Эдийн засгийн тодорхойгүй байдлууд үүсч, үнэ ханш барилгын материал тал дээр тээвэр ложистикийн асуудал их гарч байгаа тул оролцогч нар цөөрч байна. Одоогоор төсвийн тодотгол хийнэ гэж ярихад эрт байна. Хуулиараа нөхцөл бүрдэх ёстой. Гэхдээ эдийн засгийн том зураглалаараа хөрөнгө оруулалт тал дээр хэмнэлт гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байгаа" гэв.