Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ялалт: Нэгдсэн лигийн комиссарын ажлыг хүлээж авахдаа ямархуу гал руу орж буйгаа мэдэж байсан

Ангилал
Спорт Ярилцлага
Огноо
Унших
14 минут 27 секунд

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалттай лигийн тэмцээний зохион байгуулалт болон тэмцээн дууссанаас хойш ямар үнэлэлт дүгнэлт хийсэн талаар ярилцлаа.

-Та нэгдсэн дээд лигийн комиссараар ажиллаад эхний улирлаа үдлээ. Комиссараар ажилласан улирлаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ улирлын комиссараар ажиллаад өгөөч гэдэг саналыг холбоодын удирдлагууд надад тавьсан. Хоёр долоо хоногийн хугацаанд бодсоны эцэст хүлээн зөвшөөрсөн. Ямархуу хэмжээний "гал" руу орж байгаагаа ойлгож орсон гэх үү дээ. Өмнө нь лигийн комиссар зохион байгуулалт, шүүгч, сахилга бат гэх мэт бүх асуудлаа хариуцдаг байсан бол би энэ жил тухайн функцуудаа тус тусад нь барьж дунд нь зохион байгуулалт хийж ажилласан.

"Шүүгчид тусдаа ажиллаж, хараат бус байж эхэлсэн нь лигийн анхны тохиолдол"

Энэ жил мэргэжлийн зөвлөлийг байгуулсан. Мэргэжлийн зөвлөл нь тэмцээний дүрэм журмыг боловсруулдаг. Талбай дээр гарч байгаа алдаануудыг дүгнэдэг. Шүүгчдэд зөвлөмж өгдөг. Шаардлагатай бол шүүгч, тамирчдад хариуцлага тооцохыг комиссараас шаарддаг зөвлөл гэсэн үг. Энэ жилийн хувьд МУИС-ийн "Шонхор"-ууд багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв, н.Эрдэнэбаясгалан, н.Эрдэнэчулуун нар мэргэжлийн зөвлөлд багтаж ажилласан. н.Эрдэнэчулуун ахын хувьд хуульч мэргэжилтэй хүн. Тиймээс мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, цогц ажилласан гэж харж байна. Нэг ёсондоо би мэргэжлийн талаас алдаа гаргах шаардлагагүй болсон гэж хэлнэ. Нөгөө талаас шүүгч нар 100 хувь өөрсдийгөө томилдог, өөрсдөдөө хариуцлага тооцдог, эргээд шүүгчдээ хамгаалахыг комиссараас шаарддаг болсон. Шүүгч тусдаа ажиллаж, хараат бус байж эхэлсэн нь лигийн анхны тохиолдол.

"2017 онд гаргаж байсан нэг багаас нэг л легонор тамирчныг талбай дээр тоглуулах саналаа хэрэгжүүллээ. Энэ нь Монгол тамирчдын талбай дээр гол үүрэг гүйцэтгэх бололцоог хангаж өгсөн явдал болсон"

-Легонар тоглогч тоглуулах тал дээр багийн эзэдтэй уулзаж шийдсэн. Яагаад талбай дээр нэг легонар тоглогч гаргах болсон гэхээр би 2017 онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигт ажиллаж байхдаа талбай дээр нэг легонар тоглогч тоглуулах саналыг дэвшүүлж байсан. 2-оос дээш гадны тоглогч байлгахаар Монгол тамирчид тоглолтын шийдвэрлэх мөчид гол үүргийг гүйцэтгэж чадахгүй байсан юм. Монгол тамирчдаа тоглуулъя гэдэг саналаа энэ жил хэрэгжүүлж чадсандаа баяртай байна. Энэ нь эргээд багуудын мөнгө санхүүтэй холбоотой асуудал. Мөн багуудын эрх ашгийг хангаж байсан учраас эздүүд нь дэмжсэн. Мөн play off-ын өмнө хурал хийж цаг хугацаа дүрэм журмыг ярилцаж, шахуу хуваарьтай тоглохыг ч бүх багуудад урьдчилж мэдэгдсэн. Би өөрийгөө үзэгчдэд нээлттэй биш байсан ч багуудад, тамирчдад нээлттэй комиссар байсан гэж харж байна. Мөн шаардлага гарсан үед хариуцлага тооцох хүмүүстээ ч хариуцлага тооцож ажилласан. Талбай дээр ёс бус үйлдэл гаргасан лигийн лидерүүд болон зарим тоглогчдын олон нийтэд мэдээлэгдээгүй олон асуудалд хариу арга хэмжээ авч сахилга бат сахиулсан. Жишээ нь ШУТИС-ийн "Шарк"-ууд багийн төвийн тоглогч шүүгчийн биед хүрснээрээ хоёр тоглолт өнжсөн, дасгалжуулагч нар техникийн бус зүйл гаргаснаараа нэг тоглолт өнжсөн гэх мэт хариуцлага тооцсон нь үзэгчдэд төдийлөн анзаарагдаагүй байх.

"Тамирчид маань нэг талбай дээр өрсөлдөж явах ёстой гэдгийг энэ удаагийн лиг харууллаа"

-Энэ удаагийн нэгдсэн лигийн тоглолтууд гал гарсан өрсөлдөөнөөр дүүрэн байлаа. Мөн лигт шинэ залуу тамирчид олон гарч байгаа харагдсан?

-Энэ юутай холбоотой вэ гэхээр хоёр талд тусдаа явдаг байсан лиг нэгдсэнтэй холбоотой. Зөвхөн зурагтаар гардаг лигийн тоглолтуудад хоёр лиг нэгдэхээр шинэ тамирчдыг харж чадаж байна гэсэн үг. Шинэ залуучууд ч өөрсдийгөө харуулж чадсан. Шилдэг тоглогч авдаг Г.Ууганбаяр л гэхэд ямар олон талт тоглогч гэдгээ харуулсан. Эндээс харахад тамирчид маань нэгдсэн лиг дээр, нэг дэвжээн дээр өрсөлдөж явах ёстой юм байна гэдгийг энэ удаагийн лиг харууллаа. Шигшээ цуврал 4:0 ээр дууссан ч гэсэн талбай дээр өрсөлдөөн уйтгартай болоогүй гэж бодож байна. Эхний тоглолт дээр Эрдэнэтийн уурхайчид баг ачаалалтай байсан учраас ялагдсан.

Гэхдээ хоёр гурав дахь тоглолтууд дээр дандаа эцсийн мөчид эргэж шийдэгдсэн тоглолтууд болсон шүү дээ . Тийм учраас би өрсөлдөөнгүй финалын тоглолт гэж хэлэхгүй. Харин хүмүүсийн зүгээс ойлгомжгүй, шүүмжлэлтэй хандсан зүйл нь "Эрдэнэтийн уурхайчдад" амрах эрх олгоогүй гэдэг зүйл. Гэтэл өрсөлдөгч "Хасын хүлгүүд" багийн хувьд амрах эрхийг цувралыг эрт дуусгаж олж авсан байхгүй юу. Тэгэхээр аль нэг багийн үүсгэсэн давуу талыг нөгөө багт тохируулж амрааж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл хуваарийг урьдчилаад тараасан байсан учраас надад өөрчлөх эрх байхгүй. Цаасан дээр бичигдсэн зарчмынхаа дагуу л явсан.

-Сагсан бөмбөгийн үзэгчид олон болсон байна. Үзэгчдийн ая тухыг хангасан том ордонтой болмоор юм уу гэсэн бодол төрсөн. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна?

-Яагаад SteppeArena –руу яваагүй юм бэ гэвэл анхнаасаа үзэгчид багтахгүй байх тохиолдол гарна гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ ажлын өдрөөр тийм байрлалтай газарт тоглууллаа гэж бодоход тухайн ордны хэдэн хувь нь дүүрэх вэ. Мөн дээрээс нь тухайн ордны өртөг өндөр учраас 10-20 мянгаар тасалбараа борлуулах боломжгүй болно. Өндөр үнээр тасалбар авсан үзэгчдийн хэдэн хувь нь замын түгжрээ дунд тийш зорьж очих уу гэх мэт асар олон асуудал бодитоор үүснэ. Сая ордон дүүрэн үзэгчтэй финалын тоглолтууд болсон. Үүн дээр багууд өөрсдөө ч маш сайн зохион байгуулсан. Өөрсдөө хөгжөөн дэмжигчдээ авч ирж байсан шүү дээ. SteppeArena- д ажлын өдөр 19 цагаас тоглолт зохион байгуулаад дүүрэхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

"Би санаа зовсондоо лигийн эв нэгдэл дуусчих вий гэсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан"

-Холбоодыг харахад эвтэй түнжинтэй байгаа юм шиг хэрнээ хачир дээрээ бас л түнжин муутай байх шиг харагдсан. Та энэ асуудлаар Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Бүх үйл ажиллагааг хяналтдаа байлгахад таны эрх мэдэл дутав уу?

-Комиссар гэдэг бол зөвхөн лигтэй хамаатай хүн. Лигийн тэмцээнийг л зохион байгуулах ёстой. Харин эв нэгдэл гэдэг бол холбоодын асуудал. Энэ миний оролцох ёстой асуудал биш. Гэхдээ би санаа зовсондоо лигийн эв нэгдэл дуусчих вий гэсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтийг маань хүлээж аваад холбоодын удирдлагуудыг хүлээж авч уулзсан. Тухайн үед юу яригдсаныг нь мэдэхгүй байна. Гэхдээ сагсан бөмбөгийн холбоод хурлаа зарлаж эвлэлдэн нэгдэх талаар өнөөдрийг хүртэл харамсалтай нь яриагүй л байна.

-Нэгдсэн дээд лиг эхэлснээс хойш баг тамирчид ОУ-ын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болсон. Энэ нь нэг талаараа ололт амжилт. Гэхдээ шигшээ багийн 12 тамирчныг хэн хаанаас бүрдүүлдэг юм бэ?

-Холбоонууд маань эвлэлдэн нэгдэж эргээд олон улсын байгууллагууд руу хандсанаар нээгдэж байгаа болов уу гэж бодож байна. Харин шигшээ багийг хэн барих ёстой вэ гэхээр олон улсад улсаа төлөөлж байгаа холбоо барих ёстой. Холбооны удирдлагууд эхлээд шигшээ багийн дасгалжуулагчаа томилох ёстой. Тухайн дасгалжуулагч өөрийн арга барилдаа тохирсон 12 тоглогчийг шигшиж авдаг жишигтэй.

"Би хувьдаа Ш.Энхийн-Одыг шигшээ багт байх ёстой л гэж бодож байна"

-Шигшээ багт Ш.Энхийн-Одыг багтаасангүй хэмээн сагсан бөмбөг сонирхогчид бухимдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Ш.Энхийн-Од болон өөр гадаадад тоглож байгаа тоглогчдод боломж байгаа л гэж хардаг. Тэр утгаараа шигшээ багтаа тогломоор байна гэдэг хүсэлтээ илэрхийлсэн байсан. Монголдоо ирж шахуу хуваарийн дагуу 2 тоглолт хийчихээд явсан хэдий ч буцаж очоод гэмтчихсэн. Монголын шигшээ багт Ш.Энхийн-Од шиг өндөр нуруулаг холбон тоглогч байгаагүй. Тиймээс би хувьдаа Ш.Энхийн-Одыг шигшээ багт байх ёстой л гэж бодож байна.

-Одоо Ш.Энхийн-Одыг шигшээ багт авах боломж, нөхцөл байгаа юм болов уу?

-Тэрийг би мэдэхгүй байна. Ер нь заавал тэр, энэ хүн орох ёстой гэсэн зүйл байхгүй. Дасгалжуулагч хэрхэн сонголт хийхээс л шалтгаална. Тухайн дасгалжуулагчийн арга барилаас хамаарч багтаа хэнийг тоглуулахаас хамаарна гэж ойлгоорой.

"Тоглогчид эв нэгдэлтэй байхад сагсан бөмбөг бутрахгүй"

-3Х3 тамирчдыг нэгдсэн дээд лигт тоглуулж байгаад зарим тамирчид жаахан дурамжхан байх шиг байдаг. Энэ яг ямар учиртай юм бол?

- Тамирчид бие биедээ дургүй байна гэж байхгүй. Тамирчдын оролцоо маш их чухал шүү дээ. Тоглогчид эв нэгдэлтэй байхад сагсан бөмбөг бутрахгүй. Холбоодын хэрүүл маргааныг бол би харин ард хоцорч байна уу л гэж харж багаа шүү.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжилд гадны тамирчин, дасгалжуулагчид их үүрэгтэй байх шиг харагдаж байна?

-Эрдэнэтийн уурхайчид баг Грек дасгалжуулагч авч ирсэн. Сая гэхэд Польш дасгалжуулагчид сургалт зохион байгуулсан. Энэ бүхнээс бид авч үлдэх суралцах зүйлсээ суралцах хэрэгтэй. Сагсан бөмбөгт гадаад тамирчид шүүгч, дасгалжуулагч зайлшгүй хэрэгтэй. Эргээд харин засаглалаа сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй ТББ, спорт холбоод гэдэг зүйлдээ лигийн тоглолтууд нь хязгаарлагдаад байвал энэ маргаан хэзээ ч дуусахгүй гэж бодож байна.

-Бүх оддын тоглолт дээр Б.Мөнхболд тамирчны нэрийг дуудаагүй асуудалд үзэгчид нэлээн бухимдалтай байсан. Тухайн асуудал яг юу болж өнгөрөв?

-Тухайн зүйл дээр яалтчгүй алдаа гарсан. Б.Мөнхболдын нэр хөтлөгчийн текст дээр очоогүй. Гэхдээ нэр нь байсан уу гэвэл байсан. Бичиг цаасны алдаа гарсан. Санаатайгаар тийм зүйл хийгээгүй. Б.Мөнхболдтой дараа нь ойлголцсон. Тийм асуудал гаргасан даа одоог хүртэл би гэмшдэг. Тухайн шөнө унтаж чадаагүй. Үнэхээр их харамссан.

-Дараа дараагийн комиссараар ажиллах хүмүүс хандаж анхааруулах зүйл байвал хэлж болох уу?

-Лигийн комиссарын ажил маш их адлуулдаг ажил. Тийм учраас дүрэм журмаа л сайн баримтлах хэрэгтэй. Хамгийн эцсийн бүлэгт цаасан дээр буусан дүрэм журам л комиссарын түших тулах ганц зүйл болдог. Би хувьдаа энэ жилийн дүрэм журмууд маш сайн болсон гэж харж байгаа. Ололттой зүйлүүд их байсан. Миний хувийн бодлоор Америкт NBA өөрөө хувийн компани шүү дээ. Харин шигшээ баг бол холбооны асуудал. Уул нь ТББ-ууд ашиг олохгүй байх ёстой гэдэг үндсэн зарчимтай шүү дээ. Тиймээс энэ зүйлүүдийг спортын холбоонуудаас гаргах ёстой юм болов уу гэж бодож байна.

Жишээ нь Хасын хүлэгүүд ТББ байж байгаад одоо компани болж байна. Тэгэхээр багууд нь түрүүлж гишгэхээр лиг нь хоцорч болохгүй. Тиймээс цаашдаа лигийн тэмцээн өөрийгөө санхүүжүүлдэг ашигтай ажилладаг эргээд багууддаа хүртээмж хүртээдэг компанийн засаглал руу зайлшгүй орох хэрэгтэй. Харин холбооны үүрэг бол шигшээ багаа барьдаг нас насны улсын аваргаа зохион байгуулдаг болж үйл ажиллагаагаа салахгүй бол сагс маань өөрөө ТББ-ынхаа хууль дүрэмдээ хязгаарлагдах байдал ажиглагдаж байна. Ганц сагс гэлтгүй үндэсний бөх ч гэсэн ийм байна гэж харж байгаа шүү

-Ярилцсанд баярлалаа.

ТАНИЛЦ: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ГИШҮҮД
ТАНИЛЦ: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ГИШҮҮД
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.