Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газар эзэмших эрх хүчингүй болно“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
4 минут 57 секунд

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажил улсын хэмжээнд эхлээд байна. Тэгвэл газрын шинэчилсэн бүртгэлтэй холбоотой мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастр хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодрууллаа.

-Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчилсөн газрын шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэж эхэлсэн байна. Цахим бүртгэлийн ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн систем 2018 онд бүрэн хэрэгжиж эхэлсэн. Тус системд өмнө олгогдсон газрууд тэр дундаа стандартын дагуу мэдээлэл нь бүрэн бүрдсэн газруудыг хөрвүүлж оруулсан. Үүнээс өмнө хэрэгжиж байсан систем дээр иргэн, хуулийн этгээдийн газруудын бүртгэлийн зарим нь зөрүүтэй, буруу бүртгэгдсэн мэдээллүүд нэлээдгү байсан. Ингэхдээ иргэн, хуулийн этгээд тухайн газрыг эзэмшиж авчихаад захирамж шийдвэр гарчихад л болно гэх ойлголттой явснаас гэрээ, гэрчилгээгээ авдаггүй асуудлууд байдаг. Иймд улсын хэмжээнд энэхүү цахим шинэчлэлийг хийснээр зөрчилгүй газрын мэдээллүүд нэгдсэн системд орж баталгаажиж байгаа гэсэн үг юм.

-Системд бүртгэгдэх боломжгүй зөрчилтэй газрууд хэр их байна вэ. Цахим системд бүртгэл нь орж ирээгүй тохиолдолд эдгээр иргэд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Улсын хэмжээнд 598 мянга гаруй нэгж талбар зөрчилтэй байгаа. Зөрчилтэй газрууд баталгаажаагүй гэсэн үг. Юун түрүүнд иргэд газрын цахим бүртгэлийн систем болох egazar.gov.mn сайтаар орж, өөрсдийнхөө нэр дээр байгаа газрыг бүртгэлтэй эсэхийг шалгах ёстой. Газрын мэдээллээ шалгасны үндсэн дээр дараагийн арга хэмжээг авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны газар системд бүртгэлгүй байгаа бол заавал харьяа дүүргийн газрын албандаа хандаж, мэдээллийн санд оруулах баталгаажуулах ажлыг зохион байгуулах юм.

-Дийлэнхдээ ямар зөрчил давамгайлж байна вэ?

-Тухайлбал, бичиг баримтын болон материалууд нь дутуу ч юм уу байдлаар орхигдсон түүнчлэн өөрийн эзэмшлийн газраа тэлсэн аль эсвэл төлбөрөө төлөөгүй гэх мэт зөрчлүүд байгаад байна. Тэгэхээр тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нэгдсэн журмаар бүртгэл буюу нөхөн бүрдүүлэлтийг хийнэ.

-Амжиж бүртгүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Бүртгэлийн хугацааг дахин сунгах боломжтой юу?

-Энэ тохиолдолд тухайн газрыг бусад харилцаанд оролцуулахад иргэн, хуулийн этгээдэд хүндрэл үүснэ гэсэн үг. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох буюу таны газар эзэмших эрх хүчингүй болж та өөрийн газраа зарах, банканд барьцаалах, бэлэглэх, өвлүүлэх ямар ч боломжгүй.

Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн системээс газрыг олгодог болж байгаа. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд тусгагдаагүй бол мэдээллийн санд орохооргүй болчихож байгаа юм. Тэгэхээр тавдугаар сарын 1-нээс өмнө газраа нэгдсэн системд бүртгүүлэх хэрэгтэй. Хэрвээ системд бүртгүүлээгүй бол дараагаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгуулсны үндсэн дээр орох нөхцөл үүснэ. Шат дамжлагууд маш их болно л гэсэн үг. Одоогийн нөхцөлд бичиг баримтын зөрчилгүй бол систем дээр шууд баталгаажуулж байгаа. Баталгаажуулсны дараагаар иргэн, хуулийн этгээд гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа интернетээс хэвлэн авах боломжтой болно.

-Иргэд газраа бүртгүүлэх, баталгаажуулах тал дээр хэр мэдээлэлтэй байна. Нөгөөтээгүүр газраа бүртгүүлээгүй хэчнээн хүн байна вэ?

-Газрын цахим системээс өөрийнхөө газрыг шалгах тал дээр иргэд мэдээлэл сайтай байгаа байх. Бид олон нийтэд чиглэсэн мэдээллүүдийг хүргэж ажиллаж байна. Тэгэхээр иргэд газрын цахим систем рүү ороод газар нь бүртгэлгүй байвал газрын албанд яаралтай хандаж, нэгдсэн бүртгэлдээ хамрагдах хэрэгтэй байгаа юм.

Н.Нархажид: “Хавтаст хэрэг“ кинонд тоглож байхдаа цагдаа нарыг ойлгож бахархах сэтгэл төрсөн
Н.Нархажид: “Хавтаст хэрэг“ кинонд тоглож байхдаа цагдаа нарыг ойлгож бахархах сэтгэл төрсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.