Ubn story булангийн энэ удаагийн дугаарт "NО RULES" олон ангит киноны Ялгуун , "Хавтаст хэрэг" олон ангит киноны Халиуны дүрээр кино уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, цахиур хагалан орж ирсэн залуу жүжигчин Н.Нархажидийг урин оролцууллаа.
-Юуны түрүүнд уншигч, үзэгчиддээ өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямсүрэнгийн Нархажид гэдэг. СУИС-ийг 2021 онд төгссөн шинэ залуу уран бүтээлч байна.
-Урлагийн гараагаа анх хэзээ, хаанаас эхэлж байв?
-Анх урлагийн гараагаа хөгжим бүжгийн коллежийг 2016 онд бүжгийн жүжигчин гэсэн мэргэжлээр төгссөн. Үндэсний урлагийн их театрт нэг жил ажилласан хэдий ч залуу байгаа дээрээ илүү их суралцмаар санагдаж СУИС-ийн кино драмын ангийг сонирхон орж, СТА М.Ариунжолоо багшийн ангид орсон. Тэрнээс хойш л урлагийн гараа маань эхэлсэн гэж хэлж болно .
-Мэргэжлийн бүжигчин, жүжигчин гэхээр их сонирхолтой юм. Цаашдаа аль мэргэжлээрээ голчлон ажиллана гэж боддог вэ?
-Миний хувьд бүжигчиний мэргэжлээсээ авах мэдрэмжээ авчихсан учраас болчихсон гэж боддог. Тиймээс цаашдаа кино урлагаар явна. Гэхдээ бүжигчиний мэргэжил маань анх СУИС-д ороход маш том давуу тал болж байсан шүү. Би Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа Драмын театрынхныг тайзан дээрээ бэлтгэл хийж байхыг нь нууцаар хардаг байлаа. Тэрнээс л миний жүжигчин болох хүсэл мөрөөдөл эхэлсэн.
-Хавтаст хэрэг кино олон нийтийн анхаарлыг их татаж байна. Танд анх "Хавтаст хэрэг" киноны гол дүрийн санал хэрхэн ирж байв?
-2021 онд сургуулиа төгсчихөөд байдаг. Гэтэл драмын театр шалгалт авдаггүй. Учир нь хоёр жилд нэг удаа шалгалт авдаг болохоор миний төгссөн жил шалгалт авдаггүй жил нь таарсан. Тиймээс нэг жил драмын театрын шалгалтад бэлдэж, өөрийгөө улам хөгжүүлээд байж байя гэж бодсон. Гэтэл манай н.Отгонбаатар гэж найз Боловсрол ТВ-ээс цагдаагийн тухай шинэ сериал хийх гэж байгаа юм байна. Чи очоод проб өгөөд үзээч гэж хэлсэн. Гурван удаа очиж проб өгсөн шүү. Эхнийх дээрээ би жаахан муу өгсөн. /инээв/ Яагаад гэвэл төгсчихөөд хоёр, гурван сар гэртээ суучихсан учраас форумаа алдана гэж ярьдаг шиг хэл яриа маань хүртэл муудчихсан байсан гэж би хувьдаа боддог. Гэхдээ киноны дүр маань надад тохирсон байсан учраас намайг сонгосон байх гэж би боддог.
-Таны бүтээсэн дүр хувь хүнээс тань хэр хол дүр байв?
-Дүрийн хувьд надаас арай эгчмэд насны хүн байсан. Миний зан ааш хувь хүнээс тэс ондоо. Мэдээж цагдаагийн албан хаагчид чинь шударга, түс тас хүмүүс шүү дээ. Гэтэл би эрхэлж ярьдаг төрлийн хүн. Анх найруулагч маань чи жаахан хүүхдийн хоолойгоор яриад, жаахан байна. Тиймээс эгчмэд хүний зан ааш гаргамаар байна гэсэн. Эхлээд хэцүү байсан ч яваа яваандаа эвээ олоод ойлголцчихдог юм билээ. Дээрээс нь "Hulegu" болон "Nomadia pictures"-ийн хамт олон маш их зааж зөвлөсөн болохоор хэцүү зүйл нэг их гараагүй. Өөрөө л дүр дээрээ сайн ажиллаад, текстээ суулгачихвал хүндрэл гарахгүй. Мөн хамтарч тоглосон уран бүтээлчид маань чадварлаг хүмүүс байсан учраас би чадчих юм байна гэж боддог юм билээ. Нэг ёсондоо уур амьсгалд нь бүрэн уусаад орчихож байна гэсэн үг л дээ.
-Олон кинонд тоглосон хашир туршлагатай олон жүжигчинтэй хамт тоглосон шүү дээ. Загнуулах тохиолдол гарч байв уу?
-Анх проб өгч байхад миний дүрээс бусад гол дүрүүдээ сонгочихсон байсан. Хамт тоглох хүмүүсээ сонсоод маш их сүрдсэн шүү (инээв). Драмын театрт ажилладаг, ажиллаж байсан Шагай ах, Боогий ахтай хамт гол дүр бүтээнэ гэхээр арга ч үгүй биз. Гэхдээ цаагуураа их сайхан санагдаж байсан. Кино зураг авалтын явцад ах нар маань зөв сайхан чиглүүлж өгсөн. Загнах тохиолдол гараагүй. Мэдээж бүгд л над шиг шинэ залуу байсан учраас загнахгүй шүү дээ.
-Энэ уран бүтээлд өөрийгөө хэрхэн дайчилж ажилласан гэж бодож байна?
-Гайхалтай том дүр бүтээлээ гэж хэлээд ханахгүй ч гэсэн би их бэлддэг байсан. Удаан ажилласан жүжигчдийн хувьд текстээ нэг хараад л утгыг нь ойлгочихдог. Тэгээд шууд л явчихдаг. Гэтэл би эхэндээ тэгж төдийлөн чадахгүй байсан /инээв/. Тиймээс зураг авалт оройтож дуусаад гэртээ ирсэн ч маргаашийнхаа текстээ шөнө нь сууж уншдаг байлаа. Сүүл рүүгээ бол харин сурчихдаг юм билээ.
-Жүжигчин мэргэжлийн сайн муу нь яг юу юм бэ. Хэцүү зүйл их тулгарах уу?
-Шантрах үе гаралгүй яах вэ. Гэхдээ хамаг тархи толгой, сэтгэл зүрх бүхнээ зориулж байж уран бүтээл төрдөг гэж би боддог. Аль нэг нь дутах л юм бол худлаа болчихдог байх. Өөрийн тоглосон кино нээхэд л таашаал авдаг юм билээ. Нэг уран бүтээлд орж түүнийхээ үр шимийг хүртэхээр урам ордог юм байна. Үнэхээр л энэ мэргэжилдээ хайртай бол хөтлөгдөж явна гэж бодсон.
-Жүжигчин мэргэжлийг эзэмших нь өөрөө их тэсвэр тэвчээр шаарддаг шиг санагддаг?
-Багш нар ярьдаг шүү дээ. Оюутнууд нэгдүгээр курсдээ ардын жүжигчин, хоёрдугаар курсдээ гавьяат жүжигчин мэт байдаг. Харин төгсөхдөө ХҮН болж төгсдөг гэдэг нь надад үнэхээр ҮНЭН гэж санагддаг. Анх нэгдүгээр курсэд орж ирэхдээ 40-50-уулаа орж ирдэг хэдий ч тал нь дундаасаа зорилгоо мартдаг. Ихэнх хүүхдүүд тэгж л алддаг байх аа. СУИС бол хүнийг, жүжигчнийг жинхэнэ хүн болгодог газар. Эртнээс сэтгэл санаа, тэсвэр хатуужлыг нь суулгадаг юм.
-Хавтаст хэрэг киноны зураг авалт ихэнх нь бас шөнө дөлөөр авсан байх шүү?
-Тийм. Гэмт хэрэг шөнө оройгоор л ихэнх үйлдэгддэг учраас тэгж авсан. Зураг авалт намар эхэлсэн хэдий ч идэр есийн хүйтнээр бас авагдсан.
-"Хавтаст хэрэг" олон ангит киног шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн бодит хэргүүдээс сэдэвлэн бүтээсэн гэдэг. Тэгэхээр тийм хэцүү хэргүүд дээр ажилладаг мөрдөгчийн дүрд тоглох сэтгэл зүйн хувьд амаргүй байсан байх даа?
-Энэ киноны зохиол нь өөрөө нууцын зэрэглэлээс гарсан хэргүүдийг шигшиж аваад уран сайхнаар баяжуулсан хэргүүд. Тэгэхдээ бодит болсон хэргүүдээс сэдэвлэж хийсэн учраас мэдээж аймар байсан. Би хувьдаа цагдаа нарыг ямар гайхалтай хүмүүс байдгийг ухаарсан. Киноныхоо зарим зүйлсийг гүн орохгүйгээр хурдан мартах гэж хичээсэн. Энэ анги дээр гарсан, энэ хэргийг мартах хэрэгтэй гэх мэт. Зургаадугаар ангийн зураг авалт дээр би уйлсан. Тухайн болсон хэргийг өмнөөс нь мэдэрч ийм хэрэг болсон хэрэг үү гэж гайхахдаа хүнээс байцаалт авдаг сцени дээр уйлсан юм. Гэтэл хамт ажиллаж байсан хүмүүс маань чи цагдаа хүн шүү гэж хэлж байсан. Үнэхээр дийлэхгүй байсан хэрэг шүү дээ.Тийм хэргүүд дээр л цагдаа нар хугарахгүй, нугарахгүй хатуужилтай байдаг гэхээр бахархахгүй байхын аргагүй. Онц ноцтой хэргүүд өмнө олон гардаг байсан юм билээ.
-Жүжигчин болж олонд танигдахад багагүй хугацаа зарцуулдаг. Ирээдүйн кареараа хэрхэн харж байна?
-Хүн бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай. Миний хувьд би 28 нас хүрсний дараа хүнтэй сууж хүүхэд гаргана гэж боддог. Ялангуяа эрэгтэй хүн 28 нас хүрээд бүрэн ухаажиж боловсорсон байдаг гэж би уншсан. Тэр насаа хүртэл нэгэнт л жүжигчнээр явна гэж бодсон болохоор улам л хөгжиж, өөрийнхөө түвшнийг ахиулна гэж боддог доо.
Гэхдээ нэгэнт амьдарч байгаагийнх залуу байгаа дээрээ маш олон шинэ зүйлсийг хийж үзмээр байна. Олон сайхан дурсамжийг бүтээмээр байна шүү
- Жүжигчин болсных тийм л дүрд тоглох юм сан даа гэж боддог ямар дүр байна?
-Жүжигчин хүн хүн судалдаг учраас заримдаа сэтгэлзүйч ч юм шиг санагддаг. Янз, янзын хүнтэй харьцаж үзнэ. Энэ хүн таалагдахгүй байна гээд орхиж болохгүй.
-Сая хавтаст хэрэг дээр өөрийгөө хараад өөрийгөө жаахан голсон. Тийм болохоор дахиж том уран бүтээлд тоглох хүртлээ маш сайн бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүхэн эмэгтэйн дүрийг бүтээнэ гэж боддог доо .
-Таны крашуудад зориулаад нэг асуулт асууя. Та найз залуутай юу?
-Найз залуутай. Бид хоёр таван жил үерхэж байна. Нэгдүгээр курсээсээ хойш үерхсэн. Мэргэжил нэгтэй учраас нэг нэгнээ маш сайн ойлгодог. Гэхдээ заримдаа энгийн хосууд шиг байж чаддаггүй. Нялуураад явдаггүй учраас мэддэг хүмүүс нь л мэднэ. Хоёулаа л сайн жүжижгчин болъё гэсэн мөрөөдөлтэй болохоор ирээдүйгээ л их хайрладаг.
-Таны хамгийн их хийх дуртай зүйл юу вэ?
-Би бүжигчинээр төгссөн гэж өмнө хэлсэн. Одоо "Mongolia entertainment" гэдэг газар бүжиглэдэг. Үнэхээр миний хамгийн дуртай зүйл учраас бүжиглэхгүй байж бол чаддаггүй юм билээ. Багаасаа бүжигчин болно гэж бодсон байсан хүүхэд гэнэт СУИС-д ороод ирсэн чинь шоконд орсон. Ямар хэлэмгий доломгой, галзуу хүүхдүүдийн дунд ороод ирэв ээ гэж бодсон. Хөгжим бүжиг намайг төлөвшүүлж СУИС зөвөөр задалж өгсөн юм билээ. СУИС-д нэгдүгээр курст орчихоод зун нь чуулга руугаа гүйж очиж гурван сар бүжигчин хийсэн. Бүжиглэх ямар сайхан гээч.
-Бүжиглэж байхад тань яг ямар мэдрэмж төрдөг юм бэ?
-Хүн хоббигоо дарж чаддаггүй шүү ээ. Эрэгтэй хүмүүс дээр жишээ авахад хаяа нэг Pc тоглох, заал авч хөлсөө гаргах, сэлэх аль эсвэл хурдыг мэдрэх ч юм уу, хүнд нэг тийм барьж хорьж болимооргүй хүсэл байдаг шүү дээ. Яг түүнтэй адил хааяа бүжиглэмээр санагддаг. Хааяа сэтгэл санаа муу байхад бүжиглэх юм бол асар их тайвширалыг өгдөг.
-Цаашдын зорилго мөрөөдөл юу вэ?
-Би өөрийгөө мөрөөдөлдөө хүрээд л явж байна гэж боддог. Мөрөөдлөөс мөрөөдөл урган гарч ирдэг. Нэг зүйлд зорилго тавилаа гэж бодоход түүндээ хүрчих юм бол ахиад л шинийг мөрөөдөж эхэлнэ.
-Жүжигчин хүний мөн чанар юу байдаг бэ?
-Жүжигчин хүн хүний дээд хүн байх ёстой гэдэг үг байдаг. Мөн чанар гэдэг зүйл нь энэ ганцхан өгүүлбэрт л байдаг гэж бодож байна.
-Анх жүжигчин болоход гэр бүлийнхэн тань хэрхэн дэмжиж байв. Одоо яаж дэмжиж байна?
-Миний хамгийн сайн дэмжигчид манай гэр бүлийнхэн. Заримдаа ингэж их цаг наргүй явж байгаадаа ээж ааваасаа санаа зовдог. Гэхдээ хамгийн их ойлгодог. Хөгжим бүжигт сурч байхдаа бэлтгэл сургуулилтаа хийгээд оройтдог байлаа СУИС-д ороод бүүр гэртээ үзэгдэхээ больчихсон/ инээв. Ганц зүйл нь манай гэр бүл надад итгэдэг. Миний охин урлагийн хүн болох гэж энэ замыг нэгэнт сонгосон юм бол яваад, алхаад үз л гэдэг дээ. Мэдээж хамт байгаа цаг хугацаандаа ээж аавдаа өөрийн хайрыг дүүртэл мэдрүүлж чаддаг байх гэж боддог.
-Драмын театрынхны бэлтгэл хийж байхыг хараад жүжигчин болох хүсэл төрсөн гэсэн. Драмын театртаа ажиллах сонирхол байгаа юу?
-Би анх их сургуульд орохдоо л Драмын театрт орно гэж боддог байсан. Цаашдаа илүү их зүйлийг сурах мэдэх газар маань Драмын театр гэж одоо ч боддог. Сайн бэлдэж байгаад шалгалт өгч үзнэ.
-"Ягаан цэцэг" кинонд С.Удвал гуайн залуу насны дүрд тоглодог Хунцэнгүүн та хоёрыг найз гэж сонссон. Найзынхаа талаар яриач?
-Би найзтайгаа анх муудаж танилцсан. Гэхдээ оюутан насанд олдсон найз их жинхэнэ найз байдаг гэдэг шүү дээ. Одоо бол хамгийн түшиг тулгуур болж өгдөг сайн найз минь.
-Үеийнхээ залуучуудад хандаж үг хэлнэ үү?
-Сая төгссөн манай ангийн залуучууд маань хоёр хуваагдаж хоёр продакшин байгуулсан. "XALX продакшн" "ZEV FILM" гэж хоёр продакшн байгуулсан. Хоёулаа нэг нэг кино хийлээ. Кассетта, болон Гэгээн учрал гэдэг кино хийсэн. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр яг л өөрсдийгөө бага гэж гололгүй бүх зүйлийг тууштай бас зоригтой хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.