Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 28 секунд

УИХ-ын эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж таван асуудал хэлэлцлээ.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, зоогийн газар, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний байгууллагууд, иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг авсан. Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, улмаар өрх иргэдэд санхүүгийн тодорхой эрсдэл бий болгоод байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэлх арга хэмжээг авч эхэлж байна.  Иймд коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Үүнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Түүнчлэн төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг Төрийн сангийн нэгдсэн дансанд төлвөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгасан.

Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэх аж. 

Төсвийн тодотгол хийхтэй холбоотой Д.Эрдэнэбат гишүүний тодруулгад Сангийн сайд хариулахдаа

“Төсвийн тодотгол хийх нь хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу тодорхой шаардлагууд үүсч байж төсвийн тодотгол хийнэ. Эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдал 150 тэрбум төгрөг байна. Үүн дээр үндэслэн төсвийн тодотгол хийнэ гэвэл энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Цар тахлын онцгой нөхцөл байдал хэдий ч бид хуулийн хүрээнд ажиллах ёстой” гэлээ.

Засгийн газар коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг 1 жилээр тооцоолоон, зарим арга хэмжээг 3 сар, зарим арга хэмжээг 9, 12 сар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байгаа гэв.Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17-д “төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг бууруулах” гэж заасны дагуу Засгийн газар ийм горимд шилжин ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмж, халамж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах цахилгаан, дулааны зардал зэргийг зайлшгүй олгоод явж байгаа гэв. Зарим төрлийн зардлын санхүүжилтийг бүрэн зогсоогоод байгааг тэрбээр хэллээ. Тухайлбал, гадаад дотоод томилолт, зочид төлөөлөгчдийн зардал, тавилга, эд хогшлын зардал, их завсар, хурал зөвлөгөөний зардал гэх зэрэг олон төрлийн тэвчиж болох зардлуудыг хэмнэх шийдвэр 2020 оны 02 дугаар сарын 19-нөөс хэрэгжээд ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын хэмжээнд 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд үүнийн 180 мянга нь төрийн албан хаагч, 80 мянга нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнууд юм. Эдгээрийг хасаад тооцохоор 640 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх арга хэмжээнд хамрагдах тооцооллыг Сангийн яамнаас хийгээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд тодруулж мэдээлсэн. Түүнчлэн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд дүйцэх татварын хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд нэр бүхий газруудаас түрээсийн төлбөрөө бууруулсан, тэглэсэн мэдээллээ Сангийн яаманд ирүүлээд байгааг сайд хэлсэн. Б.Жавхлан гишүүний тодруулсны дагуу коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний зардлын задаргааны талаар мэдээлэл өгсөн. Багц арга хэмжээний зардал болох 5.1 их наяд төгрөгийн 200 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт болгохоор, иргэдийн орлогыг хамгаалах арга хэмжээг 663 тэрбум төгрөг, ажлын байрыг хадгалах чиглэлд 880 тэрбум төгрөгийг, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг 3.4 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

ЭМЯ: Тусгаарлагдсан нэг иргэний зөвхөн өтгөний сорьцод коронавирус илэрсэн
ЭМЯ: Тусгаарлагдсан нэг иргэний зөвхөн өтгөний сорьцод коронавирус илэрсэн
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.