Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор очсон хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Хоёрдугаар сарын 3-ны өдөр Хятадад 1344 хүн ирснээс 737 нь тамирчин болон албаны хүмүүс, 607 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс нисэх онгоцны буудал болон Олимпын тосгоны зочид буудалд PCR шинжилгээ авахад 21 шинэ тохиолдол илэрсний ес нь тамирчдын дундаас, 12 нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн байна.
Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болох бөгөөд тэмцээн уралдаан хоёрдугаар сарын 20-нд өндөрлөнө.