"Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлдэгчдийн улмаас тус банк дампуурлын эрмэгт байгаа талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тэгвэл Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангаас зээл авч, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж байгаа Чингис хаан банкийг бид энэ удаад онцолж байна. Чанаргүй зээлдэгчээр тодроод буй тус банк "Хөгжлийн банк"-д 37.5 тэрбум төгрөгийн зээлээ буцааж төлөөгүй ажээ.
2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банкны нэгийг Чингис хаан банк болохыг Сангийн яамнаас мэдээлж байв. Тухайлбал тус банк нь 198.5 тэрбум төгрөгийн өртэй гэж өнгөрсөн оны зургадугаар сард Сангийн яамны ТНБД С.Наранцогт чуулганы хуралдаанаар мэдээлж байсан юм.
Энэ үеэс Чингис хаан банкны дампуурлыг Сангийн яам албан бусаар зарлаж, ковидын үеийн "эрсдэлт бүлэг" гэдгийн адил эрсдэлт банк болох нь олонд илчлэгдсэн юм. Гэтэл ковидын үед бид эрсдэлт бүлгээ вакцинжуулалт болон бусад хүчин зүйлсээр аварч болох ч дампуурлын эрмэгт хүрсэн Чингис хаан банкыг "дархлаажуулах вакцин" үгүй болжээ.
Төсөл бичээд "Хөгжлийн банк"-наас нь мөнгө авчихдаг. Тэгсэн атлаа эргүүлж төлдөггүй. Байршуулах нэрэр Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгүүдийг бас авчихдаг. Мөн л буцааж төлдөггүй. Ийм цайчихсан гэмээр банкны удирдлагуудтай хэзээ хариуцлага тооцох вэ. Гол нь төрийн болон төсвийн мөнгүүдийг хэзээ яаж эргүүлж төлүүлэх вэ. Эсвэл энэ банкы ард "хөшиг"-ний араас нөлөөлдөг улс төрийн том татаас байгаа хэрэг үү.
Монголбанкнаас Чингис хаан банкыг төлбөрийн чадваргүй гэж дүгнэв
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан банкны асуудлыг өнгөрсөн намрын Эдийн засгийн байнгын хорооны хэд хэдэн хуралдааны үеэр хөндөж тавьсан. Тухайлбал, 2021 оны аравдугаар сарын 28-ны байнгын хорооны хуралдаанаар Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа талаар хэлж байсан юм.
Түүнчлэн, энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар Чингис хаан банкинд байгаа төрийн 140 тэрбум төгрөг төлөгдсөн эсэх талаар асуухад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Чингис хаан банкны хувьд өрөө төлж барагдуулсан зүйл байхгүй. Төв банкны зүгээс төлбөрийн чадваргүй гэж дүгнэлт гаргасан. Удаа дараа дүгнэлт гаргаад явж байна" хэмээн хариулж байв.
Чингис хаан банк нь Хөгжлийн банкыг дампууруулахад хүргээд буй 26 чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд тус банкинд 37.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа юм.
Чингис хаан банкны хувьцаа эзэмшигчид
Чингис хаан банкны хувьцааг Ньюстандарт финанс ХХК эзэмшдэг. Ньюстандарт финанс ХХК-ийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа 40.6%, Ш.Бүтэд 31.4%, Ц.Баярсайхан 28% нар болно.
Нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж байгаа нь Чингис хаан банкны 31.4 хувийг эзэмшдэг Ш.Бүтэдийн хувьцаа эзэмшдэг Нүүдэлчингрупп ХХК нь Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй Мондулаан трейд ХХК-ний хувьцаа эзэмшигч юм. Өөрөөр хэлбэл Ш.Бүтэдийн хувьцаа эзэмшдэг хоёр компани Хөгжлийн банкинд нийт 55.2 тэрбум төгрөгийн зээлээ барагдуулалгүй чанаргүй зээлийн эзэд болоод байгаа юм.
Түүнчлэн Ш.Бүтэд нь БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн дүү бөгөөд Б.Шүхэрт, Ш.Бүтэд, Ш.Батнасан, Ш.Жаргал нар нь Нүүдэлчингрупп ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшдэг гэр бүлийн гишүүд болох зэрэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл үүний хариуд БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаяр "Манай эхнэр энэ компанид хамаагүй болоод олон жил болж байгаа. Тэр дүүгийнх нь компани 20 жил болж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг
Товч намтар:
Энхбаатарын Ганзориг нь 2006 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр, 2017 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Ажлын туршлага:
- 2020 оноос Чингис Хаан Банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
- 2018-2020 Чингис Хаан Банкны Зээлийн газрын захирал;
- 2016-2018 Чингис Хаан Банкны Төслийн удирдлагын газрын захирал;
- 2008-2016 Чингис Хаан Банкны Зээлийн мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн;
- 2007-2008 "БСБ сервис" ХХК-д ажилтан;
Мөн тус банк банк нь Бизнес хариуцсан Р.Гончигцэрэн, Санхүү хариуцсан Э.Хасар, Үйл ажиллагаа хариуцсан Г.Булган зэрэг гурван дэд захиралтай байгууллага юм.
Товчхондоо, эрсдэлтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тус банкаар төрийн мөнгийг яаралтай гаргуулахгүй бол нэг л өдөр Капиталын Ундармаа шиг банк нь дампуурчихвал яах вэ.