Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Халиунбат: Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг хангалттай байж чадахгүй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 43 секунд

Улаанбаатар хотын 2022 оны төсөв болон нийслэлийн түгжрэлийн асуудлын талаар НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбаттай ярилцлаа.

-Улаанбаатар хотын 2022 оны төсөв батлагдсан. Ирэх оны нийслэлийн төсвийн гол онцлог юу вэ?

-Ирэх оны төсвийн гол онцлог бол шинэ эрх зүйн байдлын хэм хэмжээ бий болсон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ороход Улаанбаатар хот өөрөө тусдаа хуультай байна гэж заасан. Энэ дагуу нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуулиуд үргэлжлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Төсвийн хуулиас гадна бүх хуульд өөрчлөлт орсон. Ингээд нийслэл хот 2022 оноос эхлэн шинэ төсвийн харилцаагаар зохицуулагддаг болж байгаа.

Хэд хэдэн давуу тал бий болж байна. Тухайлбал, ААН-ийн орлогын албан татварыг цуглуулаад улсын нэгдсэн төсөвт дамжуулдаг байсан бол энэ удаа орон нутагтаа 40 хувь нь үлддэг болж байгаа. Нийслэлийн төсөвт хүн амын орлогын албан татварын цуглуулсан орлого харьяалагддаг байсан бол шинэ хуулиар дүүрэгт харьяалагддаг болсон. Хоёрдугаарт, нийслэл өөрөө бие даан санхүүгийн хэрэгсэл гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Өмнө нь төсөл санаачилдаг байсан хэдий ч ихэвчлэн улсын төсвөөс хамааралтай байсан.

Мөн тодорхой хэмжээнд буюу бүс нутгийнхаа хэмжээнд бүсчилсэн бодлогуудыг бие дааж шийдэх боломжтой болсон. Тухайлбал чөлөөт бүстэй болох гэх мэт. Энэ мэтчилэн зөвхөн нийслэл гэлтгүй бусад хот суурин газруудын төсвийн болон эдийн засгийн бусад эрх мэдлүүд нэлээд нэмэгдсэн. Энэ боломжийг л хотынхоо иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчинг бүрдүүлэх ажил хотын удирдлагуудад бий болж байна.

-Чөлөөт бүсийн талаар онцолж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Улаанбаатар хот анх удаа дагуул хот тосгон, чөлөөт бүсийн асуудал хариуцсан Засаг даргын орлогчийн албан тушаалтан бий болсон. Энэ асуудлыг хариуцсан нэгжтэй болсон. Улаанбаатар хот 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцээд батлуулах эцсийн шатандаа явж байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хот гурав хүртэлх тооны аж үйлдвэрийн бүстэй байх боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, зүүн урд зүгтээ буюу Налайх орчимд Барилгын материалын чиглэлийн, баруун урд буюу Хөшигтийн хөндий орчимд Тээвэр, логистикийн чиглэлийг төвлөрүүлэх зэрэг төлөвлөлтийн ерөнхий шийдлүүд бууж байна.

-Нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөг суулган түгжрэлийг бууруулах арга хэмжээний зардалд ашиглахаар төлөвлөөд буй. Энэ бол мэдээж олон хүчин зүйлээс шалтгаалах ажил. Гэхдээ түгжрэл тэдий хугацааны дараа төдийн хувиар буурна гэсэн тооцоолол бий болов уу?

-Улаанбаатар хотод тулгамдаж байгаа иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй олон зүйл бий. Монгол Улсын эдийн засаг харьцангуй тэлж байна. Хэзээ Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 15 тэрбум ам.долларт хүрдэг байлаа даа. Улсын хувьд эдийн засгийн маш том боломжууд нээгдсэн. Хот Засгийн газар шиг нийгмийн томоохон бодлого хэрэгжүүлэхээс илүү иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр л ажиллах ёстой. Энэ агуулгын хүрээнд бид өнгөрсөн дөрвөн жилд тодорхой асуудлуудаа нэг нэгээр нь онилж ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэн ажилласан. Ингэснээр 2018 оноос агаарын бохирдолтой илүү өргөн хүрээнд тэмцэхээр энэ чиглэлээр илүү нөөц хөрөнгө зарцуулан олон ажлууд хийн тодорхой үр дүнд хүрсэн. Мэдээж илүү сайжруулах зүйлс олон бий. Түүнийгээ үргэлжлүүлнэ.

Үүний адил дараагийн том асуудал бол Улаанбаатар хотын автозамын ачаалал. Энэ ачааллыг Засгийн газрын түвшинд авч үзэн нийслэлтэйгээ нийлээд хүч хавсран шийдэх гэж байгаа нь өөрөө эхний ээлжинд том давуу тал. Тодорхой хэмжээний цаг, хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулж байгаа учраас асуудал наашлах нь тодорхой. Гэхдээ бүрэн шийдвэрлэх хугацааг тодорхойлоход хэцүү. Маш олон хүчин зүйл түгжрэлд нөлөөлж байна. Эдгээрийн нэг нь хотын төвлөрөл. Өөрөөр хэлбэл орон сууц, барилга байшин барихад шаардлагатай инженерийн дэд бүтэц нь тодорхой газар нутагт төвлөрөөд түүнээс цааш тэлж чадаагүй учраас энэ асуудал үүсээд байгаа. Хот төлөвлөлтийн хувьд дэд бүтцээ дагаж л байшин барилга барьдаг. Тийм ч учраас Азийн хөгжлийн банктай хамтраад дэд бүтцийн найман том төв байгуулах гээд явж байна. Өнөөдрийн байдлаар хоёр дахь нь ашиглалтад орсон байна.

-Тухайлбал?

-Яармаг руу дэд бүтэц тавьсан учир өнөөдөр яармаг дэд хот маягийн болсон. Энэ мэтээр дэд бүтцийн чиглэлд хөрөнгө мөнгө зарцуулах хэрэгтэй. 420 тэрбум төгрөгийн төсвийн хүрээнд дэд бүтцийн асуудал мөн багтсан. Сургууль, цэцэрлэгийн хангамжийн асуудал ч багтсан. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам барихгүй. Түгжрэл олон шалтгаантай учраас шалтгаан бүрт нь тохируулж хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүнд сургууль, цэцэрлэг барих асуудлууд ч багтсан. Ингээд үзэхээр 420 тэрбум төгрөг ч хангалттай байж чадахгүй. Дэлхийн томоохон хотуудад энэ асуудлыг эдийн засгийн аргаар шийддэг юм байна. Өнөөдөр Улаанбаатар хотод хувийн машин унахад хямд байна. Төлж байгаа татвар нь маш бага. Замын хураамж гэж байхгүй. Зогсоолын төлбөр ч хямд. Шатахууны зардал ч өндөр биш. Хүмүүс машин авахаар зорьж байгаа шалтгаан олон бий. Мэдээж нийтийн тээврийн хүртээмжийн асуудал байна.

-Нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмж болон автобусны чанарын асуудал хүнд хэвээр байна. Зөвхөн нийтийн тээврийн хувьд ирэх онд ямар ажлууд хийх вэ?

-Одоогийн бидний нийтийн тээврийн тогтолцоо бол маршрут хооронд явдаг хэдэн автобус л байна шүү дээ. Дэлхийн бусад улсуудад нийтийн тээвэр олон төрөлтэй байна. Бид юун түрүүнд төрлийг нь нэмэх хэрэгтэй. Нийтийн тээвэрт такси, автобус, цахилгаан трамбай, троллэйбус, дүүжин тээвэр зэрэг бүх төрлүүд нийлж байж иргэдээ нэг цэгээс нөгөө цэгт хурдан, ая тухтай зорчуулах үүрэгтэй. Энэ ажлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж эхэлсэн. Иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар эхний судалгаануудыг хийж, зураглалуудыг гаргасан. Үүн дээрээ үндэслэн ажлуудаа эхэлж байна. Хүн зөвхөн тээврийн хэрэгслээр зорчихгүй. Машинаар, явган, унадаг дугуйгаар, скүтер зэрэг олон хэлбэрээр зорчдог. Одоогийн байдлаар бид автозамын мастер төлөвлөгөөг боловсруулан гаргаад байна. Улаанбаатар хот ямар автозамтай байхыг нарийн судлаад мастер төлөвлөгөөг боловсруулсан. Үүнийгээ дагаад явган хүний, дугуйны, нийтийн тээврийн сүлжээний зэрэг замуудыг төлөвлөгөөний дагуу хийж явна.

-Төлөвлөгөө сайн хийгдсэн ажлын чанар, хүртээмж тэр хэрээрээ өндөр байх?

-Тийм. Саяхан манай сөрөг хүчнийнхэн ТЭЗҮ хийхэд их мөнгө зарцуулж байна гэж шүүмжилж байсан. Төлөвлөлтгүйгээр юм хийхэд бид ямар алдаа гардгийг өчнөөн харлаа. Тиймээс тодорхой хэмжээнд судалгаа, төлөвлөлтөд мөнгө зарж байж дараагийн ажлууд чанаржина. Тийм ч учраас бид энэ жил бараг анх удаа ТЭЗҮ хийх ажилд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Түүнээс биш автобус нэмээд, зам тавиад бүх мөнгөө иймэрхүү зүйлд зарцуулбал бид өнгөрсөн 30 жилийн түүхээ дахин давтах болно. Бид өнгөрсөн 30 жилд зөвхөн автомашинд зориулж дэд бүтэц хийсэн. Явган зорчигч, дугуйтай зорчигч нарт зориулсан дэд бүтэц ер хийгээгүй. Хот төлөвлөлтийн онолоор 5-15 минут алхах зайнд хүний хэрэгцээтэй бүх зүйл багтах ёстой. Хэрэв тийм байж чадвал тухайн хүн машин унах шаардлагагүй. Тэр онолоор бодсон ч бид хүмүүсийн амьдрах орчинг сайжруулах хэрэгтэй. Түгжрэлд нөлөөлж буй хүчин зүйл олон учир шийдэл нь ч мөн олон байх хэрэгтэй.

Л.Данзанноров: Н.Түвшинбаяр Э.Энхбатын эмчилгээний төлбөрт 3 тэрбум орчим төгрөгийн хохирол төлсөн
Л.Данзанноров: Н.Түвшинбаяр Э.Энхбатын эмчилгээний төлбөрт 3 тэрбум орчим төгрөгийн хохирол төлсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.