Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Саранхүү: Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажлууд хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
12 минут 55 секунд

Монгол Улсад мөрдөгдөж буй хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, түүний хяналт ямар түвшинд байна вэ гэх асуудал өнөөдрийг хүртэл ардаа асуултын тэмдэгтэйгээр явж ирсэн. Тэгвэл хүүхэд хамгааллын ажилчид тэр дундаа Ази тивдээ анхдагч хэмээх тодотголтой хүүхдийн эрхийн улсын байцаагч нарын ажлын чиг үүрэг, хүний нөөц, зөрчил шийдвэрлэлт зэрэгт энэ удаагийн ярилцлагаар дамжуулан ХАРИУЛТ хайлаа. Мөн сурагчдын амралт эхэлсэн энэ цаг үед хүүхдийн эрхийн улсын байцаагч нар цоожтой хаалганы цаана үлдэж буй хүүхэд, багачуудад хэрхэн хүрч ажиллахаар төлөвлөсөн талаар ГБХЗХГ-ын хүүхдийн эрх хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Саранхүүтэй ярилцлаа.

-2017 онд Монгол Улс хүүхдийн эрхийн улсын байцаагчтай Азийн анхны улс болж байсан. Үүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Гэвч олон нийтийн дунд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийн талаар бүрэн гүйцэд ойлголт дутмаг байдаг. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үндсэн чиг үүргийн талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсад 2016 оноос эхлэн Хүүхэд хамгааллын, Хүүхдийн эрхийн хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 2017 онд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.3 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагчийг эрх олгож, ажиллуулж эхэлснийг та бүхэн санаж байгаа байх. 2021 оны хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэх гурав дахь удаагийн сургалт саяхан явагдлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 47 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу байцаагчийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан 16 төрлийн зөрчлийг хянан шалгах чиг үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тухайн дүүрэг, орон нутагтаа удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

-Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдэхийн хэрээр хүүхдийн эрхийн байгууллагууд ажлаа хийж чадахгүй байна хэмээн олон нийт шүүмжлэх болсон. Хүүхдийн эрхийн улсын байцаагч ч тус шүүмжлэлд хамаарна?

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчид ирэх зөрчлүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэхдээ энэ нь нэг талаас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүрээнд далд байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэлт нэмэгдэж байгаатай холбож харах хэрэгтэй болов уу. Өнөөдрийн нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна, энэ чиглэлийн байгууллагууд нь ажлаа хийж байна уу гэх зэрэг шүүмжлэлтэй ойлголтууд их явдаг. Гэвч энэ нь нэг талаас өрөөсгөл ойлголт. Учир нь хүүхэд хамгааллын хууль тогтоомж нь хэрэгжиж, энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллага, ажилтан алба хаагчийн ажлын үр дүнд далд байгаа аливаа төрлийн хүчирхийлэл ИЛРЭХ байдал нэмэгдэж байгаа. Товчхондоо, хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна хэмээн харагдаж байгаа боловч үүний цаана далд байсан хүчирхийлэл ил болж буй гэдгийг олон нийт зөвөөр харж, ойлгох хэрэгтэй.

-Анх хүүхдийн эрхийн 38 улсын байцаагчийг бэлтгэж, эрх олгож байсан юм билээ. Өнөөдрийн байдлаар хэчнээн улсын байцаагч ажиллаж байна?

-38 улсын байцаагчийг анх бэлтгэж, эрх олгосон байдаг. Дараагаар буюу 2019 онд 25 улсын байцаагчийг бэлтгэсэн. Гэвч энэ тал дээр тулгамдаж буй нэг асуудал нь ажлын байрны тогтвор суурьшил хэмээн харж байна. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд 55 улсын байцаагчид эрх олгосон боловч өнөөдрийн байдлаар 47 нь л ажиллаж байгаа юм.

-47 улсын байцаагч ажиллаж байна гэлээ. Энэ нь хэр ХАНГАЛТТАЙ орон тоо вэ. Нэг улсын байцаагчид оногдох зөрчлүүд нэмэгдэж байгаа тохиолдолд орон тоог нь ч нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байна уу?

-Хүн амд харьцуулсан тоотой харьцуулахад хүүхдийн эрхийн улсын байцаагчийн тоо хангалтгүй байгаа гэж хэлж болно. Бид хуульд заасан шаардлагыг хангаж буй хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй ажилтан, алба хаагчдаасаа байцаагч бэлтгэх сонирхолтой байгаа. Гэвч хуульд заасан шаардлагыг хангах хүн цөөн байна. Тухайлбал, гурав дахь удаагийн байцаагчийн эрх олгох сургалтад 54 алба хаагчийн материал ирүүлснээс 15 хүн л хуульд заасан шаардлагыг хангаж байх жишээтэй.

Ер нь хүүхдийн эрхийн чиглэлээр зөвхөн байцаагч гэлтгүй бусад орон тоо тал дээр нэмэх шаардлага байгаа гэж хардаг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн хэмжээнд нэг мянган л хүний нөөцтэй. Яг анхан шатандаа сум, хороонд хүүхэд, гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн байдаггүй. Тиймээс хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Бид хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд тус асуудлыг оруулсан. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулиа дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн. Ингэхдээ тус хоёр хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээнд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглалыг хийсэн юм. Ингэснээр бид үйлчилгээнийхээ хэлбэр, үе шат, хэн ямар үйлчилгээг ямар тохиолдол үзүүлэх вэ гэдгийг нарийвчлан тодорхойлоод байгаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэж байна.

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх авах, сургалтад хамрагдахад ямар шаардлагыг тавьдаг вэ?

-Хүмүүнлэг болон нийгмийн ухааны мэргэжилтэй, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан байх шаардлагыг тавьдаг.

-Өөр нэг ажиглагддаг зүйл бол хүүхдийн эрхийн улсын байцаагчийг цагдаагийн байгууллагаас илүү эрх мэдэлтэй гэх ойлголт. Тэгвэл ямар төрлийн зөрчил нь хүүхдийн эрхийн улсын байцаагчид хамаатаж, ямар тохиолдолд цагдаагийн байгууллагад шилжүүлдэг юм бэ?

-Зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэдэг. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн үйлчилгээний стандартуудад хяналт, үнэлгээ хийдэг. Хүүхэд хамгааллын тухай хуулиар гэр бүлийн орчин, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээн дэх , цахим орчин зэрэг нийгмийн хуульчлагдсан орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээнд хяналт тавьдаг. Тэгэхээр Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагч нь тухайн зөрчилд нөхцөл байдлын үнэлгээ хийж, зөрчил гэж үзсэн тохиолдолд байцаагч өөрөө шалгаж, хянаад дүгнэлтээ прокурорт шилжүүлнэ. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагад шилжүүлдэг.

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчид зөрчлийн дуудлага мэдээлэл ирэх процесс нь хэрхэн явагддаг вэ?

-Хүүхдийн тусламжийн 108 тусгай утсаар дамжиж ирэх аль эсвэл хувь иргэнээс дуудлага мэдээлэл ирэх тохиолдол байдаг. Хувь иргэнээс гэдгийг тодруулбал, эцэг, эхчүүд, айл хөршөөс ирэх тохиолдол ч байна. Урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүрээнд аливаа арга хэмжээ, үйлчилгээнд оролцож явахдаа хүүхдийн эрхийн байцаагч болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх замаар ирдэг.

-Байцаагч нарын ажлын гүйцэтгэлд хэр анхаарал хандуулдаг вэ. Төлөвлөгөөт хяналт шалгалт, ажлын үр дүнгийн үнэлгээг тогтмол хийдэг үү?

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн төлөвлөгөөт хяналт шалгалтын төлөвлөгөөг ХНХ-ын сайд буюу хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч батлан оны эхэнд хүргүүлдэг. Бид одоогоор төвөвлөгөөний төсөл дээр ажиллаж байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг агентлаг авч, нэгтгэж тайлагнадаг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт гарах үе бий.

-Ажлын үр дүн ярьсных өнгөрсөн хугацаанд хэчнээн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн талаар мэдээллийг асуух хэрэгтэй байх?

-2021 онд 91 зөрчлийг хүүхдийн эрхийн улсын байцаагч шалгаж шийдвэрлэсэн. Ихэвчлэн хүүхдийн бие махбодид халдсан, үл хайхарсан зөрчлүүд дийлэнхдээ байдаг. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн агентлагт хүүхэд, гэр бүлийн эрсдлийн программ байдаг. Эрсдлийн программд одоогийн байдлаар 20995 хүүхэд бүртгэлтэй байгаа. Эдгээр хүүхдүүдэд эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг хүүхэд хамгааллын ажилчид болон нийгмийн ажилтнууд хийгээд явдаг. Түүнтэй холбоотойгоор зөрчил илэрсэн тохиолдолд байцаагчид шилжүүлж шалгадаг гэсэн үг.

-Сурагчдын амралт эхэлж байгаа энэ үед хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хариуцлагаа өндөржүүлэх чухал цаг үе хэмээн харж байна. Ер нь сурагчдын амралттай холбоотойгоор хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аливаа төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх ямар ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна вэ?

-2019 оноос цар тахлын нөхцөл байдал эхэлсэнтэй холбоотойгоор өрх гэр бүл рүү чиглэсэн эрсдлийн үнэлгээг хоёр шатанд зохион байгуулсан. Эрсдлийн үнэлгээний дагуу илрүүлсэн хүүхэд, гэр бүлийн урьдчилан сэргийлэх болон тусламж дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсэн. Гуравдугаар шатны төлөвлөгөөнүүд хийгдчихээд байж байгаа.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор БШУ-ны сайд, ХНХ-ийн сайдын хамтарсан хүүхдийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын удирдамж байдаг. Үүний хүрээнд орон нутагт хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн хүүхдийн эрхийн улсын байцаагч гэлтгүй тухайн орон нутагт байгаа хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнууд хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажлуудыг хийж байгаа.

-Өнгөрсөн жил 13 настай охин хүчирхийллийн улмаас амиа алдахад хамтарсан багийн үйл ажиллагаа муу байгаад олон нийт дургүйцсэн. Ер нь хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хамтарсан багтайгаа харилцан уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасны дагуу үндэсний хэмжээнд 760 гаруй хамтарсан баг ажилладаг. Хамтарсан багт энэ хэмжээний нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Хамтарсан баг үндсэн хоёр чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, тухайн орон нутагтаа гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийх чиг үүрэгтэй. Хоёрдугаарт, эрсдэлт нөхцөл байдалд орсон тохиолдолд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг багаараа үзүүлэх ёстой.

-Хүүхдийн эрхийн улсын байцаагчийг ямар тохиолдолд ажлаас нь түдгэлзүүлэхээр заасан байдаг вэ?

-Дүрэмд зааснаар тухайн хүүхдийн эрхийн улсын байцаагч ажлаа өөрчилсөн, өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагчийг түдгэлзүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

ҮХЦ “давхар дээл”-тэй холбоотой гомдлыг энэ сарын 27-нд хэлэлцэнэ
ҮХЦ “давхар дээл”-тэй холбоотой гомдлыг энэ сарын 27-нд хэлэлцэнэ
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.