Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Эрдэнэхүү: Манай улс хавдрын хатуу хяналттай тогтолцоотой байх ёстой

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 36 секунд

Монгол Улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжиж эдүгээ 60 жилийн хугацааг ардаа үджээ. Гэвч манай улсад хорт хавдраар өвчилж буй иргэдийн 75-80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байна хэмээх харамсалтай үзүүлэлт бий. Тэгвэл улсдаа хавдрын тусламж, үйлчилгээг хүргэж буй ХСҮТ-ийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал зэргийн талаар тус эмнэлгийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

-Монгол улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжиж эдүгээ 60 жилийг ардаа үджээ. Өнгөрөгч 60 жилийн хугацаанд хавдар судлалын салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?

-1930-аад оноос эхлэн Улаанбаатар хотод 20 ортой больниц байгуулагдаж хавдрын мэс заслыг хийж эхэлсэн байдаг. Улмаар хавдрын эмчилгээ мэс засалд суурилж байсан. 1950-аад оноос цацраг идэвхт рентген туяа аппаратууд орж ирж, хэрэглэх болсон. Дараагаар 1961 онд хавдар судлалын салбарын цацраг туяа эмнэлэг байгуулагдсанаас эхлэн өнөөдрийг хүртэл эрчимтэй хөгжиж ирсэн. Тийм ч учраас бүхий л цаг үед хавдар судлалын үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шинийг санаачилж ирсэн байдаг. Иймдээ ч өнөөдөр хавдар судлалын салбар гэх том “айл гэр” бий болж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах тэр дундаа дундаж наслалтыг уртасгахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна. Урьд нь хавдраар өвчилсөн хүн нас бардаг гэх ойлголттой байсан бол өнөөдөр хавдрын улмаас амиа алдахгүй, сэхэж чаддаг гэдгийг харуулж байна. Хамгийн гол нь хавдрыг эрт шатанд нь оношлох нь хамгийн төгс эмчилгээг хийх нөхцлийг бүрдүүлнэ гэдгийг өнгөрөгч 60 жилийн хугацаанд харуулсан гэж бодож байна.

Мөн хавдрын эмчилгээ орчин үеийн эмчилгээг дагуулах шинжлэх ухааны ололтууд хавдрын эмчилгээнүүд дээр гарч ирж байна. Тийм ч учраас молекул биологи, туяа, хими эмчилгээний ололтууд хавдар судлалын салбарт сүүлийн арван жилийн хугацаанд эрчимтэй нэвтэрсэн. Энэ нөхцөлд тулгамдаж буй хамгийн том асуудал нь санхүүгийн асуудал. Хэрвээ санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадвал дэлхий нийтийн ололт амжилтаас хоцрохгүй.

Урьд нь бид дэлхий нийтийн ололт амжилтаас 20-50 жилээр хоцорч явсан. Одоогийн нөхцөлд энэ тоо багассан. Иймд одоо л энэ мэт эмчилгээнүүдийг дотооддоо бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлэх тал дээр анхаарч чадвал 2023 он гэхэд эмчилгээ, оношлогооны хувьд дэлхийн улс орнуудаас хоцрохгүйгээр энэ зэрэгцэн алхаж чадахаар байна. Хамгийн гол нь манай улсад эрт илрүүлэг, үндэсний сүлжээ буюу хавдрыг эрт шатанд оношлох тогтолцоо сул байгаа нь харамсалтай.

-Эрт илрүүлгийн төвийг барихаар газрыг нь чөлөөлсөн. Төсөв хөрөнгө тал дээрх асуудлууд бүрэн шийдэгдсэн үү?

-Эхний ээлжийн 10 сая долларын төслийг Австри улсын Засгийн газраас бий болгож өгсөн. Ингэснээр хавдрын хяналтын төвөө байгуулах боломж бүрдэж буй юм. Хоёр дүүрэг болон хэд хэдэн аймгуудад нэгжүүдийг барих юм. Тэгэхээр хавдрын хатуу хяналттай тогтолцоо бий болно гэсэн үг. Бид гурван сая хүн амтай учраас хавдрын хатуу хяналттай байх шаардлагатай. Иймдээ ч дэлхий дахинд ийм үндэсний сүлжээ байдаг.

-Таны хэлсэнчлэн хяналтын сүлжээ бий болж, эрт илрүүлгийн төв байгуулах нь зүйтэй хэдий ч нөгөөтээгүүр эрт илрүүлгийн талаарх ойлголт, мэдээллийг иргэдийн ухамсарт нь илүү суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг?

-Монгол улсад ААН, байгууллагад нь эрт илрүүлгийн талаар үүрэг болгон, хуульчилж өгсөн байдаг. Тодруулбал, байгууллага нь жил бүр ажилтан, алба хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, түүнд шаардагдах төсөв хөрөнгийг даана хэмээн хуульчилж өгсөн. Тухайн байгууллагын зүгээс энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгийг заавалчгүй зохион байгуулах үүрэгтэй болсон гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдийн боловсрол, хандлага маш чухал. Иргэд өөрсдөө ойлголт, мэдээлэл сайтай байхгүй тохиолдолд хавдар хожуу шатандаа илэрч, эмчилгээ оношлогоо үр дүнгүй байдал энэ хэвээр үргэлжилнэ л гэсэн үг шүү дээ.

-ХСҮТ-ээр үйлчлүүлж буй иргэдийн хэчнээн хувь нь хожуу шатандаа оношлогдсон байна вэ?

-Үйлчлүүлж буй иргэдийн 75 орчим хувь нь хожуу шатандаа оношлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 25 орчим хувь нь эмчилгээ үр дүнтэй, боломжтой цагтаа оношлуулж чадаж байгаа нь маш харамсалтай тоон үзүүлэлт юм.

-75 хувь гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Энэ хэрээр өвчтөнүүдийн эмчилгээний оочир дараалал тал дээр хүндрэл гардаг. Гэтэл улсын хэмжээнд хавдар судлалын ганцхан эмнэлэг байна. Тэгэхээр эмнэлэг нь ганц, өвчтөн нь их байгаа энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг та юу гэж харж байна?

-Даатгалын шинэчлэлийг УИХ-аар баталж, 2021 оноос гуравдугаар сараас хэрэгжилт нь эхэлсэн. Үүний ачаар аль ч эмнэлэг хавдрын эмчилгээ хийх чадамжтай бол эмчилгээг хийх боломж нь бүрдсэн. Тийм ч учраас хавдрын хими эмчилгээг бүхий л аймаг, дүүрэг хийж байна. Мөн мэс заслын эмчилгээг бусад эмнэлгүүд хийгээд эхэлсэн. Тэгэхээр ганцхан ХСҮТ-д эмчилгээ хийж байгаа зүйл биш. ХСҮТ бол хамгийн сайн, чанартай тусламж үйлчилгээг хийж, бусдад туршлага, мэдлэгээ хуваалцаж мэргэшүүлж, ачааллаа бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, хавдрын хамгийн энгийн хагалгаануудыг бусад эмнэлгүүд хийж байхад ХСҮТ нарийн төгс эмчилгээг хийж байх жишээтэй. Энэ мэтчилэн хавдрын тусламж үйлчилгээг үе шаттай хүргэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа.

-Өнгөрөгч 7 хоногт аймаг, дүүргүүдийн эмч нарыг чадавхжуулах сургалтад хамруулсан. Гэвч хавдрын эмчилгээг энэ байдлаар тарж хийх нь эмчилгээний чанарын асуудал хөндөгдөх үү?

-Ирээд хийвэл чанарын асуудал сайтайн дээр санхүүгийн зардал багатай. Манай эмч, мэргэжилтнүүд очиж хийвэл хүндрэлүүд их. Ер нь эмч мэргэжилтнүүдийг сургалтад тогтмол хамруулахгүй байгаагаас эмчилгээ, үйлчилгээ доголдох эрсдэлтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалан сургалтуудаа хийж чадахгүй байсан. Энэ жилийн тухайд сургалтаа маш чанартай хийж байгаа.

-Бас нэг ажиглагдаж буй зүйл бол ХСҮТ-д тоног төхөөрөмжийн хүртээмж тааруу байна гэх иргэдийн яриа. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тоног төхөөрөмж байнгын шинэчлэгдэж байх ёстой зүйл. Энэ утгаараа хавдрын болон бусад эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн дутагдал байдаг. 2018 оноос хойш шинэ туяа аппаратуудтай болсон. Мөн 2022 оноос хэд хэдэн тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байна. Энэ мэтчилэн тоног төхөөрөмжийн тал дээр анхаарсаар л байна. Өөрөөр хэлбэл, хавдар судлалын салбарт хөрөнгө оруулалт ч хангалттай хэмжээнд хийгдэхгүй байгаа л гэсэн үг. Энэ нь улсаас зайлшгүй анхаарал хандуулах ёстой асуудал.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Сайханцэцэг: Шартах нь хордлого учраас гоймон идэх нь буруу
Э.Сайханцэцэг: Шартах нь хордлого учраас гоймон идэх нь буруу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.