Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Сайханцэцэг: Шартах нь хордлого учраас гоймон идэх нь буруу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 25 секунд

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэдийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр байгаа гэдгийг тоо баримт судалгаанаас харж болно. Тэгвэл жилээс, жилд нарийн, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх иргэдийн тоо ихсэж байгаа аж. Иймээс нарийн бүдүүн гэдэсний хорт хавдрын нөхцөл байдал, эрт илрүүлэг зэргийн талаар ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн их эмч Э.Сайханцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсад хавдрын өвчлөл улам л нэмэгдсээр байна. Хавдар дундаа нарийн гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдар улам л нэмэгдээд байх шиг байна?

-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь нийт зонхилон тохиолдох хорт хавдрын тавдугаар байрт бичигдэж байна. Жилд 240-250 тохиолдол илэрч байгаагийн 75-80 хувь нь хожуу үедээ буюу төгс эмчлэгдэхгүй болсон үедээ оношлогдож байна.

Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар хожуу үедээ оношлогдож байгаагаас эмчилгээний сонголт тухайн хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Хожуу үедээ оношлогдох тусмаа амьд явах хугацаа нь бага байна гэсэн үг.

-Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдартай хүмүүст ямар эмчилгээ түлхүү хийж байна. Ихэнхдээ хими эмчилгээ хийж байна уу?

-Орчин үед хавдрын дэвшилтэт хими эмчилгээ болох байн эмчилгээний эм тариа манай тасагт 2021 оны гурван сарын 01-нээс даатгалд100 хувь хамрагдсан байна.

Сүүлийн үеийн байн эмчилгээ орж ирж нэвтэрснээр хорт хавдартай хүнд илүү амьдрах хугацаа, амьдралын чанар сайжрах тал дээр эерэгээр нөлөөлж байна. 2018 оны есдүгээр сарын 1-нээс 2019 оны есдүгээр сарын 1-ний хооронд Хавдар судлалын үндэсний төв дээр хийгдсэн хожуу үеийн бүдүүн нарийн гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдэд байн эмчилгээ хийсэн хийлгээгүй гэсэн хоёр бүлэгт хувааж судаллаа. Эндээс харахад 2018 онд байн эмчилгээ хийлгэсэн хүн эрэгтэй, эмэгтэй нийлээд таван хүн байсан байна. Энэ жил гурван сар гарснаас хойш ийм төрлийн эмчилгээ хийлгэсэн хүн 170 болж нэмэгдсэн.

-Байн эмчилгээ хийлгэсэн хүмүүс огцом нэмэгдэж байна гэхээр хорт хавдрын өвчлөл төдий чинээ нэмэгдсэн байх нь ээ?

-Тухайн үед хорт хавдартай хүмүүсийн онош хожуу үедээ илэрч заалт байна гэсэн боловч тухайн хүний санхүүгийн асуудлаас болж бага байсан гэж хэлж болно. 21 хоногт л гэхэд гурван сая гаран төгрөг зөвхөн эм тарианд зарцуулчихдаг. Бусад тариа нь 2500-12 сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг. Хувь хүн заалт байгаа ч гэсэн байн эмчилгээнд хамрагдаж чаддаггүй байсан. Харин энэ оны гуравдугаар сараас шаардлагатай бүх өвчтөн байн эмчилгээ хийлгэдэг болсон.

-Байн эмчилгээ нь яг яадаг эмчилгээ гэсэн үг вэ?

-Сонгомолоор хавдрын эсээ устгадаг эмчилгээ байгаа юм. Химийн тариа эрүүл эд эсээ гэмтээхийн сацуу хавдрын эсийг устгадаг. Харин байн эмчилгээ нь сонгомолоор хавдрын эсээ олж таних буюу блоклодог юм.

"Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар дөрөвдүгээр үедээ оношлогдож хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэлээ гэхэд таван жил амьдрах магадлал 14 хувь л байдаг"

-Нарийн гэдэс, бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн хүн эдгэх боломжтой юу?

-Олон улсын судалгааг харахад үе шатнаасаа хамаараад тав хүртэлх жил хүртэлх хугацаанд амьдрах магадлал ярьдаг. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар дөрөвдүгээр үедээ оношлогдож хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэлээ гэхэд таван жил амьдрах магадлал 14 хувь л байдаг. Эрхтэн эрхтний хувьд өөр өөр л дөө.

-Монгол Улсын хэмжээнд хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?

-Жилээс жилд л статистик тоо баримт, хавдраар оношлогдож байгаа иргэдийн тоо улам л нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь хожуу үедээ оношлогдож байна. Энэ болгон манайхны урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагддаггүйтэй холбоотой .

-Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх хамгийн гол шалтгаан нөхцөл юу вэ?

-Бүдүүн шулуун гэдэс ч гэлтгүй бүх хорт хавдрын хувьд гадаад болон дотоод шалтгаантай. Амьдралын буруу хэвшил, дадал зуршил ихээхэн шалтгаална. Бүдүүн шулуун гэдэсний хувьд удамшлын шалтгаан байж болзошгүй.

-Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бүдүүн гэдэсний хорт хавдар хожуу шатандаа ороход илрэх шинжүүдийг нэрлэвэл:

  • Өтгөнөөр цус гарах
  • Хэвлийгээр өвдөх
  • Шалтгаан тодорхойгүй жин хаях
  • Шалтгаан тодорхойгүй цус багадах, царай зүс цонхийх зэрэг багтана.
  • Бие засах байдал өөрчлөгдөх- гүйлгэх, нарийн баас гарах, өтгөн гарахад бэрхшээлтэй болох гэх мэт

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Та хэрвээ 40-өөс дээш настай л бол нарийн бүдүүн гэдсээ заавал дурандуулж гэдсээ хянуулах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрт илрүүлэх боломжтой.

-Ходоод гэдэсний шархлаа хорт хавдар болдог гэж хүмүүс ярьдаг?

-Шархлаа шууд 100 хувь хавдар болно гэж хэлэхгүй. Тодорхой хувь нь хавдар болдог. Бусдаар шархлаа ч бай үрэвсэл ч бай эмчлэгддэг л өвчин шүү дээ.

-Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар нь хоол хүнснээс шалтгаалах уу?

-Хоносон хоол, даршилсан хуурсан ногоо идэх, тэр тусмаа хүүхдүүдэд газтай ундаа өгөх, гоймон чипс идүүлснээс эрсдэл үүсэж байна. Нарийн гэдэс бүдүүн гэдэсний хорт хавдар одоо бас л залуу хүнд ч тохиолддог болоод байна.

-Нарийн бүдүүн гэдэсний хорт хавдар гэхээр өтгөн хаталттай хамаатай юу?

Өтгөн хаталт нь маш буруу. Хоол унд хөдөлгөөний хомстолоос болж өтгөн хатаж байна уу гэдгээ олж тогтоох хэрэгтэй. Өтгөн хаталт байх ёсгүй. Заавал зохицуулах ёстой. Шууд хорт хавдарт нөлөөлнө гэж байхгүй. Өөр олон өвчлөлийн эхлэл болно. Эрсдэл л үүсгэж байгаа юм.

-Нас хүйсийн хувьд?

-Эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаа ерөнхийдөө байхгүй. Энэ хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дундаж нас нь 54-57 настай. Хамгийн залуу нь 22 настай бол хамгийн өндөр нь 77 настай хүн нарийн бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн байна.

-Байн эмчилгээний хувьд хэдэн курс эмчилгээ хийдэг вэ?

-6-8 курс эмчилгээ хийдэг. Энэ жил бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар 240-250 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 75 хувь нь хожуу оношлогдож байгаа гэсэн шүү дээ. Хожуу үедээ оношлогдох тусмаа л аюултай болж байгаа юм.

НИЙТ ОНОШЛОГДОЖ БАЙГАА ХОРТ ХАВДРЫН 33 ХУВЬ НЬ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР БАЙНА

-Хорт хавдраас гадна зонхилох хорт хавдар ямар хавдар байна вэ?

-Элэг нэгдүгээрт байсаар л байна. Нийт оношлогдож байгаа хорт хавдрын 33 хувь нь элэгний хорт хавдартай байна. Хорт хавдраар оношлогдож байгаа гурван хүн тутмын нэг нь элэгний хорт хавдартай гэсэн үг.

-Элэгний хорт үүсэх гол хавдрын гол шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Хамгийн гол шалтгаан нь B,C вирус шүү дээ. Урт удаан хугацаанд архи уухаас авахуулаад шалтгаан нөхцөл байна.. Дээр нь Монголчууд уусны дараа шарталт хэмээн гоймон идэж газтай ундаа ууж байна. Энэ нь өөрөө олон төрлийн эрсдэлд оруулж байна. Шарталт гэдэг бол хордлогонд орж байна л гэсэн үг шүү дээ. Бэлэн гоймон идэж ууж хэрэглэх нь хордлогоос гарч байгаа юм биш улам л хордож байна гэсэн үг. Гэхдээ миний судалгааны сэдэв нарийн бүдүүн гэдэс болохоор элэгтэй холбоотой мэдээллийг холбогдох хүнээс нь авах хэрэгтэй байх

Ярилцсанд баярлалаа.

Хүүхдийн мөнгийг нөхөн олгоно
Хүүхдийн мөнгийг нөхөн олгоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.