Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Амралтын хугацаанд их хэмжээний даалгавар өгөх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 12 секунд

Цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтыг амраахаар өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Коронавирусийн халдвар гарснаас хойш буюу хоёр жилийн хугацаанд сурагчид цахимаар хичээл үзэж, гэр бүлийн орчинд цагийг өнгөрүүлэх нь ихэссэн. Энэ жилийн хувьд ч мөн танхимын хичээл ороод удаагүй байтал дахин амраах шийдвэр гарсан. Харин БШУЯ-наас энэ удаагийн амралтыг онцгойлон үзэж, амралтын хугацаанд сурагчдад аль болох бага даалгавар өгч номтой нөхөрлүүлэх чиглэлийг багш нарт өгчээ.

БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн ахлах шинжээч Ч.Ганцэцэг "Ерөнхий боловсролын сурагчид жилд хоёр удаа амардаг. Энэхүү амралтын гол зорилго нь тодорхой хугацаанд тасралтгүй хичээлсэн хүүхдүүдийн оюуны алжаал, ядаргааг тайлах, бие бялдрыг сэргээх зорилгоор шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоодог. Ямар ч улс орны сурагчдын амралт нь тухайн улс орныхоо аж ахуй эрхлэлт, амьдралын онцлог хэв маягт нийцүүлсэн байдаг. Улирлын амралтыг хүүхдүүийг амраахад л зориулах хэрэгтэй. Амралтын хугацаанд их хэмжээний даалгавар өгөх нь хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, дарамт болдог. Энэ жилийн хувьд цахимаар хичээл сургуулийн үйл ажиллагаа их явсан. Тийм ч учраас цахим сургалт хүүхдүүдийг оюуны ядаргаанд илүү оруулж байгаа.

БШУЯ-наас ЕБС-уудад сурагчдыг амралтын хугацаанд хийж болох зүйлсийн талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсэн. Үүнд, тухайн хүүхдийн насанд нь тохирсон номыг гэрээр олгож, аль болох ном уншуулах,

Эрүүл амьдрах арга ухаанд сургах дадал хэвшил бий болгох,

Аюулгүй амьдрах ухааны мэдлэг чадвар олгох энгийн даалгаврыг боловсруулж өгөх зэрэг агуулга багтсан. Мөн энэхүү амралтаар багш нарын ёс зүйн дүрмийн биелэлтийг хангах, харилцаа хандлагыг дэмжихэд чиглэсэн сургалтыг зохион байгуулах болно" гэлээ.

Бүх насны хүүхдүүд нийгмийн харилцаанд орж, бусадтай харилцаж, тодорхой орчинд хязгаарлуулахгүй байснаар сэтгэл зүйн хувьд эрүүл байх боломжтой байдаг байна. Хүүхдүүдийн сэтгэл зүй болон эцэг эхийн хувьд хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Бага насны хүүхэд нийгмийн харилцаанд орох нь багасвал сэтгэл зүйн хувьд хэвийн байж чадах уу?

-2-5 насанд хүүхдийн танин мэдэхүйн хөгжил хамгийн идэвхтэй явагддаг. Танин мэдэхүйн хөгжил гэдэг нь хүүхэд хүрээлэн буй орчинтойгоо танилцах, аливаа зүйлсийн талаар мэдээлэл цуглуулах, өөртөө мэдлэг бий болгох зэрэг зүйлсийг суралцдаг. Мөн нийгэмшихүйн хамгийн эхний хөгжил явагддаг. Хүүхдүүд гэртээ дийлэнх цагийг өнгөрүүлж, үе тэнгийхнээсээ хол байснаар бусадтай ижилсэх буюу нийгэмшихүйн асуудлууд үүсэж эхэлнэ.

Мөн бага насны хүүхдүүдэд маш их хэмжээний энерги байдаг. 2-5 насны хүүхдүүдэд гүйж харайх, тоглох их шаардлага байдаг. Энэхүү хэрэгцээг тодорхой нэг орон зайд удаан хугацааны турш хязгаарласнаар дотоод энерги ихээр хуримтлагдаж, уур бухимдал бий болж, стресстэж эхэлнэ. Томчууд шиг өөрийгөө илэрхийлж, гадаа гарч, гүйж, тогломоор байна гэдгээ зохистой байдлаар илэрхийлж чадахгүй. Үүнээс үүдэн шалтгаангүй уйлах, эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай болох зэрэг үр дагавар ажиглагдана.

2-7 насыг тоглоомын нас гэж үздэг. Тэгэхээр хүүхэд энэ насандаа хангалттай хэмжээнд тоглож, түүнээсээ сэтгэл ханамж авч байж сэтгэл зүйн хувьд эрүүл байна.

Тоглоом гэдэгт тоотой хэдэн байнга тоглодог тоглоом орохгүй. Учир нь нэг тоглоомоор байнга тоглосноор сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагдахгүй. Тоглоомоор дамжуулан танин мэдэхүйн хөгжлийг тэтгэх нь чухал.

-Танин мэдэхүйн хөгжил гэдэг нь?

-Танин мэдэхүйн хөгжилд ой тогтоолт, анхаарал гэх мэтчилэн оюун ухааны үзүүлэлтүүд багтана. Эдгээрийн хөгжилд эерэг нөлөөтэй тоглоомуудаар тоглуулах нь зүйтэй. Өмнө хэлсэнчлэн хүүхэд тоотой хэдэн тоглоомоороо тоглоод, орон зайд хязгаарлагдмал байвал энергийн хуримтлал үүснэ.

-Хүүхдийн нийгмийн харилцаа хязгаарлагдахад сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бага насны хүүхдүүд тэр дундаа 2-5 настнуудын хувьд бусад хүүхдүүдтэй нийгэмшиж, танин мэдэхүйн хөгжлөө дэмжиж сайжруулсанаар сургуульд бэлтгэгдэх суурь нь болдог. Харин гэртээ удаан байж хүмүүсийн харилцаанаас тусгаар байсан хүүхдүүдийн хувьд сургуульд ороод хямрах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл орчин нөхцөл солигдох үед дасан зохицохуйн хямрал бий болно гэсэн үг.

Сургуулийн бага насны хүүхдүүдийн хувьд “Би бусдаас юугаараа ялгаатай вэ” гэдэг ойлголт төлөвшдөг. Энэ ойлголтыг эрүүлээр хөгжүүлэх хамгийн гол хүчин зүйл нь нийгмийн харилцаа юм. Нийгмийн харилцаа хязгаарлагдах тусам тухайн хүүхдийн сэтгэл зүй төлөвшихөд цаг хугацааны хувьд хоцрогдох юм.

-Ковидтой холбоотой асуудал ямар насны хүүхдийн сэтгэл зүйд илүү нөлөөлж байна вэ?

-Коронавирус гарсантай холбогдуулан 6 настан буюу дөнгөж сургуульд орж буй хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн маш өндөр хямрал үүсч болзошгүй байгаа. Учир нь гэртээ удаан хугацаанд байж, нийгмийн харилцаанд бага оролцсон хүүхдүүд сургуулийн талаар түгшүүртэй хүлээн авах тохиолдол олон. Сургуульд орсон хүүхдэд тодорхой дүрэм журам баримтлах, өглөө эрт босох, даалгавар хийх зэрэг ойлголт хөгжөөгүйгээс болж хямардаг. Энэ төрлийн хямрал удаан үргэлжилснээр хүүхэд өөрийнхөө талаар сөрөг зүйл бодох, айдас түгшүүртэй болох, нийгмийн харилцаанд оролцохоос зугтдтаг болох зэрэг сөрөг үр дагавар ажиглагдана. Магадгүй энэ нь сэтгэл гутарлын шалтгаан болох болмжтой.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионд орно гэдэг нь хүүхдүүд битгий хэл томчууд бидний хувьд маш шинэ зүйл байсан. Тодорхойгүй нөхцөл байдал нь бүх насны хүмүүст түгшүүр үүсгэдэг. Хүүхдүүдэд ковидын эхний жил халдвар авахаас айсан сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байсан. Харин дараагийн жилд хичээл сурлагатай холбоотой асуудлууд үүссэн.

-Хүүхдүүд гэртээ байх хугацаа нь ихсэх тусам дэлгэц үзэх цаг нь дагаад нэмэгддэг. Хүүхдэд дэлгэцийг хэрхэн хэрэглүүлэх ёстой байдаг вэ?

-Таваас дээш насны хүүхдүүдэд өдөрт 30 минутаас илүүгүй дэлгэц үзүүлэх ёстой гэсэн судалгаа байдаг. Дэлгэцийн хамаарал гэдэг ойлголтод маш болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь давагдашгүй хүчин зүйлээс үүдэн сургууль, цэцэрлэгтээ явахгүй байгаа хүүхдүүд дэлгэц буюу тоглоомоор дамжуулан танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах нь буруу биш юм.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ дэлгэц үзэх цагийг зөвшилцөн тохирох хэрэгтэй. Харин манай эцэг эхчүүдийн дунд хүүхдээ удирдах, тушаах хандлага ажиглагддаг.

-Сая дэлгэцээр дамжуулан хүүхэд танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах хэрэгтэй гэлээ. Үүнийг тайлбарлаач?

-Өөрөөр хэлбэл хүүхдийн танин мэдэхүйн хөгжил дэлгэцийн тусламжтайгаар хангагдах бүрэн боломжтой байдаг. Тухайн хүүхдийн эцэг эх агуулга болоод үзэх хугацаанд хяналт тавьж дэлгэц хэрэглүүлэх хэрэгтэй.

-Ямар нөхцөлд хүүхдийн сэтгэл зүй тогтвортой байдаг вэ?

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж, ямар нэг шүүмжлэлгүйгээр харьцахад хүүхдийн сэтгэл зүй тайван, тогтвортой байдаг. Хүүхэд л болсон хойно ямар нэг зүйлийг буруу хийх, алдаа гаргах зүйлс олон байдаг. Энэ бол байж болох хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Нийгмийн харилцааны хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байсаар нэгэнт бухимдалд орсон хүүхэдтэй хэрхэн харьцаж, сэтгэл зүйн хувьд эмчлэх вэ?

-Ээж аавууд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх гэр бүлийн чанартай цагийг бий болгох хэрэгтэй. Энэ цаг тийм ч удаан байх шаардлаггүй. Нэг цаг байсан ч болно. Энд гардаг нэг алдаа нь гэрээ цэвэрлэсэн үү, хоолоо идсэн үү гэх зэргээр хүүхэдтэйгээ харьцаж байгаагаа тэдэнд цаг гаргаж байна гэж ойлгодог. Гэтэл чанартай цаг гэдэг нь тухайн өдөр болсон үйл явдлыг ярилцах, ярилцахдаа нүд рүү нь харах, анхаарч байгаа гэдгээ мэдрүүлэх зэргээс эхлэнэ. Тиймээс хүүхдэд аав ээж надад анхаардаг, намайг ойлгодог гэдэг мэдрэмжийг өгөх ердөө нэг цаг байхад тухайн хүүхэд сэтгэл зүйн хувьд эрүүл байхад том дэмжлэг болдог. Мөн аль болох хүүхдийн хөдөлгөөн болон тоглоомийг хязгаарлахгүй байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.