Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Гуравдугаар тунгаа хийлгэсэн иргэд Омикроноос сайн хамгаалагдаж байна. Өмнөд Африкийн нөхцөл байдлыг харахад Омикроны шинж тэмдэг маш хөнгөн байгаа. Харин Их Британид 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан байна.
Манай улсын хувьд гуравдугаар тунд хамрагдсанаар халдварын тоо 90 хувиар буураад байгаа. Гуравдугаар тун нь дельта хувилбараас гадна омикрон хувилбараас хамгаална. Тиймээс гуравдугаар тунг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Та бүхэн омикрон хувилбар нь аюулгүй, шинж тэмдэг хөнгөн гээд мэдээлээд байдаг. Гэтэл бусад улс орон хилээ хаагаад бүр чанга арга хэмжээ аваад байна. Үүнд тодорхой хариулт өгөөч. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд нэг өөр юм яриад Оном сангийн Д.Наранбаатар бас өөр юм яриад байна"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбар бол хөнгөн гэж ард иргэдийг бид тайвшруулаагүй. Харин гуравдугаар тунгаа хийлгэсэн байх ёстой. Тэгвэл халдвар авсан ч хөнгөн тусна гэдгийг анхааруулсаар байгаа. Оном сангийн Д.Наранбаатар бол физикч хүн. Энэ хүний ярианд та бүхэн яагаад тэгэж их үнэмшээд итгээд байдаг нь хувь хүний сонголт байх. Эрдэмтдийн зөвлөл бол өөрсдийн хийсэн судалгаагаа танилцуулж байгаа. Тиймээс иргэд Эрдэмтдийн зөвлөлийн судалгаандаа итгэх хэрэгтэй" гэв.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Аль ч улсад ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, эрдэмтэд санал зөрөлддөг. Энэ бол байж болох зүйл. Бид Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар болон бусад эрдэмтэдтэй ч ярилцаж уулздаг" гэлээ.