Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Гуравдугаар тунгаа хийлгэсэн иргэд Омикроноос сайн хамгаалагдаж байна. Өмнөд Африкийн нөхцөл байдлыг харахад Омикроны шинж тэмдэг маш хөнгөн байгаа. Харин Их Британид 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан байна.
Манай улсын хувьд гуравдугаар тунд хамрагдсанаар халдварын тоо 90 хувиар буураад байгаа. Гуравдугаар тун нь дельта хувилбараас гадна омикрон хувилбараас хамгаална. Тиймээс гуравдугаар тунг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Омикроныг илрүүлэх боломж бүрдсэн үү. Тоног төхөөрөмжийг нь авч чадсан уу. Омикроны вакцин гарч байгаа гэх мэдээлэл байна. Бид уг вакциныг хийлгэх үү. Халдвар аваад эдгэрсэн хүмүүстэй хэрхэн анхаарч байгаа вэ. Баахан эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гараад ирэх вий"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой байгаа. ХӨСҮТ-д аппарат суулгаад хувилбаруудыг тодорхойлоод явж байгаа. Омикрон хувилбарын онцлогт зориулсан вакцины судалгаа хийгдэж байгаа юм билээ. Ковидын дараах хам шинжийн талаар зөвлөгөөг сайн явуулж байгаа. Удирдамжийн дагуу НЭМГ, НЭМҮТ, Өрхийн эмнэлгүүд иргэддээ сайтар зөвлөгөө өгч байна.
Омикрон хувилбарын нууц хугацаа одоогоор 2.5 хоног байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаад байна. Бүүстэр тун хийлгэхэд эсрэг бие хэр хугацаанд хадгалагдаж байгаа вэ. Хэрвээ судалгаа байхгүй, энэ эсрэг биет нь богино хугацаанд алга болоод байгаа бол бид 70 дахь тунгийн тухай яриад сууж мэдэхээр байна. Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглохоо болимоор байна"
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ард иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг барьж, шаардлага хангасан амны хаалтаа тогтмол зөвлөхийг анхааруулж байна. Мөн бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байна. Учир нь бүүстэр тун хийж эхлэхээс өмнө судалгааны ажлууд хийсэн. Дотоодод хийсэн судалгааны үр дүнд бүүстэр тунг хийж эхэлсэн. Судалгаагаар бүүстэр тун хийснээс хоёр сарын дараа эсрэг биет огцом буурч байгаа. Харин гуравдугаар тунг хийлгэхээр дахин сэргээж байна. Тодруулбал, дархлалын эсийг сайтар сэргээж байна. Тиймээс цаашдаа вакцинжуулалтын ажлыг идэвхтэй хийнэ" гэлээ.