Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус болон хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаадын зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцож байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигал, албан тушаал, хөрөнгө орлогын мэдүүлгийг татвартай уялдуулах нь илүү оновчтой. Ингэснээр илүү ил тод, нээлттэй болно гэж харж байна.
Өнөөдрийн байдлаар 1000 гаруй тусгай зөвшөөрлийг Монгол Улсын төр өгч байна. Дийлэнх нь нийслэл дээр эдгээр зөвшөөрлүүд олгогдож байгаа. Тусгай зөвшөөрөл бүрийн цаана гарын үсэг бий. Гарын үсэг бүхний цаана албан тушаалтнууд байдаг. Тэдний цаана тодорхой хэмжээний эрх ашгийн зохицуулалтууд байгаа. Энэ бол нууц биш. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохын тулд тусгай зөвшөөрлийг төрийн байгууллагаас шаарддаг техникийн нөхцлийг 50 хувиас доошгүй болгож багасгах, цахимжуулахад анхаарах хэрэгтэй.
Төрийн хяналт шалгалтын төлөвлөгөөт шалгалтыг багасгая. Татвар, нийгмийн даатгал, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт гэх мэт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын тоог багасгацгаая. Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөлд байгаа нь үнэн. Хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө аль нэг хувийн хэвшлийн ресторанд үнэгүй хоол иддэг нөхцөл байдал байгаа нь ч бодитой. Энэ бүхнийг бид авлигал гэж харах ёстой. Энэ байдаг зүйл юм шиг, байх ёстой мэтээр бодож болохгүй.
Төрийн байгууллагын албан тушаалтнууд сарынхаа цалингаас хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг. Үүнийгээ байх ёстой зүйл мэтээр боддог хэсэг байна. Энэ байдлыг бид хамтдаа сэтэлж гарах ёстой. Үүний тулд Шүгэл үлээгчийн тухай хуулийн зайлшгүй богино хугацаанд батлах шаардлагатай" гэв.