Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Омикроны” голомтоос ирсэн МАН-ын дарга нараа тусгаарлачихаад хүний эрх ярь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

МАН-ын 30 дугаар Их Хурал өнөөдөр эхэллээ. Уг их хурлаараа тэд намын даргаа сонгохоос гадна хүний эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон шийдвэрүүд гаргана гэсэн мэдээлэл бий. Хүн бүрт хууль тэгш үйлчилдэг шударга тогтолцоог бүрдүүлж, хүний эрхийг онцгой анхаарч хамгаалдаг нам болно гэдгээ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан мэдэгдсэн.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хүн биш хууль засагладаг улс болно” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дабль стандартыг арилгана” гэж ярьсаар ирсэн. Гэтэл мөн чанартаа тэдний ярих нь нэг, үйлдэл нэг өөр байна.

Маш тодорхой жишээ авъя. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй манай дарга сайд нар Энэтхэг улсад айлчлаад энэ сарын 5-ний өдөр ирлээ. Тэднийг айлчилж байхад тус улсад Омикрон вирусийн тохиолдол бүртгэгдэж, голомтлон тархаж эхэлсэн. Европын холбооноос онцгой халдварлах чадвартай гэж анхааруулсаар байгаа уг мутацийн эсрэг улс орон болгон тохирох арга хэмжээ авч байна.

Манай Улсын онцгой комисс хуралдаж Халдвар тархсан улс орноос ирж буй, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй. Тэдгээр улс оронд зорчсон, эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг эх оронд нь авна. Гэхдээ хувийн зардлаар нь 10 хоногийн тусгаарлалтад байлгана гэж шийдвэрлэсэн. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцээд дэмжсэн. Тэр ч бүү хэл Омикрон бүртгэгдээгүй Өмнөд Суданаас ирсэн 200 гаруй энхийг сахиулагчдаа 10 хоног тусгаарлахаар болоод байгаа. Гэтэл омикрон бүртгэгдсэн Энэтхэг улсаас ирж байгаа УИХ-ын дарга тэргүүтэй дээдэст энэ шийдвэр нь үйлчлэхгүй гэж УОК мэдэгдэв. Тодруулбал УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “БНЭУ-д айлчлал хийж буй УИХ-ын дарга болон дагалдан яваа гишүүд, сайд нарыг буцаж ирэхэд нь тусгаарлахгүй. Одоогийн байдлаар 28 улс оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. Манай улсын хувьд голомтлон тархаж буй улс орнуудаас ирж буй иргэдийг 10 хоногийн хугацаатай тусгаарлаж байгаа” гэжээ. Түүний ярьж байгаагаар вирус бүртгэгдээгүй өмнөд Судан эрсдэлтэй бүс, Вирус бүртгэгдсэн Энэтхэг улс эрсдэлгүй бүс болж таарч байгаа юм. Хэрвээ нэгэнт Г.Занданшатар тэргүүтэй дарга нарыг тусгаарлахгүй юм бол цаашид ч Омикрон бүртгэгдсэн улсаас ирсэн иргэдээ тусгаарлах хэрэггүй. Одоо тусгаарлаж байгаа 200 энхийг сахиулагчаа тусгаарлалтаас гаргах хэрэгтэй. Хэрвээ Омикрон бүртгэгдсэн, эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэдээ тусгаарлана гэж байгаа бол Г.Занданшатар тэргүүтэй дарга нараа тусгаарлаж байж дараа нь иргэдээс хууль дүрмээ мөрдөхийг шаардах нь ёс зүйд нийцэх биз ээ.

Ийнхүү мөнөөх л дабль стандартын өмнө МАН-ынхан дахин нэг “азаартаж” ноён нуруу нь гулзайлаа. Хүний эрхийг хамгаална, дабль стандартыг болиулна гэж ярьсан микрофоных нь шүлс ч хатаагүй байхад тэд ийнхүү хэлсэн ярьснаасаа зөрлөө. Хэлсэн ярьснаа өөрсдөө эхэлж мөрдөхгүй юм бол ард түмэнд таалагдах гэж хүний эрх ярьж худлаа “попрох” хэрэг байхгүй. Ийм үйл явдлын дараа хүний эрхийг дээдлэгч нам гэж өөрсдийгөө өргөмжилбөл жинхэнэ онигоо болно шүү.

Энэтхэг улсад 34 сая хүн ковидын халдвар авч 471 мянган хүн нас барсан нь дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Түүнчлэн Мюү, Делта гэсэн хоёр ч мутаци энэ улсаас гаралтай. Одоо омикроны халдвар бүртгэгдлээ. Ийм аюултай нөхцөл байдалд УИХ-ын дарга маань зайлшгүй айлчлах шаардлага байсан л юм байх даа. Ядаж нэг юм бүтээж гийгүүлсэн л байгаасай.

Г.Лхагвадорж

Мянмарт болж буй жагсаалыг тараахын тулд цэргийн машинаар довтолжээ
Мянмарт болж буй жагсаалыг тараахын тулд цэргийн машинаар довтолжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.