Энэ сарын 2-нд цахим сүлжээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй.
Тус бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “...Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй..." гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон. Архангай аймаг дахь цагдаагийн газраас дээрх хүүхдүүдэд шинжээч эмч томилон, хамтарсан багт холбон зуучилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.
Харин тус аймгийн Боловсролын газрын дарга З.Мөнхтогтох "Хүүхдийн эрхийг зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан багшийн үйлдэлд харамсаж байна. Эцэг эхчүүд болон олон нийтээс хүлцэл өчье. Тухайн ангид сурдаг гурван хүүхдийн эцэг эх өргөдөл ирүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Засаг даргаар ахлуулсан ёс зүйн зөвлөл хуралдаж, ажлын хэсгийг томилон ажиллаж байна.
Боловсролын сайдын тушаалаар батлагдсан ЕБС, цэцэрлэг, албан ба албан бус боловсрол, насан туршийн боловсролын төвийн ёс зүйн дүрэм гэж байдаг. Энэ дүрмийн дагуу сурч боловсрох эрхийг хангах, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахад шуурхай арга хэмжээ авна гэдгээ илэрхийлье. Ёс зүйн зөвлөл бол нөхцөл байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргадаг байх ёстой. Мэдээж ийм ноцтой үйлдэл гаргасан хүмүүсийн ажлын байртай холбоотой асуудал яригдана" гэсэн юм.
Харин Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.УРАНЦЭЦЭГ "Манай байгууллага Архангай аймаг дахь боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлд хамтарч ажилладаг. 2021 онд хүүхэд хамгааллын 108 утсанд боловсролын салбартай холбоотой гурван гомдол мэдээлэл ирсэн. Энэ гомдол мэдээллүүд одоогоор зөрчлийн хэрэг үүсч шийдэгдээгүй.
Хүүхэд хамгааллын бодлого хүн болгонд хамааралтай. Дотоод гадаад камержуулалт бол хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан маш чухал тоног төхөөрөмж. Арваннэгдүгээр сард Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгт хяналт үнэлгээ хийсэн. Энэ үеэр хүүхэд хамгааллын бодлого байна уу, камер нь ажиллагаатай байна уу гэдэгт хяналт тавьсан. Бүх сургууль цэцэрлэгт байсан. Гэхдээ бид камерын бичлэгийг шалгадаггүй. Тухайн сургуулийн дотоод асуудалд ордог учраас шалгагдаагүй.
"Ирээдүй" цэцэрлэгийн асуудалтай холбоотой хууль эрхзүйн мэргэжилтэн, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, хүүхдийн эрхийн улсын байцаагчаас бүрдсэн баг ажиллаж байна. Энэ мэргэжилтнүүд нөхцөл байдалд үнэлгээ хийж мэргэжлийн байгууллагад хүргүүлэх юм. Ийм төрлийн хүүхдийн эрх зөрчиж байгаа асуудал давтагдахгүй байхад нэлээд зүйлийг төлөвлөж, анхаарч ажиллах хэрэгтэй юм.
Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.МӨНХБАТ "Аймагт боловсролын салбарын ёс зүйн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөл хуралдаж ажиллаад тухайн цэцэрлэгийн багш, удирдлагад ямар арга хэмжээ авах эсэхэд надад зөвлөмж ирүүлнэ. Хуулиараа бол тэр зөвлөмж ирсний дараа арга хэмжээг авна. Багшид болон тухайн сургуулийн удирдлага арга хэмжээ авна. Харин удирдлагыг сумын Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй. Энэ утгаараа тухайн сургууль, цэцэрлэгийн захирлыг дуудаж уулзсан. Ёс зүйн зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр, зөвлөмж ирээгүй байгаа" гэлээ.