Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
7 минут 12 секунд

SARS-CoV-2 вирусийн хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг. Тэгвэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-нд Өмнөд Африкт бүртгэгдсэн Омикрон хувилбарыг ДЭМБ "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авсан. Тэгвэл дотоодод коронавируст халдварын өдөрт илрэх тохиолдол буурч байгаа энэ үед дэлхий нийтэд шинэ мутаци бүртгэгдсэн нь урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг яаралтай хийх шаардлага тулгараад буй. Иймдээ ч УОК-ын шийдвэрээр хилийн хяналтыг чангатгаж, гадаадаас ирэх иргэдийг шинжилгээнд хамруулж буй.

“Шинэ мутацитай тэмцэх хоёр л стратеги байна”

Нэмэлт тунгийн дархлаажуулалт, омикрон хувилбар болон бусад цаг үеийн асуудлаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

-Шинээр бүртгэгдсэн хувилбартай холбоотой вакцин үр нөлөө хэр байх вэ гэсэн судалгаа 14 хоногийн дараа гарна гэж мэдээлсэн. Гэхдээ шинэ мутацитай холбогдуулан дотоодод эхлүүлсэн судалгаа бий юу?

-Вакцины үр нөлөөний талаарх судалгааг вакцин үйлдвэрлэгч компаниуд хийж байна. Омикрон мутаци нь шинээр бүртгэгдсэн вирус тул вакцин үйлдвэрлэгч компаниуд лабораторийн аргаар эсвэл тухайн вирусийн сорьцыг шинжилсний үндсэн дээр судалгаагаа хийдэг гэсэн үг. Энэ нөхцөлд бид олон улсын судалгааг хүлээхээс өөр аргагүй.

-Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтын идэвх сэргэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь бодит нөхцөл байдалтай тохирч байна уу?

-Вакцинжуулалт 20 хувьд хүрч, нийт хамрагдсан хүний тоо 640 мянга болсон. 9,10 дугаар сарын дундажтай харьцуулахад тохиолдлын тоо 10 дахин буурлаа. Жирэмсний өвчлөл 70 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Эмнэлгийн ачаалал 3 дахин багассан. Үүнээс харахад, нэмэлт тунгийн дархлаажуулалт эхэлснээр зөвхөн тохиолдлын тооноос гадна бусад дагалдах үзүүлэлтүүд ч буурч байна.

Их Британи улс зөвхөн 40-өөс дээш насны иргэдээ III тунд хамруулж байсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдээ нэмэлт тунд хамруулах шийдвэрийг гаргасан.

Ер нь шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л стратеги байгаа. Нэгдүгээрт, бүүстер тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх. Хоёрдугаарт, хил гаалийн хяналтаа чангатгах.

-Судлаачид вакцины бүүстер тунгийн хамрагдалт өндөр улс орнуудад шинэ хувилбарыг эрсдэл багатай даван туулна гэх урьдчилсан таамгийг дэвшүүлсэн талаар та УОК-ын хурлын үеэр хэлсэн. Энэ талаар тодруулбал?

-Олон орны эрдэмтэд вакцины хамрагдалт өндөр байх тусмаа вирусийн халдварлах чадварт нөлөөлж түүнийг даван туулна гэж үзэж байгаа. Гэхдээ албан ёсоор судалгаанууд хийгдэж байна. Тухайлбал, Их Британи улсын судлаачид удахгүй нэмэлт тун, шинэ мутацитай холбоотой урьдчилсан дүгнэлтийг гаргана. Судалгааны дүнг анхааралтай ажиглаж байна.

Манай улсын хувьд хил гаалийн хяналтаа чангатгаж байгаа. Мэдээж нэмэлт тунгийн дархлаажуулалт халдвар авах, хүндрэх эрсдэлээс хамгаалдагаараа хамгаална. Хамгийн гол нь хэдэн хувьтай байх вэ гэдэгт л судалгааны дүнгүүд яригдана гэж ойлгох хэрэгтэй.

-Ер нь манай улсад дөрөвдүгээр тунгийн талаар албажсан шийдвэр, зөвлөмж гарах уу?

-Манай улсад дөрөвдүгээр тунг хийх талаар албан ёсны шийдвэр гараагүй. Харин дэлхийн зарим улс орнуудад IV тунтай холбоотой шийдвэрүүд гарсан тохиолдол бий. Тухайлбал, АНУ-ын CDC өвчний хяналтын төвөөс аравдугаар сарын 27-нд вакцины удирдамжаа өөрчилсөн. Тус удирдамжид ДОХ, хавдар, дархлаа дарангуйлах эмчилгээ хийж буй дархлааны асуудалтай иргэдэд IV тунг хийх заалтыг тусгаж, зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь зөвхөн тус улсад л мөрдөгдөх асуудал.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрүүл мэндийн сайд харъяа байгууллагуудтай шуурхай хуралдсан. Хуралдаанаар ямар үүрэг, чиглэлийг өгсөн юм бэ?

-Шинэ хувилбарын болзошгүй эрсдэлтэй холбогдуулан ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай хуралдсан. Ингэхдээ халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүргийг харьяа байгууллагуудад өгсөн.

-ДЭМБ-аас PCR оношлуур шинэ мутацийг илрүүлж чадаж байгаа талаар мэдээлээд буй. Ер нь дотоодод шинэ мутацитай холбогдуулан хүн амын дундах тандалтын судалгааг хийж байгаа юу?

-Дотоодод хийх тандалтын шинжилгээг эрчимжүүлнэ. Гадаадаас ирж буй иргэдийг хамруулж буй шинжилгээг тандалтын судалгаанд багтаж буй ажил гэж ойлгож болно.

-Омикрон хувилбараас сэргийлж, нэмэлт тунд хамрагдах шалтгаан?

-Их Британи улсын Эрүүл мэндийн сайд хүн амынхаа нэмэлт тунгийн хамралтыг нэмэгдүүлж, шинэ хувилбараас хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэх шийдвэрийг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр шинэ мутаци гарч ирсэн боловч түүнээс хамгаалах гол зэвсэг нь гуравдугаар тун хэвээр л байх юм.

ДЭМБ: Халдвар авч эдгэрсэн хүмүүс ч Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй

ДЭМБ-ын Вирусийн эволюц хариуцсан техникийн зөвлөлөөс өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ний өдөр ӨАБНУлсад бүртгэгдсэн B.1.1.529 хувилбарыг анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэх шийдвэрийг гаргасан билээ. Тэгвэл ДЭМБ-аас шинэ мутацитай холбогдуулан хийсэн мэдээллээс ОНЦЛОХ ишлэлийг хүргэе.

  • Омикрон хувилбарыг Дельта зэрэг хувилбартай болон бусад харьцуулахад халдварлах чадвар өссөн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй
  • Судалгааны урьдчилсан дүнгээс харахад урьд нь Ковид19 халдвараар өвчилсөн хүмүүс Омикрон хувилбарын халдвараар дахин өвдөх эрсдэлтэй гэсэн хязгаарлагдмал мэдээлэлтэй байна.
  • Улс орнуудад өргөн хэрэглэж буй PCR оношлуур нь Омикрон хувилбарын халдварыг илрүүлэх боломжтой
  • Иргэдийн зүгээс халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол 1 метрийн хүн хоорондын зайг барьж, амны хаалтыг тогтмол хэрэглэж, агааржуулалтыг сайжруулахын тулд цонхоо онгойлгон агааржуулалт хийх, агааржуулалт муу хүн ихтэй газруудаар үйлчлүүлэхгүй байх, гараа тогтмол ариутгах, ханиаж найтаахдаа зөвлөмжийн дагуу найтаах, вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.
  • ӨАБНУ судлаачид болон бусад улсын судлаачид Омикрон хувилбарын талаарх олон төрлийн судалгааг хийж байна.
С.Амарсайхан: Ачаа тээврийн жолооч нарт хатуу хяналт тавьж, өндөр зохион байгуулалттай ажилла
С.Амарсайхан: Ачаа тээврийн жолооч нарт хатуу хяналт тавьж, өндөр зохион байгуулалттай ажилла
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.