Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцох тэгш боломжоор хангах, бэрх бус ээлтэй хандлага харилцааг олон нийтэд түгээх зорилго дор нэгдсэн аяныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зохион байгуулж буй. Аяны хүрээнд зохион байгуулагдсан оюутны парламентын мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал болон бусад нөлөөллийн ажил, төлөвлөгөө, түүний ач холбогдлын талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас дэд дарга Д.Ганболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гарагт “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд “Парламентын мэтгэлцээн” зохион байгуулсан. Тус мэтгэлцээний тэмцээн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм билээ. Энэ удаагийн мэтгэлцээний онцлог нь юу байв?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнгөрсөн аравдугаар сарын 3-наас эхлэн ирэх сарын 3-ны өдрийг хүртэл “Бэрх биш ээлтэй” аяныг зохион байгуулж байна. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн чамтай, бусадтай л адил гэх уриан дор нөлөөллийн аян арга хэмжээг хийж байгаа юм. Нөлөөллийн ажлуудаа бид цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.
Оюутан залуус, эрдэмтэн судлаачдын дунд парламентын мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хурал зэргийг өмнөх онуудад уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өмнөх онуудад МУИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд парламентын мэтгэлцээн болон эрдэм шинжилгээний хурал цугтаа зохион байгуулагддаг байсан. Харин энэ жилийн хувьд мэтгэлцээний болон эрдэм шинжилгээний хурлаа тус тусад нь зохион байгуулж байна.
Бас нэг онцлог нь өнгөрсөн онуудад зөвхөн МУИС-ийн оюутнуудын дунд парламентын мэтгэлцээнийг зохион байгуулдаг байсан бол энэ жил 20 гаруй их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутнуудыг хамрууллаа. Ийнхүү мэтгэлцээнээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг олон нийтэд дан ялангуяа оюутнуудад хүргэж байгаагаараа онцлог. Оюутнууд энэ чиглэлийн хууль эрх зүйн мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах болон бусад харилцаа хандлагын талаар цогц ойлголтыг авч буй хэрэг юм.
-Мэдээж үе тэнгийн залуустайгаа мэтгэлцэж, тодорхой шийдэл санааг дэвшүүлэхийн тулд судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай. Тэгэхээр залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаа гарц гаргалгааг нээн илрүүлэхэд тус тэмцээн илүү дөхөм болсон болов уу. Ер нь тэмцээний үеэр шинэ шийдэл, санаануудыг залуус маань хэр их дэвшүүлэв?
-Мэтгэлцээнийг шүүх явцад оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг бүхий л талаас нь тэр тусмаа хууль эрх зүйн өнцгөөс маш сайн судалсан нь харагдаж байсан. Иймдээ ч үндэслэл, судалгаатай үзүүштэй мэтгэлцээнийг гаргаж тавьсан. Мэтгэлцээнээр оролцогч багуудад нийт 17 шийдлийг өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжиж чадахгүй, хөгжил нь зогсчихсон мэтээр ойлгох хүмүүс цөөнгүй. Гэтэл бодит байдал дээр хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан хүн ч хөдөлмөрлөх, сурч боловсрох боломжтой. Энэ мэт шийдлүүдийг гаргаж ирж тавьсан нь авууштай.
Оюутнуудын гаргаж тавьж буй шийдэл, асуудлыг харж буй өнцөг зэрэг нь бодлого боловсруулагч басхүү хэрэгжүүлэгч байгууллагын хувьд томоохон давуу талыг олголоо. Нөгөөтээгүүр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон оюутнууд ажлын талбар дээр гарч ямарваа нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах болоход тэдний хэрэгцээ, шаардлагыг хангах ёстой байдаг талаар ойлголттой болж буй юм.
-Өнөөдөр /2021.11.25/ аяны бас нэгэн чухал хэсэг болох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна. Тус хурлын талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурал нь 2013 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдвийн дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн аливаа бодлогын цоорхойнууд үүсч байгаа нь шинжлэх ухааны ач холбогдлыг бүрэн судлаагүйгээс үүсч, улмаар тодорхой бодлого шийдвэрүүд ч дутмаг байна. Товчхондоо, ямар бэрхшээлд, ямар стратеги бодлого хэрэгжүүлэх вэ гэх тодорхойгүй асуудлууд үүссэн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг нийгмийн сэтгэлзүй, эдийн засаг, улс төрийн бүхий л асуудалд тэгш бус байдлыг бууруулахад нэн чухал нь судалгаа шинжилгээний ажил юм гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тодорхойлсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн онцлогт тохирсон судалгаа, шинжилгээний үндсэн дээр шийдвэр гаргагчид бодлогоо боловсруулбал үр дүнтэй болохыг дурдаж өгсөн байдаг.
-Жилээс жилд оролцогчдын идэвх, ирүүлэх бүтээлийн чанар ч нэмэгдэж байна уу. Ер нь бүтээлүүдийн голчлон илэрхийлэх санаа, дэвшилттэй тал юу ажиглагдав. 80 гаруй бүтээлээс 70 нь шаардлага хангасан гэж сонссон?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхцөл байдлыг судалж буй эрдэмтэн судлаачид дийлэнхдээ эрүүл мэнд, боловсролын чиглэлээр бүтээлээ бэлдэж оролцдог байсан. Харин сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан техник технологийн дэвшил, инновацын шинэ санааг судалгааны бүтээлдээ ирүүлж байна. Үүнийг дэлхий нийтээс хоцрох бус шинээр гарч буй инновацыг хүртээмжтэй байдлаар, олон нийтэд нэвтрүүлэхийг зорьж бүтээлээр ирүүлж байна хэмээн харж байгаа.
Эрдэм шинжилгээний хуралд маань 85 гаруй бүтээл ирсэн байна. Бүтээлүүд дундаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүртээмж, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчны талаар нэлээдгүй олон нийтлэлүүд ирсэн. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлаа өргөжүүлснээр эрдэмтэн докторуудыг энэ чиглэлд татан оролцуулах, инновац технологид суурилсан шинэ санааг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.
-Есөн дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсны ач холбогдлыг та юу гэж харж байна?
-Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээл ба инновацын чиглэлд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэ жилийн тухайд, хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлтийг чухалчиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адилаар хөдөлмөрлөж эх орондоо баялаг бүтээгч болж чадна гэдгийг энэхүү эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүд баталж байна хэмээн ойлгож байгаа.
Монгол улсын хэмжээнд 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тухайн иргэдийн 90 мянга орчим нь хөдөлмөрийн насных байгаа юм. Харин хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд дотроос 13 мянга орчим нь л хөдөлмөр эрхэлж байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогоор тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог хангахад хүн бүрийн хандлага, ойлголт мэдээлэл чухал юм шиг санагддаг. Энэ чиглэлд бодитой ямар ажил байвал илүү үр дүнтэй вэ?
-Их, дээд сургууль, ЕБС, эмч, багш, цагдаагийн алба хаагчдад болон бусад ТББ-уудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Нэг удаа хэлээд орхивол түүнийг хэн ч асуудал болгож хөндөхгүй, харахгүй. Харин олон удаа давтамжтай хэлбэл хүн ямар ч асуудлыг өөрөөр харж эхэлдэгтэй адил шүү дээ. Тиймээс энэ талын сургалтыг тогтмол зохион байгуулснаар ямар ч асуудалд арай өөрөөр хандаж эхэлдэг гэсэн үг.
-“Бэрх биш ээлтэй” аян дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Аяны хүрээнд өөр ямар арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд тэгш хүртээмжтэй оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор нөлөөллийн аяныг зохион байгуулж буй. Ямар ч байгууллага, иргэн хөгжлийн бэрхшээлд бэрх биш ээлтэй байя гэх уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг хүргэхээс гадна бусад төрлийн томоохон арга хэмжээнүүдийг төлөвлөсөн.
Тухайлбал, парламентын мэтгэлцээн, судлаач эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал, ажил олгогч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зуучлалын экспог зохион байгуулах гэж байна. Түүнчлэн нөлөөллийн аяны хүрээнд орон нутгуудад аяны нэрэмжит тугийг аялуулах, тухайн аймаг орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй амьдрах нөхцөл, боломж бололцоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа зохион байгуулж байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчин нь өөрөө хэр түвшинд байна вэ. Хөрсөн дээр буухуйц шийдвэр, арга хэмжээ байж чадаж байна уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн бодлого, шийдвэрт чиглэсэн хуулийг зөвхөн шийдвэр гаргагч нар боловсруулдаггүй. Заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, ТББ-ын оролцоотойгоор шийдвэр гарах болсон. Энэ нь бодит амьдрал дээр илүү хөрсөндөө буухуйц болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль 2016 онд батлагдан гарсан. Ийнхүү хууль болж батлагдан гарснаар эдлэх эрхийг нь тусгаж өгсөн боловч хэрэгжих тал дээр хангалтгүй байсан. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж эхэлсэн. Шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт төрийн бус байгууллагын төлөөлөл ч багтсан. Мөн түүний хүртээмжийн тухай хуулийг ч боловсруулж байгаа.