Баян-өлгий аймагт тусгаарлагдаж байсан эмэгтэй өчигдөр хот хоорондын зорчигч тээвэрт суун нийслэл рүү орж ирэхийг завдсан байна. Тэрээр тусгаарлалтын хугацаа дуусахаас өмнө өөр хүний иргэний үнэмлэх ашиглан автобусны тасалбар захиалсан байжээ. Тухайн иргэнийг ОБЕГ, ЦЕГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран тусгаарлалтад оруулсан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр Ковид-19-ийн талаарх ээлжит мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Тэрбээр "Энэ мэтчилэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ, бусдыгаа, цаашлаад эх орноо эрсдэлд оруулах үйлдэл гаргахгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэсэн юм.
Тухайн иргэнд "Зөрчлийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Гамшгийн тухай хуулиар" тодорхой арга хэмжээ авах юм байна.