Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утга зохиол судлалын зууны манлай 10 эрдэмтэн, 10 шүүмжлэгч нар тодорчээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
43 минут 24 секунд

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн (Судар бичгийн хүрээлэн)-гээс үе үеийн шилдэг 10 эрдэмтэн судлаачид, уран сайхны шүүмжлэгчид, зохиолч уран бүтээлчдийг онцлон гаргажээ.

Нэг.Эрдэмтэн судлаачид

1. Академич Бямбын Ринчен. “Мандухай сэцэн хатан” жүжгийн тухай” (1943), “Талын баатар” жүжгийн тухай” (1945), “Шарай голын гурван хаан” жүжгийн тухай” (1945), “Хатанбаатар Магсаржав жүжгийн тухай”, “Ц.Дамдинсүрэний түүврийн тухай” зэрэг утга зохиол судлалын өгүүлэл, бүтээлүүд туурвисан. Түүний зүтгэл санаачлагаар 1950-иад оны сүүлээс “Аман зохиол судлал”, “Дурсгалт бичгийн чуулган”, “Монголын судлал”, “Хэл зохиол судлал” зэрэг цуврал бичиг тогтмол хэвлэгдэх болсон нь утга зохиолын шинжлэл төдийгүй монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, чех зэрэг хэлээр бичсэн нь монголоос гадна гадаадын олон оронд хэвлэгджээ.

2. Академич Ц.Дамдинсүрэн. “Монголын утга зохиолын ардчилсан чиглэл” (1955), “Монголын уран зохиол судлалын зарим асуудал” (1959), “Д.Нацагдорж Миний нутаг”-аа бичсэн оныг тодорхой болгоё” (1966) зэрэг өгүүлэл, “МНТ-ы тайлбар, удиртгал”, “Гэсэрийн түүхт уг” (Исторические корни Гэсэриады, 1956), “Рамаяна Монголд дэлгэрсэн нь” (1959), “Монголын уран зохиолын өв уламжлалын асуудалд” (1987) нэгэн сэдэвт бүтээлүүд, “Монголын уран зохиолын түүх” 3-н боть (1957, 1968, 1977) түүхчилсэн судалгааны тоймууд удирдан туурвисан. 1982 онд Төвөд судлалын тасгийг үүсгэн эрхлэгчээр нь ажиллаж байв. ХЗХ-д төдийгүй монгол судлалын үе үеийн шавь нар, дэг сургууль үүсгэсэн XX зууны суут эрдэмтэн, толь зүйч.

3. Доктор, профессор Балдангийн Содном. “Монгол утга зохиолын тухай” (1934), “Үргэлжилсэн үгийн зохиолын тухай” (1938), “Зохиолын явдал гэж юу вэ?” (1944), “Монгол шүлгийн арга маяг”, “Зохиолч Ши.Аюушийн тухай”, “Зохиолч Хишигбатын уран зохиолын тухай”, “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв” (1946) зэрэг даацтай, түүхчилсэн олон арван өгүүлэл бичсэн. Мөн “Утга зохиолын нэр томьёо” (1956) нь уран зохиолын нэр томьёоны орчуулга, судалгааны анхны бие даасан бүтээл болсон бол “Дашдоржийн Нацагдорж” (илтгэл, 1956) “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966), “Д.Нацагдоржийн зарим уран бүтээлийн судалгаа” (1980) бүтээлүүд нь Д.Нацагдорж судлалын үндсийг тавьсан билээ. Д.Нацагдоржийн анхны шагнал (1966)-т тэрбээр 1930–1979 онд ЭША, ЭНБД болон Нэр томьёо судлалын тасгийн эрхлэгчээр ажиллаж байв.

4. Доктор (Sc.D), профессор Дандарын Ёндон. Монголын уран зохиолын харилцаа холбооны чиглэлээр туурвисан сурвалж судлалын бүтээлүүд, ялангуяа “Төвд Монголын уран зохиолын харилцааны асуудалд” (1980), “Төвд, монгол цэцэн үгс үлгэрийн цоморлогуудтай холбогдох нь”, “Tibetology in Mongolia”, “Тибетоязычная художественная литература в Монголии” зэрэг өгүүлэл, бүтээлүүд болон “Орос- монгол уран зохиолын нэр томъёоны товч тайлбар толь” (1995) бэлтгэж хэвлүүлсэн. 1976 онд “Төвд монгол мөрийн зэргийн тайлбарууд” сэдвээр тус хүрээлэнд хэлбичгийн ухааны, 1984 онд “Төвд монголын утга зохиолын дурсгалууд дахь үлгэр өгүүлэгдэхүүн” сэдвээр Ленинград хотын Дорно дахины салбарт хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Түүний “Үг хэмээх зохиолын тухай”, “Нэгэн зохиолын төгсгөлийн үг”, “Равжаагийн төвд хэлээр бичсэн хоёр шүлэг” зэрэг судалганы өгүүллүүд нь монголын утга зохиолын судлалд шинэ шинэ асуудлуудыг хөндсөн нь орос, англи, төвөд хэлэнд нэвтэрсэн их эрдэмтэн байсны үр дүн байв.

5. Доктор (Sc.D), профессор Сономын Лувсанвандан. “Орчин үеийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сайн талын баатарын дүрийн асуудалд” (1962), “Гоо зүй” (1964), “Монголын утга зохиолын гол баатар” (1965), “Дашдоржийн Нацагдорж” (1966), “Монголын орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд” (1973), “Монголын урлагийн уламжлал, шинэчлэл” (1982), “Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм” (1987), “Орчин үеийн монголын уран зохиолын түүх” I боть (1983), III боть (1990)-д зохиогчоор оролцож, II боть (1989)-ийг редакторлосон юм. Утга зохиолын тасгийн эрхлэгч, ЭНБД-аар ажиллаж байв. Утга зохиол судлаач, гоо зүйч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн тэрбээр Б.Ринченгийн дэг сургууль (Утга зохиол судлалын)-д хамаарна. Түүний нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”, гэр музей бий болоод байна.

6. Академич Пүрэвийн Хорлоо. “Монгол ардын дууны яруу найраг” (1978) тэргүүт монгол аман зохиолын судалгаагаар голлосон ч “Хот айл жүжгийн тухай шүүмж” (1947), “Реализм гэдэг юу вэ” (1948), “Монголын орчин үеийн утга зохиолын товч тойм” (1959), “Ши.Аюуш бол үндэсний хөгжимт жүжгийг эхлэн бүтээгч мөн” (2001) өгүүлэл, “Хүн болох багаасаа”, “Хүүхдийн утга зохиолыг амьдралд улам ойртуулья”, “Урнаар дүрслэхийн учир” зэрэг хүүхдийн уран зохиолын онол, судлалын өгүүллүүд бичжээ. Мөн “Д.Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” зохиолын дүр ба хэл” (1966), “Их зохиолчийн сонгодог уламжлал” (1986), “Д.Нацагдорж, ардын яруу найраг” (1987), “Д.Нацагдоржийн “Ордны нууц” романы тухай” зэрэг Д.Нацагдорж судлалын өгүүллүүд туурвин хэвлүүлсэн. “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” (1968) болон II боть (1989)-ийг удирдан мэргэжилт нэгт нөхдийн хамт туурвижээ. Хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн.

7. Академич Далантайн Цэрэнсодном. ИС төгссөн жилээ буюу 1962 онд тус хүрээлэнд ЭШ-ний дэд ажилтнаар шууд томилогдсон нь Да багшийнхаа удирдлаган дор оюутан цагтаа номоо хэвлүүлж (Хүрэлбаатар хүү) шинжлэх ухаанд бэлтгэгдэж байсны томоохон баримт юм. (тухайн үед А.Лувсандэндэв академич ЭНБД, П.Хо багш Гэгээрлийн яамны орлогч сайд байхдаа ийн итгэл хүлээлгэж байсан гэдэг). “МНТ-ы эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар” (1993), “МНТ-ы утга зүй, уран сайхны шинжилгээ” зэрэг МНТ судлал болон “XIV зууны яруу найрагч Чойжи Одсэр” (1969), “Монгол шүлгийн онол, түүхийн зарим асуудал” (1977), “XIII-XIV зууны үеийн монголчуудын яруу найргийн өв” (диссертаци, 1983), “Монголын уран зохиолын түүх” (XIII-XX зууны эхэн) (1987, 2002), “Турфаны цуглуулгын монгол бичиг” (М.Таубэн хамт Берлин, 1993), “Бурхан багшийн 12 зохионгуйн тайлбар” (1997), “Монгол утга зохиолын бичвэрийн судалгаа” (2010), “Цахар гэвшийн намтар” (2010), “Монголын бурхан шашны уран зохиол” 3-н боть (1997, 2007, 2020) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн шагнал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн гарамгай эрдэмтэн.

8. Доктор (Sc.D), профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар. ХЗХ-д 1974–2010 он хүртэл ажиллахдаа “Энэтхэг, Төвд, Монголын сургаалийн зохиолын хэлхээ, холбоо” (1987), “Сонгодог уламжлал, монгол яруу найраг” (1989), “Монгол орчуулгын товчоон” (1995), “Огторгуйн цагаан гарди” I, II (1996, 2007), “Эсэруагийн эгшиг дуун” (1999), “Анхдугаар Богд” (2001), “Судар шастирын билиг” (2002), “Дуун утгын яруу зохист” (2005), “Аварга могойн зулайн чандмань” (2006), “Дорно цаст” (2009) зэрэг сурвалж судлалын бүтээлүүд туурвин хэвлүүлсэн. Академич Ц.Дамдинсүрэн (багшийнхаа)-гийн нэрэмжит шагнал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн нэрт төвдөч, бичгийн их эрдэмтэн.

9. Доктор (Sc.D), профессор Дожоогийн Цэдэв. “Уран зохиолын уламжлал шинэчлэлийн зарим асуудал” (1968), “Монгол яруу найргийн уламжлал шинэчлэл” (1974), “Зохиолчийн урлах эрдэм” (1978), “Цаг үе, утга зохиол” (1987), “МНТ-ы бэлгэдэл зүй” (2002), “Хүүхэн хутагтын дууны судалгаа” (2003), “Шүлэг аялгууны шүтэлцээ” (2005), “Их Нацагдоржийн Хэлхээгүй сувдын учиг” (2016) зэрэг судлал шинжлэлийн бүтээлүүд туурвисан. Мөн “Д.Нацагдоржийн бүрэн түүвэр” 2 боть (1996, 2006, 2016) “Ц.Дамдинсүрэнгийн бүрэн түүвэр” 4-н боть (1998, 2001, 2008), “Б.Содномын бүрэн түүвэр” 3-н боть (2008–2009, 2018), “С.Буяннэмэхийн бүрэн түүвэр” 4-н боть (Ван Мандуган хамт 2008–2009, БНХАУ), “Б.Жамдын өв” 2 боть (2019) гэсэн намтар-уран бүтээлийн цогц судалгаа, эх бичгийн шинжилгэний тулгуур бүтээлүүд туурвиад байна. 1967–1978 онд тус хүрээлэнд ЭША, ЭНБД-аар ажилласан.

10. Доктор (Sc.D), профессор Балдандоржийн Сумьяабаатар. “Гэсэрийн тухай” (1972), “МНТ-ы Хараутай гэдэг үгийн тухай” (1988), “Монголчуудын гэрийн үеийн бичмэл ба МНТ-ын учир холбогдол” (1991), “Б.Ринченгийн Монгол хэл шүлгийн солонгос орчуулга” (1991) зэрэг өгүүлэл, “Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл” (2002) нэгэн сэдэвт бүтээл болон “МНТ” (1990, Сөүл 2005), “МНТ-ы толь” (2008, 2010), “МНТ-ы хэлбэр судлал” (2012), “МНТ -иж судалгаа” (1997, 2020) зэрэг МНТ судлалаар дагнасан бүтээлүүд туурвисан. “МНТ -Үсгийн галиг” (1990), “МНТ -Хэлбэр судлал” (хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, 1997) хэмээх 3144 хуудастай бүтээлүүд нь тухайн цаг бүртээ орчин үеийн монголын хамгийн том судалгааны ном болж байв. Тэрбээр монголын солонгос судлалыг үндэслэхийн зэрэгцээ Солонгос судлалыг дэлхийн Монгол судлалын нэгэн салбар болгон хөгжүүлсэн эрдэмтэн хэмээн үнэлэгддэг.

Нэмэлт:

Онцлон буй дээрх эрдэмтэд монголын эрт ба орчин үеийн утга зохиолыг тогтолцоотой судалж онолын судалгааны үндэс суурийг тавихын зэрэгцээ МНТ судлалд жинтэй хувь нэмэр оруулсан ач гавьяатайг анзаарч болно. Эдгээр эрдэмтдээс гадна үе үеийн Д.Нацагдорж судлаач эрдэмтэд тус хүрээлэнгээс төрөн гарсан юм. Үүнд эрдэмтэн Б.Содном, Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин, Р.Нарантуяа нарын судлаачдыг онцлон нэрлэх байна. Тухайлбал профессор Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” (1966), “Д.Нацагдоржийн зарим уран зохиолын судалгаа”, (1980), ШУГЗ, профессор Л.Балдан ХЗХ-д 1970–2010 40 жил ажиллахдаа Д.Нацагдоржийн уран бүтээлээр дэд эрдэмтний (1976) болон шинжлэх ухааны доктор (1996)-ын зэрэг хамгаалж “Д.Нацагдоржийн зохиолын хэл найруулгын зарим онцлог” (1973), “Д.Нацагдоржийн гар бичмэл” (1988), “Оюун ухаанаараа сэтгэсэн ертөнцийг бүтээсэн хүн” (2002) тэргүүт 5 боть бүтээлүүд, доктор (Sc.D), профессор С.Лочин “Д.Нацагдоржийн зохиолын эх бичгийн судлалын асуудалд” (1984), Дашдоржийн Нацагдорж” (2000), “Юндэн дурласан уу? Нансалмаа хардсан уу? болон бас бусын тухай” (2006), Ч.Жачин (ХЗХ-д 1978–1983) “Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа” (1996, 2002, 2006) судалгааны номууд тус тус туурвин хэвлүүлсэн билээ. Түүнчлэн их зохиолч Д.Нацагдорж маань ч орчин үеийн нэр томьёо судлалыг үндэслэгч эрдэмтэн судлаач бөгөөд 1936 оноос Дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллах үедээ мэргэжлийн бусад салбарын нэр томьёоны ном бүтээлийг удирдан гүйцэтгэсэн байдаг. Түүний өмнө “Уран зохиол ба хэл бичгийн ухаанд хэрэглэгдэх нэр томьёо” (1935) хэмээх 1000 орчим үгийг латин, грек хэлээр дэвсгэр хийж герман, орос, монголоор хавсруулан хэвлэлд шилжүүлсэн нь бидний мэргэжил, дурдан буй мэдээлэлд хамаарах аж

Хоёр. Мэргэжлийн шүүмжлэгчид

Билгүүн номч Б.Ринчен. Түүний төрөлхийн ёж зан, егөөдөлт сэтгэлгээ нь ард түмэнд домог мэт тархсан байдаг. Энэ талаар “Хуурамба” (1990), “Ри багшийн түншүүр” (1990), Т.Галсан шавийн нь эмхтгэсэн “Домогт Б.Ринчений домогууд оршвой” (2010), “Агуу шогч Ринчений аянган егөө үгс-II” (2016) зэрэг номууд хэвлэгдсэн байдаг бөгөөд чөлөөт бус нийгэмд шүүмжлэлт сэтгэлгээг үрслүүлсэн гавьяатай. Мөн 1947 онд бичсэн “Үдэш Невскийд”, “Хээр намар”, “Горькийн гудамжинд” шүлгүүд, “Хубилай хаан”, “Эмгэн сойвон”, “Хортбаажийн аргал” (1956) зэрэг цөөнгүй шүлэг, “Мангаа Доогийн эцсийн зүүд” өгүүллэг тэргүүт зохиолдоо ёгт утгаар шүүмжлэлт санаагаа илтгэхийн зэрэгцээ “Марк Твений минь махы нь идэж дээ” (орчуулгын шүүмж) зэрэг олон төрөл хэлбэрийг хамарч байв. Тиймээс уран бүтээлд нь үндсэрхэх үзэл шингэсэн хэмээн буруутгаж “Доктор Ринченгийн сүүлийн үеийн бүтээл дэх харш үзлийн тухай” гэсэн өгүүлэл, илтгэл хэлэлцэгдэж байв.

2. XX зууны манлай (1999) соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн. “Хичээл билгээ гаргаж хэл бичгээн хөгжүүлье” (1934), “Хариу бичиг” (“Зугаацаар мордсон нь”, “Буурал ээж минь” зохиолынхоо тухай Но Данзанд хандсан, 1938), “Олег сэцэний дууллыг орчуулсан ба тайлбарласан нь” (1930–40), “Шүлэгч нарт сануулах нь” (1943), “Товч сануулга”, “Д.Намдагийн уран бүтээлийн тухай зэрэг 15 шүүмжлэлийн бүтээл түүний өвд бүртгэгдсэн байдаг. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын хувьд орчин үеийн уран зохиолын шүүмжлэл бичихээсээ дорно дахины нуун дайрах аргаар зохиол бүтээлээрээ дамжуулж шүүмжлэлт үзэл санаагаа илэрхийлж байсныг Ри авгайн дээрх шүлэг болон Да багшийн “Солийг сольсон нь”, “Хачин хурим”, “Бух Гомбо”, “Хэлдэг гурав, хийдэг ганц” (1954) зэрэг зохиолууд нь гэрчилнэ.

3. Олон улсын шүүмжлэгчдийн холбооны гишүүн Цэрэндоржийн Мөнх. “Монголын шинэ уран зохиолын шүүмжлэлийн түүхэн найруулал“ (1921–1940) (1982), “Тэхийн зогсоол” түүвэрт бичсэн шүүмж, “Цаг үе, уран зохиол, шүүмжлэл” (1980), “Цаг үе, утга зохиол” (1987) “Шинэ үеийн уран зохиолын зарим асуудал”, “Бодит байдал, уран сайхны дүр”, “Утга зохиол, гоо зүй” зэрэг шүүмж судлалын бүтээлүүд болон Б.Явуухулан, Ч.Чимид судлал, МЗЭ-ийн “Залуу шүүмжлэгчдийн нэгдэл” дугуйланг эрхэлж судлал, шүүмжлэлийн хойч үеэ бэлтгэн “60-аад оны дэг сургууль” үүсгэсэн гавьяатай. М.Горькийн нэрэмжит УЗДС-д утга зохиолын судлал, шүүмжлэл мэргэжлээр суралцсан. 1979 онд “Монголын уран зохиолд марксист шүүмжлэл үүсч хөгжсөн нь” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалан ХЗХ-д 1983 оноос хойш ажиллаж байв.

4. Төрийн шагналт судлаач Дамдинсүрэнгийн Цэнд. “Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэлийн тойм” (1929–1964) (1966) нь судлал шүүмжлэлийн асуудлыг анх удаа нэгэн сэдэвт зохиолын хүрээнд тодруулан гаргасан бүтээл юм. “Монголын уран зохиол” (1965), “Монголын орчин үеийн уянгын яруу найраг” (1972), “Зохиогчийн уран чадварын асуудалд” (1972), “Монголын уран зохиолын хөгжлийн асуудалд” (1979), “Зохиолчийн уран бүтээлийн тухай” (1984), “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” I, II, III (1986, 1987, 1988) “Яруу найраг ба шүүмжлэл” (1989), “Хилийн чинад дахь монгол овогтны уран зохиол” (1995) зэрэг судлал, шүүмжлэлийн бүтээлүүд туурвисан. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн.

5. Академич Х.Сампилдэндэв. 1971- 2006 онд тус хүрээлэнд ажиллахдаа “Уран дүрслэл, орчин үе” (1975), “Нойр хулжсан зүүд буюу уран зохиолын дүрийн логикийн асуудалд” (1976), “Орчин үеийн яруу найргийн уран чадварын асуудалд” (1983), “Яруу найргийн залгамж үе” (1985), “Орчин үеийн сэдвийн тухай эргэцүүлэл” (1988), “Нийгмийн шилжилтийн үеийн уран зохиолын зарим асуудал” (1998), “Яруу найргийн шинэ төлөв” (1990), “Урлах эрдмийн нууц” (1993), “Монгол яруу найргийн товчоон” (1996), “Монголын уран зохиолын түүхийн зарим асуудал” (1997), “Монголын уран зохиол судлал” (2005) зэрэг бүтээлүүд болон “Шүүмжлэлийн тухай шүүмжлэлт эргэцүүлэл” (1988), “Гэгээн алсад одоход нь захих үг” (1989), “Уран сайхны шүүмжлэлийн хувь заяаг хэн хариуцах вэ” (1990) зэрэг шүүмжийн тухай шүүмжүүд бичсэн. Түүнчлэн “Өндгөө дарсан шувууд донгодсон нь” (1991), “Найргийн наадам жаран чавганцийн уралдаан биш” (1995), “Авьяас билиг татарахын цагт хүний юмаар хүүдэгнэсэн нь” (2005), “Болор цомын наадмаа “балар цам”-ын шоу болгохгүй юмсан” (2006), “Шинэ нэртэй хуучин дуунууд” (2006), “Өөрчлөхийн дон буюу гажиг” (2006), “Сүлд хийморьгүй сүлд дуу шүншиггүй бурхантай адил” (2006) зэрэг хурц, дайчин шүүмжүүд туурвисан.

6. Шүүмж судлалын төвийн эрхлэгч, СГЗ Чойсүрэнгийн Дагвадорж. “Номоос төрсөн бодол” (Шүүмжийн түүвэр, 1977), “Зохиолч, цаг үе, уран зохиол” (Шүүмжийн түүвэр, 1987), “Уран сайхны шүүмжлэлийн тухай” (1989), “Уран утгын яруу тайлал” (2006), “Хөхөөн дууны эгшиг буюу яруу тайлал” (2018) зэрэг шүүмжийн болон шүүмж судлалын бүтээлүүд туурвисан. Мөн 1947 оноос хойш анх удаа уран сайхны шүүмжлэлийн бие даасан сэтгүүлийг бий болгосон нь түүний нэртэй холбогдох бөгөөд 1987 онд “Утга зохиолын шүүмжлэл” цуврал сэтгүүлийг эрхлэн гаргасан нь уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Түүнчлэн шүүмж судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж 1980-аад оны дэг сургуулийг үүсгэн олон шавь бэлтгэсэн эрдэмтэн, профессор билээ.

7. Доктор (Sc.D), профессор Сономын Лочин. “Зохиолчийн үзэл санаа, хариуцлага” (1974), “Б.Содном Нацагдорж судлалыг үндэслэгчдийн нэг” гэх мэт өгүүллүүд, дээр дурдсан Д.Нацагдорж судлалын ном бүтээлүүд болон “Бичвэр судлал” (1986), “XX зууны монголын журамлагдсан уран зохиол” (2003), “Монголын үнэн гуйвсан түүхийн товчлол” (2003), “Монголын орчин үеийн уран зохиол судлал” (2011), “Оросын уран зохиолын цоохор тэмдэглэлээс” (2011), “Бичвэр судлалын үндэс, Шар тууж”-ийн түүхэн тойм” (2012), “Монголын эртний уран зохиол” (2018) зэрэг судал шүүмжлэлийн номууд туурвисан шулуун шударга зантай, хурц дайчин бичлэгтэй судлаач шүүмжлэгч, багш, сурган хүмүүжүүлэгч байв. Д.Нацагдоржийн шагналт (2000) судлаач, шүүмжлэгч.

8. Доктор (Sc.D), профессор Санжаагийн Байгалсайхан. МЗЭ-ийн Шүүмж судлалын зөвлөлийн дэргэдэх “Залуу шүүмжлэгчдийн нэгдэл”-д Ч.Дагвадорж багшийнхаа удирдлаган дор суралцсан. “Уран зохиол шинжлэлийн удиртгал” (1995), “Уран дүрийн онолын лекцүүд” (1999, 2013) нь шинэ нийгмийн утга зохиолын онол, шүүмжлэлт сэтгэлгээний үндэс суурь болсон. 1980–1990 хэдэн хүртэл бичсэн шүүмжүүд нь “Утгын чандмань” (2003) түүвэрт багтсан буй. “ХХ зууны монгол өгүүллэгийн туурвил зүй” (2010), “ХХ зуун тууж судлал” (2014), “Реализм ба ХХ зууны Монгол роман” (2019) номуудыг бичиж хэвлүүлснээрээ ХХ зууны утга зохиолыг цогцоор судлах оролдлогыг эхлүүлсэн. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” III, IV (1998, 2014) ботийн хамтын зохиогч. Шинэ мянганы зохиолч уран бүтээлч, судлагч шүүмжлэгчдийн нэгэн үеийг бэлтгэн гаргасан багш, Д.Нацагдоржийн шагналт судлаач шүүмжлэгч, монгол улсын Шинжлэх ухааны гавьяатан зүтгэлтэн.

9. Доктор, профессор Даржаагийн Өлзийбаяр. 1968 оноос МЗЭ-ийн дэргэдэх “Залуу шүүмжлэгчдийн нэгдэл”-д Ц.Мөнхийн багшийнхаа шавь болон суралцсанаар хүүхдийн утга зохиол судлал болон уран сайхны шүүмжээр мэргэшсэн. ХЗХ-д 1974–1992 онд ажиллахдаа “Хүүхдийн зохиолын тухай” (1974), “Монголын орчин үеийн уран зохиол дахь коммунист хүний дүр” (1982), “Шинэ хүний дүрийн зарим асуудалд” (1985), “Хүүхэд, зохиолч, уран бүтээл” (1987), “Зохиолчийн уран бүтээлийн онцлог” (1988), “Ном дагасан мөр” (1990), “Чиний танилууд” (1991), “XX зууны монгол зохиолч Тугалхүүгийн Баасансүрэн” (№81, 2001), академич Х.Сампилдэндэв, профессор Б.Сумьяабаатар нарын хамт “Монгол аман зохиол, уран зохиол судлалын ном зүй” (1 боть, 1983) бүтээлүүд туурвисан.

10. Доктор, профессор Ядамбатын Баатар. Утга зохиолын нэр зүй болон Гэсэрийн туужийн судалгаа, Б.Явуухулан судлал (“ХХ зууны Монголын манлай яруу найрагч Бэгзийн Явуухулан”, “Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” 2005, “Явуухулангийн уран бүтээлийн судалгаа” г.м)-ын бүтээлүүд туурвисан. Тус хүрээлэнгээс хэвлүүлж ирсэн “XX зууны монгол зохиолчид” цувралын бичих арга зүйг боловсруулахын зэрэгцээ “Лувсандамбын Хуушаан” (№81, 2001) “Сономын Удвал” (№76, 2001), “Сүхийн Доржпалам” (СГЗ Л.Хуушааны хамт №33, 2001), “Насан-Очирын Наваан-Юндэн” (№50, 2003) зэрэг утга зохиолын түүхэн судлалын бүтээлүүд туурвисан. Мөн “ахмад эрдэмтэн Содномын амьдрал, эрдэм шинжилгээний бүтээлийн тойм”, “Монголын уран зохиолын анхны тойм” зэрэг өгүүлэл, “Утга зохиолын унших бичиг” (эмхэтгэл, 1996) зэрэг бүтээлүүд хэвлүүлжээ.

Нэмэлт:

Мөн доктор профессор Р.Нарантуяа, Ч.Билигсайхан, Ү.Хүрэлбаатар нарын ахмад эрдэмтдийг дурдаж болно. Монгол улсын гавьяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Билигсайхан нь ХЗХ-д 1988 (С.Лувсанванданы удирдлаган дор), 1997 онд Хэл бичгийн ухааны докторын зэргүүдээ хамгаалахын зэрэгцээ академич Х.Сампилдэндэв захирлын үед тус хүрээлэнд эрдэм шинжилгээний гэрээт ажилтан байв. “Орхоны шуугианы сургамж” (1968), “Эрин цагийн амьсгал” (1976), “Уран чадварын нууц” (1983), “Уран бүтээлийн ертөнц” (1988), “Шинэ зууны утга зохиолын өнгө төрх” (2000), “Ухаарахуй” (2003), “Бохирдол цэвэршлийн тухай эргэцүүлэл” (2006), “Цагийн салхи асгарсан авьяас” (2011) зэрэг шүүмжийн бүтээлүүд туурвисан билээ.

Гурав.Зохиолч, уран бүтээлчид

Хэдийгээр ХЗХ маань эрдэм шинжилгээ-судалгааны байгууллага боловч үе үеийн зохиолч уран бүтээлч, соён гэгээрүүлэгчдийг төрүүлэн гаргаж улс орныхоо утга соёл, уран бүтээлийн санд жинтэй хувь нэмэр оруулж ирсэнийг бахархан дурдалтай.

1.Их зохиолч Дашдоржийн Нацагдорж. 1930–1934 оныг түүний уран бүтээлийн оргил үе гэдэг бөгөөд Судар бичгийн хүрээлэнд ажилласан (1931–1937) долоон жилдээ 100 гаруй шүлэг найраглал, өгүүллэг, найруулал, нийтлэл 31, жүжиг 7-г бичсэн буюу гол бүтээлүүдээ туурвисан байдаг. Үүнд 1931 онд “Од”, “Хөдөө талын үзэсгэлэн”, 1932 онд “Цагаан сар ба хар нулимсан”, 1933 онд “Миний нутаг”, 1934 онд “Дөрвөн цаг”, “Учиртай гурван толгой” “Би биш“, 1936 онд “Түүхийн шүлэг”, 1937 онд “Хэлхээгүй сувд” тууж тэргүүт зохиолууд багтана. Мөн энд ажиллаж байх үедээ Г.Е.Грумм Грижмайлогийн “Монголын түүх”-ийг хэсэгчлэн, орос хэлнээс А.С.Пушкины “Анчар”, “Хоригдол” (Узник-1822), “Хэрээ хэрээний зүг ниснэ” (Ворон летит к ворону 1828), “Сэрэхүй” (Пробуждение 1816), “Газар далай хоёр” (Земля и море 1821) зэрэг шүлгүүд, “Буудалцсан нь” (Выстрел), А.П.Чеховын “Төрөлх орноо хайрлагч” (Патриот своего отечества) зэрэг зохиолыг орчуулсан соёлын жинчин байв. Шинэ цагийн анхны дуулалт жүжиг (Учиртай гурван толгой, 1934) бичсэн.


2. Ардын уран зохиолч Б.Ринчен. “Сар” (1927), “Монгол хэл” (1957) шүлгүүд, “Ану хатан”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа” (1957) өгүүллэг, “Заан залуудай” (1964, 1966), “Сандо амбан” (1973) романууд, “Үүрийн туяа” гурамсан роман (1951–1955), “Цогт тайж” (кино) зэрэг зохиолуудаа туурвисан нь тус хүрээлэнтэй холбогдох юм. Мөн М.Горькийн “Эх романы хэсэг, А.Пушкины “Тариачин авхай”, Н.Гоголийн “Тарас бульба”, И.Тургеневийн “Муму”, М.Шолоховын “Хүний хувь заяа”, А.Толстойн “Талх тариа” роман болон Пөтөфи Шаандор, Н.Хикмет, Ги Де Мопассан зэрэг дэлхийн нэрт бичгийн хүмүүсийн 100 гаруй зохиолыг хорь орчим хэлнээс орчуулсан нь ХЗХ-д үндсэн ба гэрээт (гадаадад суралцаж байх үеийн) ажилтан байх үетэй холбогдоно. Шинэ цагийн анхны тогтолцоотой, бие даасан (гурамсан) роман (Үүрийн туяа, 1951) бичсэн.

3. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн. 1932 оноос тус хүрээлэнд ажиллаж эхлэсэн. “Хоёр настай Ро” (1933) , “Буурал ээж минь” (найраглал, 1934) “Зугаацахаар мордсон нь” (1938), “Солийг сольсон нь” (1944), “Багш шавь хоёр” (1945), “Хоёр цагаан юм” зэрэг алдартай олон зохиолоо бичжээ. Тэрбээр 3 удаа төрийн шагнал хүртэхдээ судалгаа, шинжилгээний ажлаасаа илүүтэй уран бүтээлүүдээрээ хүртсэн онцлогтой. Тухайлбал 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулан бичсэн ерөөлөөрөө, 1947 онд МНТ-ыг орчин цагийн монгол хэлэнд орчуулсаны учир, 1950 онд БНМАУ-ын сүлд дуулал зохиосоны тул… Мөн анхны ардын уран зохиолч (1986) цол хүртсэн их бичгийн хүмүүн тэрбээр А.С.Пушкиний “Олег сэцэний дуулал”, “Алтан загасны үлгэр” зэрэг зохиолыг орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ. Түүнчлэн Ф.Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш.Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын бүтээлээс эх хэлнээ орчуулсан гарамгай орчуулагч буюу. Шинэ цагийн анхны уран сайхны тууж (Гологдсон хүүхэн, 1929) бичсэн.

4. Дашням гүн, Ч.Бат-Очир нар. -Дашням гүн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны 7-гийн нэг түүнийг академич Ц.Дамдинсүрэн “Дашням гүн бол авьяаслаг шүлэгч байсан юм. Тэр олон оньсогыг шүлэглэж зохиосон. Түүний оньсогын түүврийн уранхай тасархай хуулбар надад бий. Энэ тухай би “Зуун билиг” зохиолдоо дурдсан зүйл бий” (Ц.Д Намтрын хуудсаас. 1990.73–74) хэмээн тэмдэглэн үлдээжээ. Уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвиж, хэвлэн нийтлүүлэх ид насандаа буюу 1930-аад оны үед таалал төгссөн гэдэг.
Ч.Бат-Очир. Яруу найрагч, түүхч, Судар бичгийн хүрээлэнгийн ууган гишүүн Ч.Бат-Очир нь 1934 оноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасгийн “Тайлбар толийн комисс”-ын гишүүнээр хичээнгүйлэн ажиллаж байгаад 1936 онд таалал төгсжээ. Түүний анхны томоохон бүтээл нь VIII Богд Жавзандамба хутагтын мөнгөн тамганы шүлэг юм. “Тэнгэр энх түвшин, дэлхий, төр маш бат, шашин маш тунгалаг” хэмээн монгол үсгээр бичсэн тамганы үгийг Богд Жавзандамба хутагт машид таалж түүнд “Шадар билэгт” цолоор хишиг хүртээсэн байна. 1911–1921 оны үед тэрбээр тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсын Хууль цаазын бичгийг зохион, улам чамбайруулах их үйлсэд хүч, оюунаа зориулан О.Жамьян, Ж.Цэвээн нарын хамт Судар бичгийн хүрээлэнг байгуулалцаж, Үндсэн хууль боловсруулах комисст хамтран ажиллажээ. Түүний “Мандах нарны туяа” нь танихуйн хэл шинжлэл ба уран зохиол сурган хүмүүжүүлэх ухааны зааг дээр эхийг боловсруулан бэлтгэснээрээ өгүүлэмжийн хувьд монгол хүүхдийн эх хэлээрээ танин мэдэх онцлогт гойд нийцсэн бүтээл болсон гэж судлаачид үнэлдэг. “Холбоо найруулга”- “Хот балгасны анги” болон нэр үгүй шүлгүүд бичсэн.

5. Эрдэмтэн зохиолч Б.Содном. “Залуучууд” (1933), “Аэрофлан” (1935), “Гэгээхэн хуулиа мөрдөж гэмт хэргээс зайлж явъя”, “Ленин”, “Пионер багачуудын шүлэг” (1937), “Мөнх” (1955), “Захидал” (1957), “Зүгээр сайхан” (1969) зэрэг 40 орчим шүлэг, “Дуулцгаая”, “Цөм манайхан”, “Аав ээж”, “Нөхөд” гэсэн хүүхдийн дуунууд зохиосон байна. Эдгээрээс “Өнчин ишиг” (ая АЖ С.Гончигсумлаа, дуучин АЖ Б.Зангад) дууг нь нэгэн үе хүүхэд багачууд ихэд дуулах дуртай байсан аж. Мөн “Үнэг ба зараа”, “Цахлай шувуу”, “Арслан үнэг хоёр”, “Шударгуу тэнэг”, “Далай ноёны даанч тэнэг хүү” гэх мэт богино үлгэрүүд, “Эмээлтэй тарвага” шог өгүүллэг, “Хаачив” нэг бүлэг хошин жүжиг бичжээ. Н.В.Гоголийн “Хамар”, Ю.Лермонтовын “Далбаа”, А.Толстойн “Чоно ба ишгүүд” шүлэг зохиолууд болон И.А.Крыловын ёгт үлгэрүүд, К.Д.Ушинскийн адгуусан амьтдын тухай үлгэрүүдээс тус тус орчуулжээ.
6. Төрийн шагналт зохиолч П.Хорлоо. Хо багшийн уран бүтээлийг 8 онцлогоор нь үүнийг тэрлэгч бээр дүгнэн тодорхойлсон нь бий бөгөөд утга зохиолын бүхий л шахам төрлөөр бичсэн онцлогтой юм. Үүнд: “Туулай” (1940), “Хөх ишиг” (1942), “Эхийн дуулал” (1944) зэрэг шүлгүүд, “Адьяахүү” (1940), “Сүхбаатар” (1944), “Алтан зоос” (1943), “Хулсан хуур” (1945) зэрэг үлгэр найраглал, “Эхийн цагаан сүү” (2006) дуулал, “Алт мөнгө хоёр” (1950, “Хар унага” (1944), “Мөрөөдөл” (1982) зэрэг үлгэр өгүүллэгүүд, “Багш” (1973), “Хүрд нэртийн хөрөг” (1997) тууж, “Аавын жанжин” (2000) роман, “Тэмүүлэл” (1978), “Алтан үст охин”, “Эрдмийн гайхамшиг” (1982) жүжгүүд, “Үүр цайхын өмнө” (1983), “Мандах нарны туяа” (1987) кино, “Сэтгэлд шингэсэн үг” (1981), “Туулсан замын туужаас” (1984) найруулал, замын тэмдэглэл зэрэг олон талтай уран бүтээлч, эрдэмтэн зохиолч буюу.

6. Эрдэмтэн зохиолч Х.Сампилдэндэв, Д.Ёндон нарын судлаач эрдэмтдийг хамтатган багтааж байна. -Х.Сампилдэндэв нь СГЗ, Д.Нацагдоржийн шагнал (1999)-т, ШУА-ийн “эрдэмтэн зохиолч” өргөмжлөлтэй. Уран бүтээлийн гараагаа “Цасан ширхэг” богино мөрт яруу найргаар эхлэсэн ч аман ба утга зохиолын нэртэй эрдэмтэн, авьяаслаг шүүмжлэгч болсныг дээр тодруулан авч үзсэн. “Эхний харц”, “Өнгөрсөн үеэ залган…”, “Хаврын дуу” зэрэг шүлэг бичсэн. -Д.Ёндон нь 1969–1996 онд ЭША, ЭНБД, захирлын алба гүйцэтгэж байв. Эрдэмтэн Л.Хүрэлбаатарын адил яруу найрагт ихээхэн дур сонирхолтой байсан ч эрдэм шинжилгээний ажилдаа голлож, нэлээд хожуу “Хөндлөн хөх уулс” (1982) яруу найргийн түүврээ хэвлүүлэн 1988 оны орчим МЗЭ-д элсэж байжээ. “Эртний домог туужис” (1992) ном эмхтгэхийн зэрэгцээ Оросын онолчид, ардчилсан үзэлтэй шүүмжлэгчдийн бүтээлээс “Цог” сэтгүүл болон “Утга зохиолын шүүмжлэл”, “Орчуулах эрдэм” цувралуудад хэвлүүлж утга зохиол сонирхогч, мэргэжилтнүүдийг сурган боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. “Бүсгүйн нүд” (1969), “Завиар зугаалахуй буюу дурласнаа хэлэхийн өмнөх мөч” (1972) зэрэг шүлгүүдтэй.

7. Эрдэмтэн зохиолч С.Лувсанвандан, Л.Хүрэлбаатар нарыг хамтатган багтааж байна.
С.Лувсанвандан доктор багагүй шүлэг бичсэн байдаг. Энэ талаар түүний шавь СГЗ Дан Нямаа найрагч: “Эрдэмтэн зохиолчийн олон шүлэг эдүгээ тэмдэглэлийн дэвтэртээ байна. МУГЖ Д.Сосорбарам ч аян замын уртад шүлгийнх нь дээжээс бидэнд уншиж явлаа” хэмээн Баянхонгор нутагт нь 85 жилийн ойг нь тэмдэглэсэн үйл явдлын дурсамждаа бичсэн нь буй. Энэхүү ойн үеэр С.Лувсанвандангийн шүлэг, Б.Шаравдоржийн хөгжим “Эх нутгийн уянга” дуу эгшиглэсэн нь эдгээрийн томоохон баримт бөгөөд “Бодол” зэрэг шүлгүүдтэй.

-Л.Хүрэлбаатар профессор сурагч байхаас уран зохиол сонирхож анхны шүлгээ Хөвсгөл аймгийн сонинд хэвлүүлж яруу найрагч, орчуулагч Д.Гомбожавын зааснаар МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг сонгожээ. Төвийн сонинд хэвлэгдсэн анхны бүтээл нь шүүмж (Л.Хуушаан “Дэнжийн намар” шүлгийн түүвэр) байсан ч Ц.Дамдинсүрэн багшаа дагалдан төвөд хэлт утга зохиол судлалаар мэргэшсэн. МЗЭ-ийн гишүүн (1989), ШУА-ийн “Эрдэмтэн зохиолч” (2009) өргөмжлөлтэй. Шүлэг зохиолыг дорно дахины онол, гүн ухаанаар гүнд нь нэвтэрч мэдрэмжтэй задлан шинжилж ирсэн нь тийн шүлэг найраг сонирхон уншиж, оролдон бичиж ирсэнтэй нь холбогддог.

8. Төрийн шагналт Д.Цэрэнсодном, СГЗ Ч.Дагвадорж нар. -Эрдэмтэн Д.Цэрэнсодном 8-р ангидаа “Суралцах замд” нэртэй өгүүллэг бичээд 400 төгрөгөөр шагнуулж байв. Улмаар “Ватиканы нууц архивт”, “Зүүд барихуй”, “Хуучин танил”, “Сан Петрийн талбайд”, “Сан Петрийн сүм” зэрэг шүлгүүд, “Буурал ээжийн хүү” (Утга зохиол, урлаг 1993, №22, 23, 24, 25) баримтат тууж бичсэн. Монгол шүлгийн онолын судалгаа хийж байгаад МНТ, монголын эртний ба бурхан шашны уран зохиол судлалаар дагнан ажилласан. -Яруу найрагч Ч.Дагвадорж багш бол “Дэлхийн үндэсний шүлгийн холбоо”-ны дэд ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол, “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөлтэй. “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Хотгойд аялгуу”, “Ээж минь дээ” “Ээж дуудна” зэрэг яруу найргийн 20 гаруй ном хэвлүүлснээс “Ээж минь дээ” дуу нь хятад, солонгос, можар, англи хэлээр орчуулагдаж, Дундад Ард улсын доторх 56 үндэстний дийлэнхийн хэлээр орчуулагджээ.

9. Эрдэмтэн зохиолч, СГЗ С.Лочин. “Буурал хорвоо” шүлэг, “Би”, “Түүнийг уучлахын учир” өгүүллэг, “Үргэлжлэлтэй долоон өдөр буюу хоёрын өчил”, “Сүйрэл”, “Хувь заяаны эрэл”, “Насны зай”, “Хилэнцэт амьдрал”, “Сарны гэрэл”, “Замын бартаа”, “Гал голомт”, “Сэтгэлийн өнгө” (2000) гэсэн 9 роман, олон арван тууж өгүүллэг бичсэн зохиолч, орчуулагч билээ. Ялангуяа монголын уран зохиолын романы хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд роман бичлэгт сэтгэл зүйн, памфлет, эссе, антироман зэрэг шинэ төрөл зүйлийг анхлан бий болгосон хэмээн үнэлэгддэг. Тиймээс уран бүтээлээрээ ихэнх шагналуудаа хүртэж ШУА-ийн “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөл (1999), “Соёлын гавьяат зүтгэлтэн” (2006) цолтой. Тэрбээр Орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлэс 80 орчим хэвлэлийн хуудас зохиол бүтээл орчуулсан бичгийн их хүмүүн байв.

10. Эрдэмтэн зохиолч, СГЗ Д.Цэдэв. “Ойн цагдаа” (1963), “Хилэн улаан дөл”, “Нүдэнд орсон тоос” (1964), “Гүүргий гүүргий”, “Айргийн амт”, Эмээ”, “Шөнө” (1966) зэрэг өгүүллэгээ тус хүрээлэнд ажиллаж байх үедээ бичжээ. “Ундрал хүү” (1960), “Алсын гэрэл” (1965), “Айргийн амт” (1970), “Орчлонгийн сайхан хүн” (1970), “Талд нүдэлсэн агь” (1980), “Тавын даваа” (1983) зэрэг үргэлжилсэн үгийн зохиолын 10 шахам ном, “Бодол” (1979), “Жалын Өлендер” (казах хэлээр 1980), “Талын яргуй” (1988), “Сэвтээ нь үгүй сэтгэл” (1992) зэрэг яруу найргийн, шүлэг, хүүрнэл зохиол хосолсон “Дуусашгүй дуу минь” (2003), “Талын харгуй” (2007), “Зүрхний айзам” (2012) зэрэг уран бүтээлийн номууд хэвлүүлсэн. “Сэвтээ нь үгүй сэтгэл”, “Алтан намар”, “Насны баясгалан”, “Энх улирал”, “Анхны хайр” (“Би чамд хайртай” киноны дуу) зэрэг олон дууны яруу найраг бичжээ. В.Осевагийн “Шидэт үг” (1968), Л.Надийн “Хонгилд бичсэн тэмдэглэл (1980), Д.Икадагийн “Уудам тал цагаан хүлэг” (2000) зэрэг орчуулгын бүтээл туурвисан эрдэмтэн зохиолч, бичгийн зүтгэлтэн.

Жич: Авьяас мэдрэмж, боловсрол мэдлэгээрээ магнайлж ирсэн эдгээр сэхээтнүүдийн зүтгэлээр шинэ цагийн уран зохиол үүсэн батжиж, монголын үндэсний утга зохиол бие даан хөгжихийн зэрэгцээ утга зохиолын судлал шүүмжлэл онолын шинжтэй- тогтолцоотой салбар, судлагдахуун болсныг онцлон тэмдэглэе. Түүнчлэн зохиол бүтээлээрээ дамжуулж утга зохиолын хэлийг төлөвшүүлэн бүх нийтийг бичиг үсэгтэй болгоход тодорхой хувь нэмэр оруулсан тул 1970 онд ЮНЕСКО-гоос олгодог Н.Крупскаягийн нэрэмжит алтан медаль, дипломоор тус хүрээлэнг шагнасан билээ. Энэ нь ЮНЕСКО-д манай улс элсэн орсноос хойш наймхан жилийн дараа ийм том амжилтанд хүргэсэн байгууллагаар шалгарч, энэхүү шагналын хамгийн анхны эзэн болсон нь утга зохиолын салбарын эрдэмтэн, зохиолчидтой бас холбоотой гэсэн санаа юм.

Нэмэлт:

Мөн орчуулагч Жамсраны Цэвээн, Буньбазарын Дорж, академич Базарын Ширэндэв, шүүмжлэгч эрдэмтэн Цэрэндоржийн Мөнх (ШУА-ийн “Эрдэмтэн зохиолч” өргөмжлөлтэй бөгөөд “Элдэв явдал”, “Бидон гуайн адал явдал”, “Банхар минь”, “Омогт зулзган бүргэд” г.м хүүхдийн номууд хэвлүүлсэн) СГЗ, яруу найрагч З.Түмэнжаргал, Ж.Саруулбуян, Ү.Хүрэлбаатар, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, доктор Д.Сумьяа, яруу найрагч, доктор Я.Баатар (Уулын бэл өндөр 1983, Баатарлаг үйлстэн 1983, Америкт хэвлэсэн “Бэлээс намхан уул” 2012, “Халхын товгор” 2013, “Аав нь хүрз барьж явна” 2015 яруу найргийн 3 түүвэр), кино зохиолч, найруулагч Дү.Мягмарсүрэн зэрэг олон зохиолч, соёл урлагийн зүтгэлтнүүд ажлын гараагаа эхэлж эдүгээ нэртэй уран бүтээлчид болсныг 100 жилийн түүхт ойн босгон дээр дурсан санахад таатай байна.

Түүнчлэн Хэл шинжлэлийн салбарын ЭША Ц.Эрдэнэбат (Хөх толбо” ном, “Зөөлөн зөөлөн эгшиглэн” шүлэг г.м), С.Бат-Эрдэнэ, О.Шинэбаяр, Д.Уртнасан, С.Энхбадрах, М.Очирцэнд нарын залуус шүлэг найраг бичиж ирсэн бол утга зохиол судлалын салбарын ЭША Б.Мөнх-Эрдэнэ яруу найргийн шинэхэн түүвэр (Үгс, 2021)-ээ хэвлүүлснээр эл яруу сэтгэмж үргэлжилсээр буйг онцлон тэмдэглэх нь зүйн хэрэг.

ЭХ СУРВАЛЖ: Хэл зохиолын хүрээлэнгийн, Утга зохиол судлалын салбарын ЭША Д.Цэвээндорж

АТГ: АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг цагдан хорьсон нь ҮНЭН
АТГ: АТҮТ-ийн салбарт нэгжлэг хийж, албан тушаалтнуудыг цагдан хорьсон нь ҮНЭН
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.