Эрээн хилээ хааснаар нарийн ногоо, өргөн хэрэглээний бараг бүх бараа бүтээгдэхүүн тасрав. Дайны хажууд дажин гэгчээр “хүчээр” шахмал түлш түлж байгаа нийслэлчүүдийг Эрээний хил түгшээж, зовоож эхлэв. Эхлээд шахмал түлшний 60 вагон барьцалдуулагч хилийн цаана гацсан тул гал алдаж магадгүй гэж баахан айлгасан. Араас нь “гал дээр тос” гэгчээр улаан шуудай нь тасарч 100-гийн цагаан шуудайд шахмал түлшээ савлаж иргэдийн тамирыг нь таслах шахав. Ингээд болоогүй. Сая Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Харин шуудайны хүрэлцээ асуудалтай байсан. Өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн. Удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэж байгаа тул шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй” гэж мэдээлэв.
Ингээд арай гэж барьцалдуулагчтай, шуудайтай болсон иргэд “ганц муу шуудайг яахаараа Хятадаас” авдаг юм бэ хэмээн шүүмжилж эхлэв. Нээрээ ч төдийлөн стандарт, нарийн ширийн орц, технологи багатай шуудайг яагаад Монголдоо үйлдвэрлэж болдоггүй юм бол. Гэтэл “Таван толгой түлш” ХХК-иас сайжруулсан түлш савлах 25 кг-ын шуудайг Монголд олноор нь хийх боломжгүй гэх шалтгаанаар нээлттэй тендер зарладаг. Түүнд нь шалгарсан компаниуд БНХАУ-аас уг шуудайгаа захиалж, нэг бүрийг нь 594-600 орчим төгрөгөөр тооцон “Таван толгой түлш” ХХК-д нийлүүлдэг байна. Шуудай үйлдвэрлэж чадахгүй, үйлдвэрлэх нэгнээ дэмжиж чадахгүй байгаа бид хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болно гэдэг зүгээр үлгэрийн далай бололтой.
Нийтдээ 10 сая орчим шуудайг Хятадаас худалдаж авч энэ өвлийг барах аж. “Таван толгой түлш” ХХК-иас өнгөрсөн 9 дүгээр сард 6 тэрбум 28 сая төгрөгийн өртөгтэй нээлттэй тендер зарлаж 2 тэрбум 25 сая болон 1 тэрбум 996 сая төгрөгийн үнийн саналууд өгсөн “Өндөрватт” ХХК хоёр тендерт ялалт байгуулжээ. Мөн 1 тэрбум 939 саяын санал ирүүлсэн “Гурван-Уул трейд” ХХК нэг тендерт нь шалгарчээ.
/"Таван толгой түлш" ХХК-иас 6 тэрбум 28 сая төгрөгөөр зарласан БНХАУ-аас түлшний шуудай авах тендер/
Улаан шуудайг нийлүүлэх хоёр ч тендерт шалгарсан “Өндөрватт” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлээ “Машин тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ” үзүүлдэг хэмээн tendergov.mn-д бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар нь Цэндсүрэнгийн Баатархүү ажилладаг. Харин “Гурван-Уул трейд” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус компани нь “Монгол есөн зуун ерэн ес” нэгдэлд харьяалагддаг бөгөөд тус нэгдлийн удирдлагаар Төмөрбаатарын Наранбулаг ажилладаг юм байна.
/Өндөрватт ХХК-ийн "Таван толгой түлш" ХХК-ийн тендерт оролцсон байдал/
/Гурван-Уул ХХК-ийн "Таван толгой түлш" ХХК-ийн тендерт оролцсон байдал
Нээлттэй зарласан тендерт оролцож шалгарсан эдгээр компаниудтай асуудал ярихаас илүүтэй яагаад гурав дахь жилдээ хэрэглэж байгаа шуудайгаа Монголдоо үйлдвэрлэх боломжийг нь бүрдүүлэхгүй байгаа вэ гэдэг л хамгийн чухал юм. “Таван толгой түлш” ХХК-ийнхан “шуудайг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой” газар байдаггүй гэх тайлбарыг байнга өгсөөр ирсэн.
Гэтэл ЖДҮ-ийг дэмжихээр 2018 онд 211 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөг, 2019 онд 456 ААН-д 47 тэрбум төгрөг, 2020 онд 249 төсөлд 22 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ жил цар тахлын үе гээд ЖДҮХС-г улс төрчид төдийлөн “тордоогүй” орхисон. Өөрөөр хэлбэл уут шуудай үйлдвэрлэх ажлыг жижгүүд нь чаддаггүй юм аа гэхэд дунд үйлдвэрүүд нь гүйцэтгэх боломжтой. Цагийн тулгаж хэдэн саяар нь шуудай нэхэх бус хуваарилалт хийх замаар Хятадын эдийн засаг руу цутгаж буй 6 тэрбум төгрөгөө эх орондоо үлдээх хэрэгтэй бус уу. Жил бүр энэ хэмжээний мөнгийг зарлагдлаа. Энэ мөнгө Хятадын зах зээлд “жараахай” ч, манайдаа бол чамлахаар эд биш. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг энэ чиглэлийн хэд хэдэн аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгоод ирэх боломжтой зүйл.
Үүнээс гадна Хятадаас захиалж авч улаан шуудай нь гэр хорооллын гудам бүрийг хогийн цэг болгож, хэдэн арваараа хөглөрч байна. Жилд 1500 орчим тонн хог хаягдлыг улаан шуудайнууд үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулах боломжгүй байдал нь байгаль орчимд тэр хэрээрээ хор хөнөөл учруулж байна. Үүнийг орлох хэмжээний дахин ашиглах боломжтой шуудайны төслийг манай үйлдвэрлэгчид боловсруулаад явж л байсан. Уг нь төр энэ нэн хэрэгцээт зүйлсийг ажиглаж, бодлогоор дэмжиж чадвал жинхэнэ бодит дэмжлэг болох учиртай. “Манайхан мэдэхгүй, чадахгүй” гэх хариултаар бусдын амыг таглаж сууцгаана. Тэгж яривал Монголд шахмал түлш хийчих 25 кг-ын шуудай байтугай хүнд даацын шуудайг үйлдвэрлэдэг компаниуд олон бий шүү. Гэвч ажил хэрэгжүүлж буй дунд шатныханд тийм бодол огт байхгүй бололтой.
/Өндөрватт ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл/
/“Гурван-Уул трейд” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус компани нь “Монгол есөн зуун ерэн ес” нэгдэлд харьяалагддаг/