"Ubn story" булангийн энэ удаагийн ярилцлагын зочноор АШУҮИС-ийн багш, "Ахиллис Монгол" Олон Улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулууныг урьж оролцууллаа.
-Ярилцлагын урилга хүлээж авсанд тань баярлалаа. Юун түрүүнд та манай уншигч нарт өөрийгөө танилцуулна уу?
-Намайг О.Саранчулуун гэдэг. Би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд эрүүл мэндийн нийгмийн ажилтны чиглэлээр хичээл заадаг. Би 13 настайдаа ясны хорт хавдраар нэг хөлөө тайруулсан. Түүнээс хойш олон жил нэг хөлгүй амьдарсан учраас өөртэйгөө адилхан хүмүүст туслах зорилгоор "Ахиллис Монгол" олон улсын байгууллагад ажилладаг. Үүсгэн байгуулсан хүмүүсийнх нь нэг.
Би марафонд дуртай. Нью-Йоркийн марафон, Берлиний марафонд гүйж байсан. Гүйлтийн тусгай хөл өмсөөд марафонд гүйдэг. Хүн ямар нэгэн эд эрхтнээ алдсанаараа тэр хүн сурах, хөгжих, өөрийгөө илэрхийлэх боломжоо алддаггүй. Хүн зүрх сэтгэлээ л алдаагүй бол өөрийн хүсэж байгаа бүх зүйлээ хийж болно гэдгийг өөрийн биеэр үлгэрлэх гэж сүүлийн зургаан жил хичээж явна.
-Ахиллисын шөрмөсний гэмтлийн талаар бага зэрэг мэднэ. "Ахиллис Монгол" ОУ-ын байгууллагын талаар дэлгэрүүлбэл?
-Нью-Йорк хотод Дик Траум гэдэг хүн автомашины ослоор хөлөө алдаад 1974 онд хиймэл хөлтэйгөө марафонд анх оролцсон. Хүмүүс түүнийг хараад марафонд хөлгүй хүмүүс орж болдог гэдэг ойлголтыг авсан гэдэг. Түүнээс хойш Дик Траум Ахиллисын зам нэртэй клуб байгуулан хөлгүй, гаргүй маш олон хүнийг нэгтгэн энэ байгууллагыг анх нээж байсан юм. Одоо бол "Ахиллис Интернэйшнл" нэртэй ОУ-ын спортын, хүмүүнлэгийн байгууллага болсон. Дэлхий даяар 47 оронд салбартай бөгөөд 2015 онд Монгол дахь салбар нь байгуулагдсан.
-АХИЛЛИСЧУУДЫГ ЭРТНИЙ ГРЕКИЙН АХИЛЛИС БААТАРТАЙ ЗҮЙРЛЭДЭГ-
Ахиллисын шөрмөс бол хүний тэнцвэрийг олоход хамгийн чухал үүрэгтэй шөрмөс юм. Тэр шөрмөс нь байхгүй мөртлөө бүтэн марафоны зай болох 42 км-ийн зайд гүйх нь асар гайхалтай үйл явдал учраас энэ нэрийг өгсөн байгаа юм. Ахиллисчууд буюу тухайн клубын гишүүдийг эртний Грекийн Ахиллис баатартай зүйрлэдэг.
Ахиллисчууд нь тэр хол зайд гүйхийн тулд 3-6 сарын хугацаанд бэлтгэл хийдэг. Энэ хугацаандаа өөрөө өөрийгөө дайчлах, шинэ дадал зуршилтай болж, өөртөө юу хэрэгтэй байгаагаа мэддэг болсноороо хөгжлийн бэрхшээлтэйн улмаас нийгмээс тусгаарлагдсан хүмүүс олон нийтэд ил гарч харагддаг. Зөвхөн аль нэг эд эрхтэнгүй байгаагаа даван туулахаас гадна өөрийн доторх айдсаа давж туулж байгаагаа тэмдэглэдэг баяр нь марафоны өдөр тохиодог.
-Монгол Улсад хичнээн ахиллисчууд байдаг вэ?
-Монголд манай клубд бүртгэлтэй 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн бий. Зарим нь тэргэнцэртэй, зарим нь гаргүй бол зарим нэг нь дотор эрхтнээ алдсан хүмүүс байдаг. 42 км-ийн марафонд гүйдэг 40 орчим хүн бий. Эдгээр хүмүүс маань ганцаараа гүйх боломжгүй учраас хажуудаа хөтөчтэй гүйдэг. 60 гаруй хүн хөтчөөр гүйдэг.
-Та 13 настайдаа нэг хөлөө алдсан талаараа дээр дурдсан. Нууц биш бол энэ талаараа ярьж болох уу?
-Багадаа зуны амралтаараа хөдөө байхдаа мориноос унаад хөлөө эвгүй гишгэчихсэн юм. Тухайн үед шагай хавиараа хавдаад эмнэлгийн үйлчилгээ авалгүй давстай хар цайгаар шавшаад өнгөрсөн юм. Гэсэн ч эдгэхгүй байсаар Улаанбаатар хотод ирээд эмнэлэгт үзүүлтэл онош нь тодорхойгүй байсаар бараг нэг жил болсон. Эцэст нь ХСҮТ-өөс ясны хорт хавдар гэх онош сонссон. Тиймээс хөлөө тайруулсан юм.
Ясны хорт хавдар хожуу үедээ оношлогдсон учраас дөрвөн жилийн турш химийн тариа хийлгэсэн. Өсөлт нь зогсоогүй хүүхдийн эд, эрхтнийг тайрахаар ургадаг юм билээ. Тиймээс тайруулснаасаа хойш гурван жилийн дараа анхны хиймэл хөлөө хийлгэж байсан.
-ХООСОН ЗАЙ-
-Тухайн үед өсвөр насны хүүхэд байжээ. Нийгмийн хандлага ямар байсан бэ?
-Өөрийгөө толинд хараад биеийнхээ дутуу хэсгийг нөхчих л юм бол бүх зүйл болно гэсэн ойлголттой байсан юм. Тиймээс хурдхан л хиймэл хөлтэй болоод гадуур нь өмд өмсөөд явахаар бусадтай адилхан харагдвал бүх зүйл зүгээр гэж бодож байсан.
Яг үнэндээ хиймэл хөл хийлгээд хичээлдээ яваад эхэлсэн ч миний бодож байсан хоосон зай дүүрээгүй. Хүнийг насан туршид нь дагадаг зүрх сэтгэлд нь байдаг хоосон зай сэтгэл дотор үлдчихдэг юм билээ.
Өсвөр насандаа би олон жил химийн тариа хийлгэсэн учраас халзан толгойтой, хуучны шир төмрөөр хийсэн хиймэл хөлтэй учраас бусад охид шиг хүссэн гутал, даашинзаа өмсөж чаддаггүй байсан.
-Тэр хоосон зай одоо ч дүүрээгүй хэвээр үү?
-Дүүрэхгүй юм билээ. Жишээ нь, багадаа ээж, аавгүй өссөн хүн өсөж том болоод ямар ч сэтгэл зүйчтэй уулзаад, ямар ч эрдмийн зэрэг хамгаалаад, хичнээн саятан болсон ч хүүхэд насаа эргээд олж авч чадахгүй. Түүнтэй адил хүүхэд насандаа алдсан зүйл алдсанаараа л өнгөрдөг юм байна лээ.
Харин тэр хоосон зайгаа бодоод зовохын оронд тэр мэдрэмжээ хэрхэн дарах тухай бодох хэрэгтэй. Би энэ мэдрэмжийнхээ учрыг хэрхэн олсон бэ гэхээр өөртэйгөө адил төстэй бусад хүмүүст тусалснаар тэр хүмүүст тодорхой хэмжээний өөрчлөлт гардаг. Түүнийг харснаар тэрхүү хоосон зай бүрэн нөхөгдөхгүй ч дундарч байгаа нь мэдрэгддэг. Хүн ганцаараа биш гэдгээ ойлгох хэрэгтэй.
-Нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгосон нь таны дөнгөж сая ярьсан зүйлтэй холбогдож байх шиг байна?
-Би багадаа эмнэлгээр их явдаг байсан учраас өвдөж байгаа хүн давхар сэтгэл зүйгээрээ хохирдгийг сайн мэднэ. Намайг ХСҮТ-д эмчлүүлж байхад эмч, сувилагч нар надтай маш их ярилцаж, хурцалдаг байсан. Уйлж, унжих үед минь ч тэвчээртэй сонсдог байсан. Тэр хүмүүс бол өнөөдөр эмнэлэг бүрт байдаг эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд юм. Би өөрөө хүнд өвчнийг даван туулсан учраас бусдад тусладаг мэргэжил хайсаар энэ мэргэжлийг сонгосон.
-АШУҮИС-д хэдэн жил ажиллаж байна вэ?
-2005 оноос АШУҮИС-д цагийн багшаар ажиллаж байгаад 2007 оноос жинхэнэ ажилтан болсон. Их сургуулиа төгсөөд анх АШУҮИС-д орсон, одоог хүртэл ажиллаж байна.
-БАГШ БАЙХЫН ХАМГИЙН САЙХАН НЬ ОЮУТНУУДЫНХАА ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАРАХ-
-Оюутан залуустай ажиллахын онцлог нь юу вэ?
-Оюутнуудтай ажиллахад энерги, эрч хүч нь надад их нөлөөлдөг. Залуу хүүхдүүд миний харж байгаа өнцгөөс арай өөр өнцгөөр харж чаддаг. Тиймдээ ч оюутнуудаасаа их суралцдаг. Багш байхын хамгийн сайхан нь оюутан ямар ч хүн байж болно. Тэр хүүхэд анх тодорхой түвшний хүмүүжил, мэдлэгтэй байсан бол семистрийн төгсгөлд өөрчлөгдсөн байхыг нь харахад сайхан байдаг. Багш нар оюутнууддаа заах бус, аливааг сурах арга барилд нь чиглүүлдэг хүмүүс.
-Та өөрийн ойрын зорилгоосоо хуваалцана уу?
-"Ахиллис Монгол" байгууллагад хэрэгжүүлдэг гол дөрвөн төсөл байдаг. Тусгай сургуулийн хүүхдүүдийг гүйлтэд дурлуулах замаар тэднийг өөртөө итгэлтэй болоход нь тусалдаг хөтөлбөр байдаг. Энэ жил Канадын сангийн дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагаагаа явуулах гэж байна. Мөн цар тахлын нөхцөл байдал гайгүй болвол итгэл-найдвар-боломж марафоноо зохион байгуулна. Энэ марафоныг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг. 2000-3000 хүн марафонд оролцдог. Клубын үйл ажиллагаа байнга хэвийн үргэлжилж байгаа. Мөн олон улсын марафонд манай клубын гишүүд оролцдог. Энэхүү дөрвөн гол хөтөлбөрөө үргэлжлүүлэн явуулна.
Сүүлийн үед миний анхаарч байгаа нэг зүйл бол орлогын тэгш бус байдлаас болоод их дээд сургуульд сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд дөрвөн жилийн тэтгэлэг олгодог АНУ-д амьдардаг Ажаа гэгээнтэний санаачилсан "Зөв тэтгэлэг" сангийн Монгол дахь зохицуулагчаар ажиллаж байна. Энэ ажилдаа ихээхэн анхаарч байна. Энэ сан нь жил бүр 10-15 хүүхдэд дөрвөн жилийн сургалтын төлбөрийн 20 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олгодог.
-Хөгжлийн бэршээлтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь өнөөгийн нөхцөл байдалд ямар түвшинд байгаа гэж хардаг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн л хэлдэг, судалдаг тал ажиглагддаг. Манай улсад улсаас халамж авдаг группын мөнгө авдаг 100 мянга гаруй хүн байдаг. Түүнийг авдаггүй, тэр тоонд ороогүй, өөрийгөө нийгмээс тусгаарласан хүн маш олон бий. Тэр хүмүүст хандаж хэлэхэд амьдралын зорилго гэдэг зөвхөн эд эрхтэн бүтэн харагдаад болдог зүйл биш юм. Хүн өөрийнхөө мэдлэг, ур чадвар, эзэмшсэн мэргэжил, авъяас зэрэг тэр бүхнээ ил гарган нийгэмд өөрийгөө илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй гэж уриалмаар байна.
-Ярилцлагаа энд хүрээд өндөрлөе. Урилга хүлээж аван ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.